АНУ-ын эрх баригчид Оросын хакерын талаар мэдээлэл өгсөн хүнд таван сая долларын шан амлажээ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

АНУ-ын эрх баригчид ОХУ-ын “Evil Corp” цахим гэмт хэргийн бүлэглэлийн тэргүүн Максим Яакубецын талаар мэдээлэл олж өгсөн хүнд таван сая ам.долларын шан амлажээ. 

Тэрээр өдгөө 32 настай, Украин гаралтай нэгэн бөгөөд “AQUA” гэх нэрээр хакерын үйл ажиллагаа явуулдаг. Түүнтэй хамт тус бүлэглэлд хамаарах 17 гишүүнийг олон улсад эрэн сурвалжилж байна.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны зүгээс “Evil Corp” бүлэглэл нь дэлхий дахинд цахим халдлага хийх замаар компаниудад ойролцоогоор 100 сая ам.долларын хохирол учруулсан гэж мэдээлсэн юм. Үүний 70 сая ам.доллар орчим нь зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрээс алдагдсан хөрөнгө аж. Энэ талаар АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Брайн Бенцковски “Максим Яакубец бол жинхэнэ утгаараа XXI зууны гэмт хэрэгтэн юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны зүгээс түүнийг дэлхийн хамгийн онц ноцтой цахим гэмт хэрэгтэн гэж тодорхойлсон. Тиймээс түүнийг баривчлах нь бидний эцсийн зорилго” гэжээ.

“Evil Corp” бүлэглэл нь “Malicious” төрлийн “Dridex” гэх асар хор хөнөөлтэй, үр дүнтэй ажилладаг алдартай вирусийг бүтээж 2011 оноос эхлэн цахим халдлага үйлдэж эхэлсэн юм. Тэд АНУ, Их Британи, Канад, Франц, Итали, АНЭУ тэргүүтэй барууны орнуудын банкнууд болон бизнесүүдийг өөрсдийн байгаар сонгон авч, шаардлагатай мэдээллийг цуглуулсныхаа дараа хуурамч гүйлгээ хийн тухайн компанийн дансан дахь хөрөнгийг өөрсдөдөө шилжүүлэн авч криптовалют болгосноор замхруулдаг аж. Холбооны мөрдөх товчоо Максим Яакубецыг ОХУ-ын тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг гэж үздэг. Түүнийг АНУ-ын Сангийн яамны нууц материалуудыг хакердах замаар хулгайлж Москвагийн талд шилжүүлэн өгсөн гэх хэрэгт буруутгаад буй. Учир нь нууц туршуулын олж авсан мэдээллээр өнгөрсөн онд Максим Яакубец нь Оросын тагнуулын албаны нууц материалуудтай харьцах эрх бүхий нэвтрэх эрхтэй байсан аж.

Харин энэ талаар Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний албаны тэргүүн Линн Оуэнс “Максим Яакубец болон Evil Copr бүлэглэл нь манай улсын цахим аюулгүй байдалд хамгийн ихээр хохирол учруулж буй этгээдэд тооцогдоно. Тиймээс тэднийг хамгийн дээд төвшний гэмт хэрэгтнүүдэд тооцож, эрэн сурвалжилж байна” гэсэн юм. Тус улсын тагнуулын байгууллага Максим Яакубец болон түүнтэй мэдээлэл хуваалцах төвшинд ойрхон ажилладаг хэд хэдэн хүнийг нухацтай судалж байсан бөгөөд туршуулын мэдээллийн дагуу пүрэв гаригт найман этгээдийг саатуулан, баривчилсан байна. Мөн тэдний зүгээс Максим Яакубецыг олон нийтийн газар таних шинж тэмдгүүдийг тодорхойлохдоо “Тэрээр тансаг зэрэглэлийн, спорт автомашины хорхойтон бөгөөд өөрийн “Lamborghini” автомашины улсын дугаар дээрээ Оросоор “хулгайч” гэж бичсэн байдаг. Одоогоор ихэвчлэн Москва хотод амьдарч, хэд хэдэн байр, кафе хэсэж цахим халдлага хийдэг” гэсэн юм.

/

Гэсэн ч мэргэжилтнүүд Максим Яакубец саатуулж чадсан ч үндэслэлтэй нотлох баримт гаргаж ирэн хуулийн хариуцлага хүлээлгэх бараг боломжгүй гэж байгаа аж. Учир нь энэ төрлийн мэргэшсэн хакерууд өөрийн хийсэн үйлдэл бүрээ ул мөргүй цэвэрлэсэн байдаг бөгөөд маш цэвэрхэн ажилладаг байна.

О.Мөнхбат 

Эх сурвалж: Reuters  

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх