ФРАНКФУРТ. /Reuters/. Amazon” компанийн Герман дахь зургаан салбарын ажилтнууд даваа гарагт ажил хаяна гэж тус улсын Verdi” үйлдвэрчний эвлэл мэдээлжээ.
Аюулгүй, эрүүл ажлын байрыг шаардсан ажил хаялт наад зах нь 48 цаг үргэлжлэх бөгөөд ажилтнуудаас халдвар илэрсэнтэй холбогдуулан мэдээллийг ил тод байлгахыг компаниас шаардах ажээ.
Бидэнд 30-40 ажилтан халдвар авсан гэх мэдээлэл ирсэн” гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөг Орхан Акман мэдээлжээ. Amazon”, Германы ажилтнуудын хооронд цалин, ажлын байрны нөхцөлтэй холбоотой маргаан урт хугацааны турш өрнөж байгаа бөгөөд ажилтнууд 2013 оноос хойш тогтмол ажил хаялт зарлаж байгаа юм.
Verdi” үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр, даваа гарагт Лейпциг, Бад Херсфельд, Райнберг, Верне, Кобленц дэх ажилтнууд ажил хаяна. Тэд Amazon”-ыг ажилтнуудын аюулгүй байдлыг бус ашгаа нэн тэргүүнд тавьж байгаа хэмээн үзэж байгаа ажээ.
Amazon” компанийн зүгээс уг мэдээллийг зургадугаар сард няцааж, дэлхий даяарх ажиллах хүчнийхээ аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчдээ халдвар авахаас сэргийлэхийн тулд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдэгджээ.
Манай компанийн хувьд Герман нь АНУ-ын араас хоёрдугаарт бичигддэг том зах зээл бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 470 сая гар ариутгагч, 21 сая бээлий, 19 сая амны хаалт, 39 сая хайрцаг халдваргүйжүүлэгч салфетик болон бусад хэрэгслийг захиалсан” гэж Amazon” компанийн Герман дахь хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.