“Тэмбүү, сүрьеэ өвчний гаралтыг бууруулахад шийдвэр гаргагчдын дэмжлэг” сэдэвт нөлөөллийн уулзалт Завхан аймгийн төвд өнгөрсөн долоо хоногт боллоо.
Уг уулзалтад 24 сумын Засаг дарга болон сумын эмнэлгийн эмч нар, мөн аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Глобал сан, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од тэргүүтэй удирдлагууд оролцож, сумдын эмнэлгийн эмч нар Засаг даргатай хүн амын эрүүл мэндийнх нь талаар санал бодлоо хуваалцаж ярилцлаа.
Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр “Тэмбүүг устгая” хоёр жилийн аяныг эхлүүлсэн байгаа. Энэ аяны хүрээнд өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт үндэсний хэмжээний том чуулганыг зохион байгуулсан бол энэ удаад төрийн үйлчилгээг Глобал сангийнхан Завхан аймагт хэрэгжүүллээ.
Ийнхүү шийдвэр гаргагчдын нөлөөллийн уулзалтад Глобал сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулга гэсэн сэдвээр тус сангийн хөтөлбөр зохицуулах нэгжийн зохицуулагч Н.Цогзолмаа илтгэл тавьсан бол “Дэлхий дахины болон Монгол Улсын сүрьеэ, тэмбүү өвчний талаар өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” гэсэн сэдвээр ХӨСҮТ-ийн БЗДХ ДОХ-ын ТСА-ны зөвлөх эмч Х.Даваажав мэдээлэл өглөө.
Харин Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од аймгийнхаа гурван сумыг тэмбүүгүй сум болгосон талаарх туршлага, эрүүл мэндийн үйлчилгээнийхээ талаар Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд болон сумдын эмч нартай хуваалцаж, хүн амын дундах сүрьеэ, БЗДХ-т өвчнийг эрт илрүүлэх ажлын явц болон тулгамдаж буй асуудлын үр дүнгийн талаар танилцуулав.
Нийгмийн эрүүл мэндийн төвөөс тэмбүү өвчин болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний эсрэг ямар ажил, сургалт сурталчилгаа хийж хамтран ажиллаж байгаа талаар танилцуулсан бол Завхан аймгийн хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин хэр байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Ундармаа танилцууллаа.
Энэ уулзалтын үр дүнд сумдуудад эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоо хийнэ. Гэхдээ шийдвэр гаргагчид болон эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх байгууллага, сумын Засаг дарга нарын дэмжлэг оролцоо их чухал байгааг оролцогчид онцолсон юм.
Завханчуудын хувьд дуугаравал дуу нэг, дугтарвал хүч нэг гэгчээр бүх суманд халдварт болон халдварт бус өвчний үзлэг оношилгоог хийнэ гэсэн шийдвэрт хүрсэн.
Тиймээс эхний сумаар аймгийн төвөөсөө 150 км газарт байрлах Нөмрөг сумыг сонгосон юм.
Уг суманд үзлэг шинжилгээ хийх үед нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарна гэдгээ Ж.Од дарга хэлсэн юм.
Мэдээж ийм том хэмжээний үзлэг, оношилгоо, шинжилгээ хийхээр төсөв мөнгөний хүндрэлтэй асуудал тулгарна. Үүнийг нь харин шийдвэр гаргагчид буюу дэмжлэг үзүүлдэг олон улсын байгууллагууд нь анхаарч дэмжихэд л асуудлаа шийдвэрлэчих юм.
Ж.Од:Шийдвэр гаргагчдын хамтын ажиллагааны үр дүнд хүн амаа эрүүл болгоно
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од “Өөрийн аймгийнхаа туршлагаа та бүхэнтэй хуваалцахаар ирлээ.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд эмч нар үг хэллэг дээрээ анхаараарай. Жишээлбэл, уушгины эмгэг судлалын үзлэг гэж хүмүүстээ хэлэхгүй бол шууд сүрьеэгийн үзлэг илрүүлэг гэвэл хэн ч ирэхгүй. Тэмбүүгийн асуудалд ч гэсэн болгоомжтой хандахгүй бол хувь хүний эрүүл мэнд болоод нууцтай асуудал болохоор их эвгүй. Нууцыг нь чандлан хадгалах ёстой. Яагаад гэвэл сум цөөхөн хүн амтай учир нууц задарвал яана. Мөн шинжилгээнд хамрагдах боломжгүй алс хол нутагладаг малчдаа аль болох шинжилгээнд сайн хамруулаарай. Иж бүрэн цогц шинжилгээ гэдэг нь иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэдэг юм. Мөн цахим сан үүсгээрэй. Одоо техник технологи хөгжсөн энэ цаг үед навсайсан цаасан карт авч явдаг цаг үе ард хоцорсон. Ямарваа нэг үзлэг шинжилгээнд ахмадууд их орж залуучууд бага ордог. Тиймээс залуусаа идэвхтэй хамруулах. Нэг суманд хоёр жилдээ нэг удаа иж бүрэн үзлэг оношилгоог хийлгэдэг байгаасай. Шинжилгээнд хамрагддаггүй иргэдээ араас нь хөөцөлдөж байж хамруулаарай. Хөрөнгө мөнгөний хувьд хэцүү санагдаж байх. Гэхдээ нэг суманд ийм үзлэг хийхэд 7-9 сая төгрөг гарна. Үүнийг орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр гэх мэтээс гаргаж болдог юм. Хамгийн гол нь сэтгэл л байвал хэцүү зүйл ерөөсөө байхгүй. Тиймээс шийдвэр гаргагчдын хамтын ажиллагаа их чухал байдаг юм шүү. Манай газрын хувьд Нөмрөг суманд иж бүрэн үзлэг оношилгоо хийхэд дэмжинэ, тусална гэдгээ энэ олон хүний өмнө хэлсэн. Хэлсэндээ хүрнэ” гэв.
Н.Цогзолмаа:“Тэмбүүг устгая” аяныг Завхан аймагт эхлүүлээ
“Глобал” сангийн хөтөлбөр зохицуулах нэгжийн зохицуулагч Н.Цогзолмаа“Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Тэмбүүг устгая” аяныг Завхан аймагт эхлүүллээ.
Тэмбүүгүй аймаг болгох аяны хүрээнд олон ажил төлөвлөсөн. Сумдуудаас нь хамгийн эхэнд Нөмрөг сумын иргэдийг иж бүрэн үзлэг оношилгоонд хамруулахаар болсон. Энэ сумын удирдлагууд ч бидний ажлыг дэмжихээ илэрхийлсэн. Тиймээс эрүүл, саруул халдваргүй Завханчууд болох ажлыг Нөмрөгөөс эхлүүлж байна гэж ойлгож болно.
Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас үүдэж ихэсч байгаа халдварт өвчнийг бууруулахад тууштай арга хэмжээ авч, олон ажил хийж эхэлсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин нь Монгол Улсад бүртгэгддэг халдварт өвчний 38.2 хувийг эзэлдэг. Энэ утгаараа ч Завхан аймаг улсын дунджтайгаа ойролцоо явдаг. Тиймээс дээрх аянд нэгдэж Завханчуудынхаа хүн амынхаа эрүүл мэндийг дэмжих, цаашлаад төрөлхийн тэмбүүг устгах, гаргахгүй байх зорилт тавин ажиллахаар болов.
Аймгийн болон сумын бүх Засаг дарга нь, эрүүл мэндийн газрын дарга, эмч нар сургуулийн багш нар энэ аяныг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тэмбүү өвчнийг устгахад Засаг даргын дэмжлэг их чухал байна. Өөрсдөө санаачлагатай идэвхтэй байх юм бол Глобал сан дэмжиж ажиллана.
Сэлэнгэ аймагт болсон үндэсний том чуулган хийсэн. Үүний дараа ийнхүү Завханчууд бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа нь эрүүл мэндийн салбар, яамны хувьд онцлох үйл явдал боллоо.
Дашрамд нэг зүйлийг онцлоход, манай сан бол Засгийн газрыг дэмжигч байгууллага. Энэ аяны хүрээнд Завхан аймгийг сонгосон байгаа.
Сүрьеэ, тэмбүү болон бэлгийн замаар дамжих халдварын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээс гадна хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг сургах, урьдчилан сэргийлэлт хийхэд санхүүжилтыг шийдэж өгдөг” гэв.
Эрүүл мэндийн салбарын бодлого нь хүнээ өвдөхөөс өмнө сэргийлдэг байх ёстой
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Манай аймагт олон арга хэмжээ болж байгаагийн нэг нь энэ сургалт байна. Сумдын удирдлага, сумын эмнэлгийн дарга нарт ийм сургалтыг санаачилж, зохион байгуулсан ЭМЯ болон Глобал сангийн хамт олон НЭМҮТ, ХӨСҮТ-ийн эмч нарт баярлалаа. Сэлэнгэ аймагт хийсэн туршлагаа хуваалцаж, нутагт минь арга барилаасаа нутагшуулж байгаа Ж.Од даргад баярлаж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин дэлхий нийтийн анхааралд бий. Ер нь халдварт өвчнийг илрүүлж, халдвар тархалтыг бууруулахад эрт илрүүлэг оношилгоо байх ёстой. Эрүүл мэндийн салбарын бодлого нь хүнээ өвдөхөөс хойно биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх ёстой.
Манай аймгийн хувьд ард иргэдээ сонсох аяныг хийдэг. Энэ үеэрээ нарийн мэргэжлийн эмч нарыг авч яваад үзлэг оношилгоо хийдэг. Урьдчилан сэргийлэх арга аргачлалыг олон нийтэд зөв хүргэх, эрт илрүүлж байж аливаа өвчин хүндрээгүй эрт үедээ оношлогдоно.
Халдварт өвчний статистикийг харж байхад өсч байна уу гэхээс буурахгүй байгаа харагдана. Тиймээс манай сумдын удирдлагууд болон эмч нар дотооддоо сайн ажилла. Сумдын Засаг дарга нар хүн амаа эрүүл байлгахад анхаарах ёстой шүү. Үндсэн туслагч нь эмч нар учраас хоорондоо уялдаа холбоотой байж, сумынхаа хэмжээнд хэрхэн яаж шинжилгээ хийх үү, үзлэг хийх үү гэдгээ зохион байгуулаарай” гэв.
Тэмбүү өвчний эсрэг хүн амыг ухамсарыг дээшлүүлж, соён гэгээрүүлэх ёстой
ХӨСҮТ-ийн Зөвлөх эмч Х.Даваажав “Тэмбүү өвчнөөр 15-45 нөхөн үржихүйн насныхан их өвдөж байгаа. Нутаг дэвсгэрийн байдлаар аваад үзвэл Дорнод, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгууд өндөр харагдаж байна. Сүүлийн таван жилийн байдлаар эдгээр аймгууд өвчлөл өндөртэй гэж гарч байсан. Гэхдээ шууд утгаараа биш шүү. Тэдгээр аймгуудад өвчин их байгаагаас гадна урьдчилан сэргийлэх илрүүлэг, үзлэг шинжилгээ маш сайн явагдаж байна гэж үзэх ёстой. Гэтэл зарим аймгууд хангалтгүй байгаа учраас тэмбүүгээр өвчилсөн иргэд байхгүй юм шиг харагдаад байдаг. Илрүүлээд, эмчлээд, тархалтыг хязгаарлаад байх боломжтой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
Хоёрдугаарт, төрөлхийн тэмбүү өвчин сүүлийн таван жил нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд 49 тэмбүүтэй эх оношлогдож, 11 нярай нас барсан харамсалтай тоо бий. Жилд 30 орчим тохиолдол бүртгэгддэг. Тэмбүүгээр өвчилсөн, төрөлхийн тэмбүүтэй гэж оношлогдсон нярай хүүхдүүдийн 30-40 хувь нь эхийнхээ хэвлийд энддэг, эсвэл төрөөд нас бардаг. Маш харамсалтай тоо шүү.
Тэмбүүгээр өвчилсөн иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь эрэгтэйчүүд байна. Зовиур шалтгаангүй чимээгүй өвчин. Тэгэхээр урьдчилсан сэргийлэлт чухал, мөн цусны шинжилгээ өгч л халдвартай эсэхээ мэднэ.
Хамгийн гол нь хүн амыг тэмбүү өвчний эсрэг соён гэгээрүүлэх ёстой. Хавьтал халдаагч, хавьтлыг олж тогтоох, эрүүлжүүлэх ёстой. Тэгэхгүй бол зовиур шаналгаагүй өвчин учраас хэн хэндээ мэдэгдэхгүйгээр халдаагаад тараагаад явдаг. Нөгөөтэйгүүр орон нутагт хавьтал судлаач гэж тусгай мэргэжилтэн олж ажиллуулах ёстой. 10 гаруй хүний орон тоотой халдвар хавьтал судлаачийг ажилуулмаар байна. Эрсдэлт бүлгийн хүмүүсээ байнга хянаж шинжилгээнд хамруулах, шинжилгээ хийх аргачлалыг сайжруулах, шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөөг сайн өгөх, сум дундад нэг цэгийн үйлчилгээг бий болгох, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа, мэдээллийг байнга өгөх ёстой” гэлээ.
Нийт халдварт өвчний 56 хувийг БЗДХ эзэлж байна
Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Ундармаа “Өнөөдөр манай аймагт гарч байгаа нийт халдварт өвчний 56 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзлэж байна. Эндээс харвал бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг анхаарах ёстой болжээ. Улсын түвшинтэй харьцуулахад харьцангуй бага ч аймгийн хэмжээндээ бол их харагдаж байгаа юм. Тэмбүү өвчний халдварыг өмнөх 2017 онтой харьцуулахад буурсан хэдий ч энэ онд сумаас төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэг бүртгэгдсэн. Мөн заг хүйтэн халдварт өвчих их бүртгэгдэж байгаа. Жирэмсэн эхчүүдэд хяналт тавьдаг. Өнгөрсөн хугацаанд БЗДХ өвчин илрүүлэх шинжилгээнд хамрагдсан жирэмсэн 835 эмэгтэйгээс 24 нь тэмбүүтэй байсан. Сүрьеэгийн шинэ тохиолдол буурсан байгаа. Гэхдээ сүрьеэгээр нэг иргэн нас барсан. Сүрьеэгийн голомтод сумандаа илүү анхаарч, эрт илрүүлэлтийг сайн хийдэг.Цаашид ч хүн амруугаа хандсан олон ажил хийх зорилт тавьсан” гэв.
Сүрьеэ, тэмбүүгийн халдвартай тэмцэх нь ганцхан эмч хүний хийх ажил биш
Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн “Глобал санг манай аймагт томилсон юм байна. Ингээд газар дээр нь баг бүрэлдэхүүнтэйгээ ирээд ажиллалаа. Бид Сэлэнгэ аймаг шиг нүсэр үндэсний чуулган хийхгүй ч 24 сумынхаа 115 багаар жил болгон үзлэгээ хийж явна. Сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй ганцхан эмч, эмнэлгийн байгууллагын хийж, тэмцэх ажил биш юм. Шийдвэр гаргагчдад нөлөөлөх уулзалт гэхээрээ бүгдээрээ хөдлөх ёстой. Манайх бүх сумандаа халдварт болон халдварт бус өвчний үзлэг оношилгоог хийнэ. Тэгэхдээ Сэлэнгийн туршлагад илүү ойртуулах хэрэгтэй байна. Хөрөнгө мөнгөө гаргаж хамтарч ажиллая. Иж бүрэн үзлэг хийж, сүрьеэ болон тэмбүүг эрт илрүүлье, эмчилгээ хийе, хүн амаа эрүүлжүүлье” гэлээ.
Отгон сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Г.Наранцэцэг “Өнөөдрийн сургалт их үр дүнтэй боллоо. Бид нарын хувьд ДОХ, Тэмбүү, сүрьеэг илрүүлэх гэж иргэдийнхээ араасаа их хөөцөлддөг. Бид нар бол удирдах түвшиний удирдлагуудтайгаа хамтарч нэгдэж байж эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж чадна.
Ганцаараа эрүүл мэндийнхээ түвшинд ямарваа нэг ажлыг хийгээд үр дүнд хүрдэггүйг ойлголоо. Багууд олонтой бас алслагдсан хол болохоор хүмүүсээ үзлэг шинжилгээнд хамруулна гэдэг хэцүү. Иргэд бас өвчний хавьталаа худлаа хэлнэ, эсвэл буруу хэлэх гэх мэт хүндрэлүүд гардаг. Тиймээс шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн байгууллага эмч нар нийлж байгаад массаараа хөдөлж байж энэ ажлыг зөв эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Манай сумын эмнэлгийн тоног төхөөрөмж боломжийн сайн гэж хэлнэ. Гэхдээ хүмүүсээ бүрэн дүүрэн шинжилгээнд хамруулж, аливаа өвчнийг эрт илрүүлэх, эмчлэхэд шийдвэр гаргагчид болон сумын иргэд удирдлагууд дэмжлэг их хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо” гэв.
Завхан аймаг дээр болсон шийдвэр гаргагчдын нөлөөллийн уулзалтын дараа Улаанбаатараас очсон баг бүрэлдэхүүн Нөмрөг суманд ажиллалаа.
Ингээд Нөмрөг суманд эрүүл мэндийн цогц үйлчилгээг хэрхэн явуулах талаар сумын Засаг дарга болон эмнэлгийн дарга, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга нараас тодрууллаа.
Д.Бадмаа:Нөмрөг суманд энэ сарын сүүлчээр иж бүрэн үзлэг шинжилгээг хийнэ
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Д.Бадмаа“Сэлэнгээс баг бүрэлдэхүүн Завхан аймагт ирж тэмбүү, сүрьеэ өвчнийг бууруулахад шийдвэр гаргагчдын дэмжлэг нөлөөллийн уулзалтад сууж өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Завханчууд маань бид нарыг сайхан хүлээж авч, харилцан ярилцлаа. Манай эрүүл мэндийн газрын Ж.Од дарга Нөмрөг сумаас халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийг илрүүлье гэсэн амлалт, үүрэг чиглэлийг өгсөн. Ингээд бид нар Нөмрөг суманд ажиллалаа. Энэ сарын сүүлчээр үзлэг шинжилгээгээ хийж эхэлнэ гэсэн зорилт тавилаа” гэлээ.
Хөрөнгө мөнгө байхгүй ч болгоно
Нөмрөг сумын Засаг дарга Н.Түмэндорж “Манай сум 2000 хүн амтай. Гэвч манай сум руу анхаарал хандуулж хамгийн түрүүнд бүх төрлийн үзлэг оношилгоо хийх том хэмжээний эмч, эмнэлгийн баг авчирч ажиллахаар болсонд таатай санагдаж байна. Мэдээж надаас шалтгаалах бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Хөрөнгө мөнгө байхгүй байсан ч гаргана. Бүх хүнээ нарийн шинжилгээнд хамруулна. Глобал сангийн зохицуулагч Н.Цогзолмаа, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нарт баярлаж байна. Хаа холоос зорьж ирээд хөрөнгө мөнгө, хүн хүчээ зориулна гэж байхад орон нутгийн удирдлагууд бид нар зүгээр сууж болохгүй. Гэхдээ тэнгэр хангай цаг агаарын байдлыг харж байж энэ ажлаа зохион байгуулахгүй бол тэнгэр хангай муудвал хаа хол Дархан-Уул багт байгаа 20 гаруй айл ирэх ямар ч боломж байхгүй. Тэр айлуудтай утсаар л холбогдохоос хүрч очих зам бол үнэхээр хүндрэлтэй байдаг юм.
Нөмрөг сум бусад сумаа манлайлна гэдэгт итгэж байна. Цаашид Завхан аймаг болоод бүх сумдад ийм маягаар үзлэг хийх нь жишиг сайн талтай үйл ажиллагаа болох байх” гэв.
Нөмрөг сумын эрүүл мэндийн төвийн дарга Ж.Дармааням “Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Тэмбүү сүрьеэг бууруулахд шийдвэр гаргагчдын дэмжлэг сэдэвт нөлөөллийн уулзалт үр дүнтэй бие биенээсээ туршлага судаллаа. Энэ уулзалтын үр дүнд манай сумаас эхэлж иж бүрэн үзлэг оношилгоог хийхээр боллоо. Сүрьеэгүй, тэмбүүгүй, эрүүл гоё Завханчуудыг бий болгоход иргэд болоод шийдвэр гаргагчдын оролцоо чухал юм. Манай суманд урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг ч компанит байдлаар бүх хүн амаа хамруулсан том үзлэг хийж чадахгүй байгаа. Янз бүрийн бэрхшээл бий. Харин одоо холбогдох газруудын дэмжлэгтэйгээр сумынхаа бүх хүнийг бүрэн хамруулах болсонд баярлаж байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, Завхан аймагт “Глобал” сан болон Эрүүл мэндийн яамнаас тусламж үйлчилгээг сайн үзүүлдэг байна. Тухайлбал, тус сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл, сүрьеэгийн төслүүдийн буцалтгүй тусламжийн хүрээнд сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор 1649.8 мянган төгрөгийг сорьц тээвэрлэлтийн зардалд нийлүүлсэн бол салбарын сайдын тушаалаар зөөврийн дижитал аппаратыг аймагтаа авчээ.
Мөн ДЭМБ-ын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобейл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт 55.7 сая төгрөгийн Жене эксперт аппарат тус тус нийлүүлэгджээ.