Олон нийт болон Хонконгийн ардчиллын төлөөх эсэргүүцэлд чухал эргэлтийн цэг болно гэж үзэж байсан дүүргийн зөвлөлийн сонгууль өнгөрөгч ням гаригт болж өндөрлөлөө. Сонгуулийн насны 4.1 сая иргэнээс гурван сая гаруй хүн санал өгсөн уг сонгуулийн урьдчилсан дүнгээр ардчиллын төлөө тэмцэгчид нийт 18 дүүргийн 17-д, буюу 452 суудлын 95 хувьд нь үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа аж. Ингэснээр Бээжингийн эрх баригчдыг дэмжигч нөлөө бүхий улстөрчид Хонконгийн нутгийн зөвлөл дэх өөрсдийн суудлаа алдахад хүрээд байна.
Хонконгийн олон нийтийн радио телевиз даваа гаригийн өглөө энэ талаар “Хонконгийн ардчилал ялалт байгууллаа” гэж мэдээлсэн юм. Үүний дараа төв засгийн газрыг дэмжигч “DAB” намын нэр хүндтэй улстөрчид болох Холден Чоу, Хорс Чен, Винсент Чен, Эдвард Лау нар ардчиллын төлөөх өрсөлдөгчдөдөө ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн ч Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөний гол нүүр царай болж буй 23 настай тэмцэгч Жошуа Вонгийг сонгуулийн хороо хассан аж. Мөн Ковлоон дүүрэгт “DAB” намын нэр дэвшигч Старри Ли ердөө 300 сонгогчийн саналаар ялалт байгуулсны дараагаар жагсагчид цуглаж “Хонконгийг чөлөөл. Энэ бол бидний хувьсгал” гэх уриа хашхирч эхэлжээ. Өнгөрөгч 2015 онд болсон сонгуулиар Бээжингийн эрх баригчдыг дэмжигчид нийт 458 суудлын 331-д, ардчиллын төлөө тэмцэгчид 118 суудалд ялалт байгуулаад байжээ.
Их Британичууд 1997 онд Хонконгийг БНХАУ-ын мэдэлд эргүүлэн өгсөн юм. Ингээд Хонконгчуудад Хятадын “нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд 2047 он хүртэл буюу 50 жилийн турш өөртөө засах эрхээ олж авсан түүхтэй. Үүнээс хойш ардчилагчид Хонконгийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсээр ирсэн ч амжилтад хүрч чадаагүй юм. Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Бенни Тай 2017 оны дөрөвдүгээр сард “Бээжингийн эрх баригчдыг дэмжигч улстөрчдийг хууль ёсны дагуу түлхэн унагаж, ардчиллын үйл явцыг ахин эхлүүлэх зорилгоор 2019 оны дүүргийн зөвлөлийн сонгуульд иргэдийг идэвхтэй оролцохыг” уриалж байв. Тэрээр “ардчилсан хөдөлгөөнүүд дүүргийн зөвлөлийн дийлэнх олонх болох замаар Хонконгийн тэргүүнийг сонгодог сонгуулийн комиссын санал өгөх 1200 мандатын дийлэнхийг олж авснаар өнөөгийн тэргүүн Керри Лиам шиг Бээжингээс шууд томилогддог байдлыг халах боломжтой. Ингэснээр зогсонги байдалд орсон Хонконгийн ардчиллын үйл явцыг ахин эхлүүлнэ” гэж үзсэн юм.
Гэсэн ч өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр Хонконгийн тэргүүн Керри Лиам Эх газрын Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг танилцуулснаар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, эсэргүүцэл бий болж, ардчиллын төлөөх хөдөлгөөнүүд идэвхжсэн юм. Хагас сарын турш үргэлжилсэн бослого, арга хэмжээ Хонконгийн тусгаар тогтнол, ардчиллын төлөөх өнгөт хувьсгалын шинжтэй болж сүүлийн хэдэн өдрийн турш хүчирхийлэл, түрэмгийлэл газар авах болсон. Тиймээс ардчиллын төлөө тэмцэгчид Хонконгийн эрх баригчдад хандан 2019 оны арван нэгдүгээр сарын 24-нд болох ээлжит сонгуулийг цуцлах, санал хураалт явуулах цагийг хумих зэрэг арга хэмжээ авахгүй байхыг хүссэнээр өнгөрөгч амралтын өдрүүдэд сүүлийн зургаан сарын турш анх удаа тус хотод тайван байдал тогтоод байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар Хонконг БНХАУ-ын мэдэлд очсоноос хойш зургаа дахь удаагаа болж буй дүүргийн зөвлөлийн сонгуульд ардчиллын төлөө тэмцэгчид анх удаа ялалт байгуулж, олонх болсноор бүрэн эрхийн таван жилийн хугацаанд тус бүс нутагт ардчиллын үйл явц хурдацтай өрнөж, цаашид бослого үймээн дарагдана. Энэ бол ердөө өмнө нь сонгуульд идэвхтэй оролцдоггүй байсан залуусын төлөөлөл энэ удаагийн сонгуульд идэвхтэй санал өгсөнтэй холбоотой ялалт гэж дүгнэжээ. Үнэхээр ч энэхүү сонгуулийн ирц 74,1 буюу 1997 оноос хойших түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлттэй байжээ. Мөн Бээжингийн эрх баригчдын зүгээс энэхүү ялагдалд Хонконгийн өнөөгийн тэргүүн Керри Лиамд хатуу хариуцлага тооцох магадлалтай талаар дурдсан байна.
Эх сурвалж: CNN, RTHK
Бэлтгэсэн: орчуулагч Заяа