11-р сарын 15 бол Монголын нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын төрсөн өдөр. Түүний төрсөн нутаг Дорноговь аймагт энэ өдөр цомгийнх нь нээлт болж, найз нөхөд нь Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос Сайншандад цугларлаа. Өвөл намрын зааг ийм нэг хуйсгануур өдөр А.Эрдэнэ-Очир найрагчийн багын найз яруу найрагч Шатарын Энхбаяр ийм нэгэн зураг бидэнд илгээжээ.
Байхгүй мөртлөө байгаа юм шиг хүн байх, байгаа атлаа байхгүй юм шиг хүн байх. Зурган дээрээс дүрлийтэл ширтэх энэ хүн өдгөө ч бидний дэргэд алхаж яваа юм шиг санагдана. Яруу найрагч Б.Ганчимэгийн А.Эрдэнэ-Очир найрагчийн тухай бичсэн үгс эрхэм хүмүүний тухай дурсах бүрд сэтгэлд харвадаг юм.
"...Манай Эрдэнэ-Очир бол сэтгэлийн дулаан тойргоос гардаггүй, өмөг түшиг ханхлуулсан өвөрмөц хүн байлаа. Гунигтай, тэгсэн атлаа хачин гэрэлтэй...”
Манай тэр, манай энэ гэж хэн хүнд дуудагдаж явах тавилан хэн хүнд заяахгүй ээ. Үйлийн үр ч байдаг биз, үйлдэл нь ч хүнийг тодорхойлдог биз. Энэ зурган дээрх гурван залуу өөр өөрийнхөөрөө л амьдралыг туулж яваа. Гэхдээ тэдний замыг нэг л зүйл насан туршид нь нэгтгэжээ. Тэр нь уран зохиол. Баруун гар талаас эхнийх нь яруу найрагч Шатарын Энхбаяр, хоёр дахь нь Арлааны Эрдэнэ-Очир, голд суугаа Гомпилдоогийн Мөнхцэцэг. 1990 онд хамтарч "Бэхэн цэнхэр өдрүүд” хэмээх яруу найргийн ном гарган, од болсон гурав маадгар гэгч нь зогсож байна. Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир "Ардын эрх” сонины сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж, Дорноговь аймгийн "Саран хөхөө” театрын дарга, орон нутгийн сэтгүүлч, "Утга зохиол, урлаг” сонины редактор, "Цог” сэтгүүлийн эрхлэгч, МҮОНР-ийн редактороор ажиллаж байгаад, Монголын Зохиолчдын эвлэлийн 16-р Их хурлаар зохиолчдын төв байгууллагынхаа Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байв. Зохиолчдын хурлын төлөөлөгчид
Яруу найрагч Ш.Энхбаяр багын нөхрийнхөө тухай дурсамж бичсэнээс энэ зургийг татуулж явсан он жилүүд нь тодорно.
"...манай ангийн А.Эрдэнэ-Очир шүлэг бичдэг гэдгийг нь мэдэх болсоор нэг хоёр жил болоод байв. Арай сүүлээр Г.Мөнхцэцэг маань ч бас бичээд эхэлсэн. Тэгж байтал зургадугаар анги хавьцаа болов уу, би бас дуурайгаад ч гэх юм уу ганц нэг юм бичээд Ээгийдээ үзүүлсэн чинь "өө болж байна, энэ Энхбаяр шүлэг бичсэн байна шүү, та минь ээ” гээд зарлаж орхилоо. Тэр нь "Түүчээ тогоруу” хэмээх анхны минь шүлэг байсан юмдаг. Ингээд анхны хэдэн шүлгийг Ээгий минь эхэлж уншина, бүр зарим нэг үгийг нь их л өөриймсөгөөр сольж өгсөн юмдаг. Одоо бодоход, бараг анхны багш маань ч байсан юм шиг...
...Ерэн нэгэн оны наадмаар Равжаагийн музейг байгуулахад гар хөлийн үзүүрт гүйж дээврийнх нь хонхыг захиж, Мөөжиг маань цонх шилийг нь арчиж цэвэрлэж явлаа. Яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Эрдэнэ-Очир хоёр энд жижүүрээр ажилладаг байлаа. Шөнө манаатай хоноход нь утга зохиолын төвийнхөн очиж найраг шүлгээ уншиж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлнэ. Музейн үзмэрүүд ил байна. Тэр үед ямар шилэн хорго ч гэж байсан биш. Хүүхдүүд болохоор сэлмээр нь байлдаж тоглох, хутагтын дээлийг өмсөн, малгайг духдуулж "Би хутагттай адилхан байна уу” гэж ширээ сандал дээр нь суух энүүхэнд байлаа…”
Дүү нарынхаа дунд "Говийн номхон хутагт” хэмээн хүндлэгдсэн А.Эрдэнэ-Очир найрагчийн хүндлэл, хайраар дүүрэн амьдралын эхлэл энд байжээ. Мартахын хорвоод гэрэлтэж үлдсэн нэгэн агшныг хөвөрдөхөд ийм байна. Нөхөрлөл одоо ч үргэлжилсээр...