Италийн цэрэгжүүлсэн цагдаагийн хүч өчигдөр Ндрагента мафийн 300 гаруй гишүүнийг баривчлах томоохон ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ. Энэ нь тус улсын түүхэнд мафийн эсрэг явуулсан хоёрт орох томоохон ажиллагаа юм байна. Ажиллагаа Калабриа мужийн Вибо Валентиа хотод голчлон явагдаж, 2,500 орчим цагдаа оролцсон байна. Баривчлагдсан этгээдүүд нь сүрдүүлэг, аллага, мөнгө угаах хэрэгт сэжиглэгдэж байжээ.
2016 онд эхэлсэн мөрдлөгийн дүнд явуулсан баривчлах ажиллагаанд Италийн Ломбарди, Сицили, Венеци, Тускани, Кампаниа зэрэг 11 муж хамрагдсанаас гадна Герман, Швейцар, Болгар улсуудад сэжигтнүүдийг баривчилсан байна. Тэдгээр сэжигтнүүдийн дотор Силвио Берлусконигийн Форза Италиа намын гишүүн асан, улс төрч Жианкарло Питтелли байжээ. Түүнээс гадна орон нутгийн засаг захиргаанд ажиллаж байсан хүмүүс, хотын дарга асан, цагдаагийн офицер зэрэг хүмүүсийг баривчилсан байна.
Ажиллагааг удирдсан прокурор Никола Граттери Би Катанзарогийн ерөнхий прокурор болсон цагаасаа хойш энэ хэрэг дээр ажилласан. Энэ бол Палермогийн мафийг шүүснээс хойш Италид болсон хамгийн том мафийн эсрэг ажиллагаа боллоо” гэж хэвлэлд ярьжээ. 1986-1992 онд Сицилийн Палермод төвтэй мафийн эсрэг томоохон баривчлах ажиллагаа явуулж байсныг тэр энд дурдсан байна.
Тухайн үед прокурорууд мафийн 475 гишүүнийг яллаж, шүүх ажиллагаанд нь зориулан тусгай бункер бэлдэж байсан гэдэг. Италийн парламент дахь мафитай тэмцэх хорооны дарга Никола Морра Өнөөдөр төр засаг бүрэн фронтоор гэмт хэрэгтнүүдийн эсрэг довтлох хүч чадалтай гэдгээ дахин харууллаа. Өнөөдрөөс эхлэн Калабриад амьсгалахад илүү амар байх болно. Энэ бол эрх чөлөө амтагдсан агаар юм. Өнөөдөр хуульт ёсны хувьд сайхан өдөр болж байна” гэж мэдэгджээ.
Р.Төмөр
Эх сурвалж: The Guardian