Г.Занданшатар дарга аа, та ч бас огцрох ёстой

  • 0
  • 129
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын дарга Г.Занданшатар буруутантай хариуцлага тооцох нэрээр булайгаа нуух гэв үү

Монгол Улс “саарал жагсаалт”-д орох болсон нь ганц өдрийн үйл явцаас шалтгаалаагүй. Харин тодорхой хугацаа зааж өгсөн ч шаардлагуудыг нь биелүүлээгүй учраас л өнөөгийн нөхцөл байдалд орсон хэрэг. Гэтэл нэгэнт асуудал нь хүндрээд 7 ч хүрэхгүй хоног үлдчихсэн байхад төрийн эрхийг барьж буй МАН-ынхан парламентын даргаасаа эхлээд багагүй сандарсан.

Тиймдээ ч УИХ-ын даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийнхэнд буруутсан шалтгаанаа тохох гэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг хүлээн авч уулзахдаа “Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон. Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно” гэсэн биз.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа “Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. #ЗОХИХ_ХАРИУЦЛАГА_ХҮЛЭЭХ_ЁСТОЙ Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай байна.” хэмээжээ.

Мэдээж алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Гэхдээ ердөө л Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нартай холбоотой гэхээс илүү тэднийг “хянаж” байх ёстой парламентад гол асуудал нь байсан баймаар юм. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар бурууг өөрсдөөсөө хайж, алдаагаа ухамсарлахын оронд Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нараар туг тахиад ёс зүйтэй, хариуцлагатай хүн болж харагдахыг хичээж байгаа бололтой.

Угаас УИХ-ын харьяанд Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллага байдаг. Гэтэл УИХ-ын даргабусдад бурууг тохчихоод өөрөө чимээгүйхэн үлдэх нь. Өөрийнх нь бичснээс харвал УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө ч хариуцлага хүлээж, огцрох ёстой биш гэж үү.

Үүнийг нь мэдсэн юм шиг Монголбанкны зүгээс саарал жагсаалтад Монгол Улс орсон нь ганц байгууллагад тавьсан дүн биш “Монгол Улсад тавьсан дүн” гэж мэдээлсэн билээ. Тэгэхээр зөвхөн бид бус олон улсын байгууллагын зүгээс ч эрх баригчид ажлаа хийж чадахгүй байгааг нь “шалгуур үзүүлэлт”, “саарал жагсаалт” гэх нэрийдлээр хэлээд өгчихсөн хэрэг биш гэж үү.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх