Исламын улс зэвсэгт бүлэглэл Иракийн нутаг дэвсгэрт шинээр зохион байгуулагдаж, дахин сэргэж эхэлснийг Курдын болон Өрнөдийн тагнуулын албаныхан баталжээ.
“Тэд сайн зэвсэгтэй, сайн тактиктай, илүү их мөнгөтэй болсон. Тэд автомашин, буу зэвсэг, хоол хүнс, тоног төхөөрөмж авах санхүүгийн чадавхтай байна. Технологийн хувьд ч илүү. Тэднийг одоо устгахад улам хэцүү болоод байна. Аль Кайдагийн сайжруулсан хувилбар гэхэд болох юм” гэх тэрээр BBC сувагт ярьжээ.
Сүүлийн 12 сарын хугацаанд Исламын улс бүлэглэлийн гишүүд Иракийн хойд хэсэгт Курдистаны уулархаг нутагт бүгж, шинээр зохион байгуулагдаж эхэлсэн байна. “Тэдний идэвхжиж байгааг бид харж байна. Магадгүй шинээр зохион байгуулагдах үе шат нь дууссан байх” гэж Талабани тайлбарлажээ.
Исламын улс бүлэглэл анх гарч ирэхдээ газар нутгаа тэлэх бодлого барьж байсан бол шинэ бүлэглэл нь Иракийн Хамрин уулсын дунд бүгж, нууц үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэж тэр дүгнэж байна.
Хамрин нь маш олон агуй, хонгил бүхий томоохон нуруу юм. Одоо Иракийн нийслэл Багдадад засгийн газрын эсрэг иргэдийн бослого тэмцэл өрнөж буй нь Исламын улс бүлэглэлд сайхан боломж олгож байгаа гэнэ. Энэ боломжийг ашиглан тэд Иракийн шашны цөөнх болох Суннит муслимуудыг өөртөө татах бодлого явуулж байна. “Иракт улс төр тогтворгүй байх тусам Исламын улсад таатай орчин болж байна” гэж Талабани ярьжээ.
Үүнээс гадна террористууд Иракийн төв засгийн газар болон Курдын автономит засаг захиргааны зөрчлийг боломж болгон ашиглаж байгаа гэнэ. Иракийн Курдууд 2017 онд тусгаар тогтнох бүх нийтийн санал хураалт зохион байгуулсныхаа дараа Багдадын эрх баригчидтай хөндий хүйтэн харилцаатай болсон.
Одоо Курдын зэвсэгт бүлэглэл болон Иракийн армийн мэдлийн газар нутгийн завсарт хэнд ч харьяалагдахгүй өргөн уудам орон зай үүсээд байгаа юм.
Энэ хоосон газар нутгийг сүүлийн үед Исламын улсын дайчид хянах болжээ. Курдын тагнуулын албаны тооцоолсноор Ирак дахь Исламын улс бүлэглэлийн дайчдын тоо 4,000-5,000 хавьцаа байгаа ба мөн ийм тооны дэмжигчид, мэдээлэгчдийн сүлжээ үүсгээд байгаа гэнэ. Иракт үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын зэвсэгт хүчний командлагч, бригадын генерал Уилльям Сили террористууд дахин сэргэхээр бэлдэж байгааг хүлээн зөвшөөрсөн ч энэ удаа Ирак болон Курдын зэвсэгт хүчин илүү туршлагажсан тул тэдний тэлэлтийг хязгаарлах чадалтай гэж ярьжээ. 2014 онд Исламын улс бүлэглэл анх гарч ирэхдээ Иракийн газар нутгийн гуравны нэгийг бараг эсэргүүцэлгүй эзлэн авсан. Харин одоо Ирак болон Курдын арми маш сайн бэлтгэгдсэн тул тэдний довтолгоог няцаах чадвартай гэж генерал Сили тайлбарласан байна.
“Исламын улсын дайчид уулын агуй, цөлөрхөг газарт олон хэсэг болон бүгж байгаа. Ийм орчинд хэн ч удаан амьдарч тэсэхгүй. Тэд бас нэгдэж, том бүтцэд шилжиж чадахгүй. Сүүлийн зургаан сарын хугацаанд би тэдний дээд тал нь 15 хүнтэй бүлэгтэй л таарч байлаа” гэж генерал ярьсан байна.
Р.Төмөр
Эх сурвалж: BBC