Мексикийн картелийг “террорист” байгууллагад тооцох тухай Дональд Трамп мэдэгджээ

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хөрш Мексикт үйл ажиллагаа явуулдаг хар тамхины картелиудыг “террорист” ангилалд албан ёсоор багтаахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Хэрвээ уг төлөвлөгөө хэрэгжвэл Америк-Мексикийн худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд бэрхшээл үүсэх юм. Тиймээс Мексикийн эрх баригчид эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.

“Мексик улс өөрийн үндэсний бие даасан байдалд эрсдэл учруулах ямар ч үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус улсын гадаад хэргийн сайд Марсело Эбрард твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Тэрээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой утсаар ярьж, яаралтай уулзалт товлох тухайгаа бас мэдэгджээ. Дональд Трамп саяхан Fox News сувгийн радиод ярилцлага өгөхдөө “жил бүр 100,000 Америк хүн Мексикийн картелиудын гарт амиа алддаг тул тэдгээрийг террорист байгууллагад тооцохоор төлөвлөж байна” гэж ярьсан байна.

Тэр бас хар тамхины бүлэглэлүүдтэй тэмцэхэд туслах зорилгоор АНУ-ын цэргийг Мексикт илгээх санал тавьсан боловч Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор саналыг хүлээж аваагүй тухай ярьжээ.

АНУ-ын хуулийн дагуу тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй этгээдийг террорист ангилалд оруулснаар тэдний эсрэг тусгай хориг тавих боломж нээгддэг.

Террорист шошго зүүсэн хувь хүн, байгууллагатай харилцсан банк, засгийн газрын байгууллагуудыг ч шийтгэх боломжтой болдог юм. Тиймээс ийм шийдвэр гарвал Мексик улсын эдийн засагт ноцтой хохирол учрах аюултай.

Одоогоор Латин Америкийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас Колумбын “Үндэсний Чөлөөлөх Арми” бүлэглэл ганцаараа АНУ-ын террорист жагсаалтад ороод байгаа. Уг жагсаалтад Исламын Улс, Аль Кайда, Нигерийн Боко Харам зэрэг зэвсэгт бүлэглэлүүд багтдаг юм.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар болох Жорж Буш, Барак Обама нар Мексикийн картелиудыг террорист ангилалд оруулах талаар бодож байсан ч хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцаанд үүсэх эрсдлийг тооцож үзээд больж байсан гэдэг.

Р.Төмөр

Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх