Вакцинийг эсэргүүцдэг хүмүүст дайх үг

  • 0
  • 149
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Вакцинийг эсэргүүцдэг хүмүүст дайх үг

 

Хүмүүс бид аливаа зүйлийг хурдан мартах юм. Вакциныг эсэргүүцдэг хүмүүст өмнөх зууны гашуун түүхээс сануулан хуваалцъя. Энэхүү зурган дээр байгаа төхөөрөмжийг ямар учиртай гэдгийг олон хүн асуух нь лавтай. Тэгвэл энэ бол 20-р зууны эхэн үед хүн төрөлхтнийг хамгийн их айдаст автуулж байсан өвчний нэг болох “полиомиелит” буюу халдварт саагийн хүндрэлийн улмаас үлдсэн амьдралаа өнгөрөөдөг байсан “төмөр уушиг” гэгддэг төхөөрөмж юм. 1900 оноос эхэлсэн халдварт саа өвчин, 1940-өөд оноос эхлэн дэлхий даяар дэгдэж жилд хагас сая хүн өвдөн, хэдэн зуун мянган хүүхэд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг байжээ. Дэлхийн хэмжээнд 20 гаруй сая хүн энэ өвчний улмаас тахир дутуу болсон байдаг байна.

Хамгийн аюултай нь халдварт саагийн вирус амьсгалын булчинг ажиллагаагүй болгох тохиолдол байсан бөгөөд амийг нь аврахын тулд “төмөр уушиг” буюу эерэг даралттай төмөр камер дотор насан туршид нь амьдруулдаг байлаа. 1950-аад онд эмнэлгүүд ийм л дүр зурагтай, саагийн тасаг тэр чигээрээ уг өвчнөөр өвдсөн, “төмөр уушиг”-нд амьдардаг өвчтөнүүдээр дүүрэн байж.

2009 онд Австралид нас барсан эмэгтэй хамгийн олон жил буюу 83 насныхаа амьдралын 60 жилийг ийм “төмөр уушиг” дотор өнгөрөөсөн хүнээр тодорч Геннисийн номонд орж байсан. Харин өнөөдрийн байдлаар Америкийн Далласт амьдарч буй 72 настай Пол Александр бол “халдварт саагийн улмаас насан туршдаа “төмөр уушиг” дотор амьдарч буй, амьд үлдсэн цөөн хэдхэн хүний нэг юм. Тэрээр энэ өвчин дахиж битгий гараасай гэдэг бодол тээн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, түүхийн талаар дурдатгал ном бичиж, хойч үедээ энэ аймшигт өвчний талаар хуваалцаж буй аж.

Тэгвэл хүн төрөлхтөн 1955 онд Америк эрдэмтэн Жонас Салкийн зохиосон саагийн эсрэг вакцины ачаар энэ аймшигт вирусын дэгдэлтийг зогсоож, 1988 оны ДЭМБ-ын 41-р чуулганаар энэ өвчнийг 2000 он хүртэл устгах зорилт тавьж байжээ. Харин өнөөгийн байдлаар дэлхий даяар 3 голомтоос бусад бүх газарт бүрэн устгаж чадсан билээ. Манай улс 1970-аад оноос халдварт саагийн эсрэг вакциныг хийж эхлэн 2001 он гэхэд Монгол улсад полиомиелит өвчнийг устгасныг баталгаажуулсан гэрчилгээг авч байсан нь эрүүл мэндийн салбарынхны үе үеийнхний түүхэн ололт, ялалт байсан юм.

Хүүхдийг бүх насаар нь тахир дутуу болгодог полиомиелит хэмээх аюулт өвчний дараагаар вакцины тусламжтайгаар устгах өвчний тоонд улаан бурхан өвчин, харин сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдар орж байна.

Вакцин буюу халдварт өвчнөөс сэргийлэх ерөндөг, хүн төрөлхтний түүхэн ололт амжилтын нэгийг эсэргүүцэж худал үнэн мэдээлэл тараадаг хүмүүст вакцин байхгүй байхад хичнээн саяараа хэрхэн өвдөж, нас барж, амьдралынхаа туршид тахир дутуу болж байсныг ганц өвчний жишээн дээр харуулахад энэ. Полиомиелит эсвэл улаан бурхан өвчнийг устгасныг батлаж өгч буй гэрчилгээ нь тухайн өвчин дахин гарахгүй гэсэн үг хараахан биш. Вакциныг эсэргүүцдэг, бусдыг турхирдаг хүмүүсийн уршгаар устгасан гээд тайвширсан өвчний дэгдэлт гарвал хичнээн хүний амь нас хохирохыг хэн ч таашгүй.

2019 оны 4-р сар

Б.ЦЭЦЭГСАЙХАН

Хавдрын үндэсний зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх