МОСКВА./TASS/. Манай гаргийн оршин суугчдын 50 орчим хувь нь тоосонцор, аэрозолийн хэт өндөр агууламжтай агаараар амьсгалж байгааг Дэлхийн агаар мандлын бохирдлын шинэчлэгдсэн газрын зурагт хийсэн дүн шинжилгээ харуулжээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Африк, Өмнөд Азид амьдардаг байна. Холбогдох судалгааны тухай өгүүллийг Climate and Atmospheric Science” хэмээх шинжлэх ухааны сэтгүүл нийтэлжээ.
Нэг талаар агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны арга хэмжээ нь дэлхийн олон бүс нутагт, ялангуяа Европ, АНУ-д үнэхээр цэвэрхэн болгосон. Нөгөөтэйгүүр, агаарын бохирдол үргэлжлэн нэмэгдэж байгаа эсвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тогтоосон хэмжээнээс тав дахин давсан өндөр үзүүлэлттэй олон өнцөг булан ч байсаар байна” гэж Их Британийн Эксетерийн их сургуулийн профессор Гэвин Шэддик ярьсан байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая орчим хүн нас бардаг. Нас барсан хүмүүсийн бодит тоо үүнээс илүү олон байж магадгүй гэж олон судлаачид үзэж байна. Эрдэмтэд агаар бохирдуулагчийн ямар төрлүүд хүмүүс, гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг талаар нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байгаа юм. Тэдгээрийн тоонд молекулууд нь хүчилтөрөгчийн гурван атомаас тогтдог хий болох озон, мөн байгалийн болон хиймэл гаралтай тоосонцрууд ордог байна. ДЭМБ-ээс тогтоосон стандартын дагуу агаар дахь тэдгээрийн агууламж нэг шоо метрт 10 мкг-аас хэтрэх ёсгүй. Гэсэн хэдий ч дэлхийн олон том хотод, ялангуяа Азийн орнуудад бохирдол энэ хэм хэмжээнээс давсан хэвээр байгаа юм.
Шэддик болон түүний хамтран зүтгэгчид НҮБ-ын тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд олон оронд зохих стандартыг баталж, тоосонцор, хорт бодистой тэмцэх үндэсний хэмжээний олон арга хэмжээ авсны дараа сүүлийн 10 жилийн хугацаанд энэ байдал хэр зэрэг өөрчлөгдсөнийг дүгнэхийг оролджээ. Үүний тулд эрдэмтэд НҮБ-ын мэргэжилтнүүдийн боловсруулсан тоосонцор, аэрозолийн тархалтын загвар болон дэлхийн янз бүрийн өнцөг булан дахь тэдгээрийн агууламжийн талаарх сүүлийн дөрвөн жилийн мэдээллийг ашигласан байна.
Судалгаагаар одоо дэлхийн оршин суугчдын тал хувь нь тоосонцор, аэрозолийн агууламж нь ДЭМБ-ын стандартаас хамаагүй өндөр агаараар амьсгалж байгаа нь тогтоогджээ. Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт дэлхийн бүс нутгуудын 55 орчим хувьд нь буураагүй, эсрэгээрээ өссөн байна. Агаарын бохирдлын улмаас Хойд Африкийн орнууд, Африк, Энэтхэг, Бангладеш, мөн БНХАУ болон Дундад Азийн орнууд хамгийн их хохирол амсжээ.
Үүний зэрэгцээ, Европын орнууд, АНУ, Мексик, Канад, түүнчлэн ОХУ, Бразил, Австрали болон Африкийн өмнөд хэсэгт оршдог зарим оронд сүүлийн жилүүдэд байдал нэлээд сайжирсан байна. Ерөнхийдөө дэлхийн хэмжээнд аэрозоль болон тоосонцруудын агууламж өөрчлөгдөөгүй. Эрдэмтэд үүнийг хөгжиж буй орнуудад төвлөрөл огцом нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.