Өнгөрсөн баасан гарагт Зимбабве улсын парламентын хуралдааны үеэр тус улсын дэд Ерөнхийлөгч Константино Чивенга сөрөг хүчний тэргүүн Нельсон Чамизад хандан бухимдлаа илэрхийлэхдээ Монгол Улсыг жишээ болгон дурджээ.
Тус улсын сөрөг хүчин болох Ардчилсан намынхан эрх баригчдын авлига, албан тушаалын гэмт хэрэг, дарангуйллын тогтолцоо, хууль шүүхийн байгууллагын хайхрамжгүй ажиллагааг эсэргүүцэн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, парламентыг тарахыг шаардаж буй юм.
Тэгвэл Константино Чивенга сөрөг хүчинд хандаж хэлэхдээ “Эсэргүүцэл, бойкот хийх замаар ард түмний олонхын саналыг авч, хууль тогтоох эрхээ авсан хууль ёсны Засгийн газрыг огцруулж чадна гэх буруу бодолтой хүмүүс байна.
Би тэдэнд тэдний үйлдэл санаснаар нь болж, амжилтад хүрэхгүй гэдгийг сануулмаар байна. Энэ бол та нарын хууль ёсны Засгийн газрыг хүссэнээрээ огцруулж, дур зоргоороо хүчирхийлэл үйлдэж болдог Монгол Улс биш. Ийм зүйл Зимбабвед тохиолдохгүй” гэжээ.
Г.Тэмүүлэн
Эх сурвалж: Өнөөдөр сонин