АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим армянчуудыг хоморголон устгасныг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг даваа гарагт баталжээ. Уг тогтоол нь зөвлөх шинж чанартай боловч Конгрессын гишүүдийн энэхүү алхам нь АНУ, Туркийн харилцааг ноцтойгоор хүндрүүлж болзошгүй байна. Дээрх тогтоолыг батлахыг Төлөөлөгчдийн танхимын 405 гишүүн дэмжсэн бол 11 нь эсэргүүцсэн байна.
Тогтоолыг батлах үйл явцыг түргэтгэсэн нь Турк улс Сирийн хойд нутагт ажиллагаа явуулсантай холбоотойгоор үүссэн хямралтай холбоотой гэдгийг Конгрессын гишүүд хүлээн зөвшөөрчээ. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Америкийн Конгрессын гишүүдийн гаргасан шийдвэрийг улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд түүхийг ашиглах оролдлого гэж нэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн хариуд Туркийн эрх баригчид Вашингтоноос Элчин сайдаа эргүүлэн татаж магадгүй байна.
1915 онд Османы эзэнт гүрний нутаг дэвсгэрт армян үндэстнийг олноор нь цөлсөн, хоморголон устгасан болохыг ОХУ, Герман, Франц, Канад болон бусад хэд хэдэн улсад хүлээн зөвшөөрсөн юм. Гэсэн хэдий ч Туркийн эрх баригчид үүнийг эрс эсэргүүцдэг бөгөөд АНУ-ын Засгийн газрын хувьд ч геноцид гэж нэрлэхээс зайлсхийсээр иржээ. Үүнтэй төстэй тогтоолын төслийг Конгрессоор нэлээд олон жил хэлэлцэж байсан боловч Төлөөлөгчдийн танхимд санал хураалт явуулахаар өргөн барьж байгаагүй байна.
Д.Жаргал