ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ТОКИО. /NHK/. Коронавирусний цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг долоо хоногийн өмнө цуцалсан Японы нийслэл Токио хотод шинэ халдварын тоо огцом нэмэгдсэн байна.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Токио хотод 30 гаруй шинэ тохиолдол илэрчээ. Үүнээс 19 өдрийн өмнө буюу гуравдугаар сарын 14-нд халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдэж байв.
Үүний зэрэгцээ Японы баруун өмнөд хэсэгт орших Катикюшү хот халдварын голомт болсон хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн өдрийн байдлаар тус хотод 16 шинэ тохиолдол илэрчээ. Сүүлийн 10 хоногт Катикюшүд 113 хүн коронавирусээр халдварласан байна. Тус хотод халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд хувийн сахилга батыг сахиж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ уриалсан юм. Халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа боловч Японы Засгийн газар Катикюшү хот оршдог Фукуока мужид одоогоор онцгой байдал тогтоох хангалттай үндэслэл байхгүй байна гэж мэдэгджээ
Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд коронавирусээр халдварласан нийт хүний тоо "Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг оруулаад 17600 давж, 911 хүн нас барсан бол 15 мянга орчим хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 116 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Японд коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан орон даяар зарласан онцгой байдлыг өнгөрсөн долоо хоногт цуцалсан юм. Үүний зэрэгцээ коронавирусний халдварын хоёр дахь давлагаа дэгдэж болзошгүйг тус улсын эрх баригчид хүлээн зөвшөөрч, халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай бүхий л зүйлийг хийхийг иргэддээ уриалсаар байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг