Европ, Хойд Амеркийн 29 улсаас бүрдэх улс төр, цэргийн холбоо болох Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 3-4 өдрүүдэд Английн нийслэл Лондон хотод болж байна. Энэ удаагийн уулзалтаар төрийн тэргүүн нар НАТО-ын ирээдүй болон барууны орнуудын цэрэг армийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцэх юм. Мөн тус байгууллагын 70 жилийн ой энэ онд тохиож буй. Төрийн тэргүүн нар мягмар гаригийн орой Английн хатан хаан II Элизабеттай хамт оройн зоог барина.
Гэвч олон улсын нэр хүнд бүхий судлаач, ажиглагчдын зүгээс энэхүү байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааны цар хүрээ жил ирэх тусам буурч, цаашид ирээдүй нь тодорхойгүй болж эхэлж байгаа талаар дурдах болсон.
НАТО нь Дэлхийн II дайны дараа буюу 1949 онд АНУ болон Европын гол хүчирхэг гүрнүүд ЗХУ-ын эсрэг цэргийн хамгаалалтын хэрэгсэл болон байгуулагдсан түүхтэй. Ингээд 1991 онд ЗХУ нуран унасны дараа НАТО ОХУ-тай 30 гаруй жил найрсаг харилцаатай байсаар ирсэн ч 2014 онд Украин Крымийн асуудлаас болж ахин хурцадмал байдал үүссэн юм.
Харин 2019 онд байдал огт өөр болоод буй. Үндсэндээ НАТО өөрлөгдөж буй ертөнцөд дасан зохицохдоо удаан болоод байгаа бөгөөд Лондонд хуран цугласан удирдагч нар ч үүнийг сайн мэдэж байгаа. Үүнд БНХАУ-ын эдийн засгийн тэлэлт, геополитик, цэрэг армийн бодлого болон тэдний Номхон далайд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа ихээхэн нөлөөлж буй. Өөрөөр хэлбэл зөвхөн ЗХУ-аас хамгаалах зорилгоор байгуулагдсан эвсэл өнөөдөр ОХУ, БНХАУ, Энэтхэг, Иран зэрэг дэлхийн хүчний тэмцвэрт томоохон өөрчлөлт авчирч буй их гүрнүүдийн эсрэг бодлого тодорхойлоход бэрхшээлтэй болсоор аажимдаа тэдний өсөлтөөс улбаалан чадамжгүй болж ирж байгаа талаар судлаачид онцолдог.
Үүний дээр НАТО-ын гишүүн орнуудын үл ойлголцол, тэр дундаа сүүлийн жилүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй тусдаа бодлого зэрэг нь тус байгууллагын үйл ажиллагааг тогтворгүй болгож байгаа чухал хүчин зүйлс болж байна. Тухайлбал, өнгөрөгч аравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-ын холбоотнуудтайгаа зөвшилцөлгүйгээр Сирийн нутаг дэвсгэрээс цэргээ татсан явдал нь тус бүс нутагт шинэ хурцадмал байдлыг авчирсан юм. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон түүний энэхүү үйлдэлд шүүмжлэлтэй хандаж “НАТО дотооддоо стратеги болон улс төрийн хувьд асуудалтай гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн удаатай. Мөн тэд НАТО-ын цэргийн үйл ажиллагааны зардал, гишүүн орнуудын татаас зэрэг асуудал дээр үл ойлголцсоор байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь “Хэрэв бусад гишүүн орнууд ДНБ-ийхээ хоёроос доошгүй хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулж эхэлхгүй бол НАТО-оос гарна” гэж мэдэгдэж байв.
Тиймээс энэ удаагийн уулзалтаар төрийн тэргүүн нар НАТО-ын үйл ажиллагааг хэрхэн дараагийн үед тогтвортой хадгалах, гишүүн орнуудын асуудалд хандах байр суурь зэргийг чухалчлан авч үзэх нь гарцгүй юм.
Женс Столенберг
Тэгвэл НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столенберг энэ удаагийн хурлыг нээж үг хэлэх үеэрээ “НАТО улам бүр хүчирхэгжин буй БНХАУ-ын зүгээс тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй болоод байна. Гэвч 29 гишүүн орон дундаас нэг нь ч Бээжинтэй дайсагнахыг хүсэхгүй байна. Хятадын эдийн засаг, цэрэг армийн тэлэлт, хөгжил нь дэлхийн хүчний тэнцвэрт том өөрчлөлтийг авчрах боллоо. Хэдий тэдний энэхүү өсөлт зөвхөн НАТО-ын гишүүн орнууд төдийгүй дэлхий дахинд шинэ боломжуудыг нээж өгч буй ч үүнийхээ хэрээр зарим нэг ноцтой асуудлуудыг бий болгон, араасаа сорилт дагуулсаар байна. Тухайлбал, НАТО Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд оролцдоггүй. Гэтэл Хятад Европ руу улам бүр ойртох эдийн засаг, цэргийн төслүүдэд оролцсоор байна. Үнэндээ НАТО үйл ажиллагаагаа Өмнөд Хятадын тэнгис рүү чиглүүлэх ямар ч боломж байхгүй ч тус бүс нутгийн тусгаар тогтносон арлын улсуудын эрх ашгийг хангах, хүчний тэнцвэрийн харьцааг хангах үүднээс дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Үндсэндээ тэд хаа сайгүй байна. БНХАУ Африк тивд нэгэнтээ ноёрхлоо тогтоосон. Одоо Арктик, дэлхийн агаар мандал, цахим орчинд нөлөөлөө асар эрчимтэй өргөжүүлж байна. Тус улс хэдхэн жилийн дотор батлан хамгаалахын зардлаараа дэлхийд хоёрт бичигдэж эхэллээ. Тиймээс бид Хятадын энэхүү тэлэлтийг хязгаарлах бодлого баримтлах нь цаашид НАТО удаан хугацаанд оршин тогтнох үндэс болно гэж би хувьдаа харж байна” гэсэн нь ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татсан юм.
Олон улсын улс төрийн судлаачид Бээжин, Вашингтоны хооронд өрнөж буй худалдааны дайн, Хятад болон барууны ертөнцийн дунд үүсээд байгаа “5G” технологитай холбоотой мэдээллийн аюулгүй байдлын асуудал зэрэг нь цаашид НАТО-ын хүрээнд илүү хурцадмал байдлыг үүсгэж болзошгүй гэх байр суурийг илэрхийлжээ. Харин Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн, геополитик, стратегийн ахлах зөвлөх Сара Рейне энэ талаар “НАТО Бээжингийн өсөлтийн талаар хэлэлцэх нь зүйн хэрэг. Гэвч нэгэнт дэлхийд тодорхой том байр суурьтай болсон тус улсын асуудлыг илүү өндөр төвшинд авч үзэх нь НАТО-ын гишүүн орнуудын дунд үүсээд буй хуваагдлыг улам даамжруулах болно. Учир нь НАТО-ын гишүүн 29 орны нэлээдгүй хувь нь Хятадын эдийн засгаас шууд гэж хэлж болохуйц хамааралтай болоод байна. Тэдний зарим нь Хятадын геополитикийн тэргүүлэх бодлого болох “бүс ба зам санаачилга”-д нэгдэн орж, ашиг тусыг нь хүртэж эхлээд зогсохгүй бусад улсуудад ч үүнийг уриалах мессеж хүргүүлсэн. Харин одоо НАТО-ын төвшинд үүнийхээ эсрэг ярих нь тэдгээр орнуудын олон улс дахь нэр хүнд болон хамгийн том хөрөнгө оруулагчийнхаа итгэлийг алдах аюултай. Тиймээс НАТО Хятадын эсрэг хүчээ нэгтэхийг уриалж байгаа нь өөрсдөд нь халгаатай” гэжээ.
О.Мөнхбат
Эх сурвалж: TIME, CNBC