“Бээжин парад”-ын үеэр үзүүлсэн шинэ төрлийн зэвсгүүд

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж Тяньаньмэний талбайд болсон цэргийн сүрт жагсаалд Хятадын Ардын чөлөөлөх армийн 15 мянган цэргийн албан хаагч, 580 нэгж цэргийн техник, 160 нисэх онгоц оролцсоноос гадна тус армийн зэвсэглэлд байгаа хамгийн орчин үеийн зэвсгийн системүүд, тэдгээрийн дотор дуунаас хэт хурдан пуужингууд, тив алгасах баллистик пуужингууд, нисгэгчгүй онгоцуудыг /дрон/ анх удаагаа олон нийтэд үзүүллээ. 

 

Ази тивд урьд нь болж байгаагүй энэ удаагийн нүсэр парад нь Хятадын армийн өсөн нэмэгдэж буй сүр хүчийг харуулсныг дэлхийн цэргийн шинжээчид  онцолж байгаа бол тэдний анхаарлыг хамгийн ихээр татсан Хятадын шинэ зэвсэг техникүүдийн талаар Оросын газета.ru”, Их Британийн ВВС агентлагийн цахим хуудсанд дэлгэрэнгүй бичсэнийг тоймлон хүргэе. 

Хятад улс 1990-ээд  оны дунд үеэс эхлэн зэвсэгт хүчнээ эрчимтэй шинэчилсээр байгаа бөгөөд 1996-2018 оны хугацаанд тус улсын батлан хамгаалах салбарын зардал нь 900 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр Хятадын арми цэргийн нийт хүчин чадлын хувьд АНУ-ыг гүйцэхгүй боловч цаашдын чиг хандлага америкчуудын хувьд ашиггүй байдлаар эргэсээр байгаа”-г батлан хамгаалах салбарын тэргүүлэгч шинжээчид онцолж байна.    

Цэргийн парад эхлэхийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жинпинь үг хэлэхдээ Манай улс үндэстний суурийг ганхуулж чадах ямар ч хүч байхгүй. Хятадын ард түмний урагшлан дэвших хөдөлгөөнд ямар ч хүч саад хийж чадахгүй” гэдгийг онцлон тэмдэглэлээ.  

Бээжин хотын төв талбайгаар 16 нэгж Дунфэн-41” пуужингийн хөдөлгөөнт цогцолбор /НАТО-гийн ангиллаар CSS-X-10/ явж өнгөрлөө. Хятадын зүүн хойд нутгийн Хэйлунжан мужид уг пуужингийн хоёрдахь бригадыг байрлуулаад байна. Дунфэн буюу  DF гэдэг нь Дорнын салхи” гэсэн үгийн товчлол юм. 

 DF-41 тив алгасах баллистик пуужин нь хатуу түлшээр ажилладаг ба DF-31A, DF-31B пуужингуудаас илүү хүнд жинтэй, илүү хүчтэй юм. Уг пуужин нь салж задардаг, тус тусдаа байгаа онилдог толгойн хэсгүүдтэй ба түүнийг газар дээрх суурь, төмөр замын тавцан дээр болон тусгай хонгилд байрлуулах боломжтой.

Пуужингийн салдаг хэсгүүд нь тус тусдаа байгаа онилдог 10-12 цэнэгт хошуутай учраас АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэвтлэн давж чадна гэж цэргийн шинжээчид үзэж байна. DF-41-ийн тусгал нь 12-14 мянган км бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхий дээрх хамгийн алсын тусгалтай пуужингуудын нэгд тооцогдож байгаа юм.  Энэ нь Хятадын стратегийн цөмийн зэвсэглэлд байгаа хамгийн орчин үеийн хүчтэй пуужин мөн боловч Орос болон Америкийн ижил ангиллын пуужингийн цогцолборуудаас давуу гэж хэлэх боломжгүй.

Парадын үеэр үзүүлсэн өөр нэгэн шинэ зэвсгийн систем бол дунд тусгалын DF-17 баллистик пуужин. Энэ бол дуунаас хэт хурдан DF-ZF нисэгч төхөөрөмжийг /глайдер/ тодорхой өндөрт гаргах зориулалттай зөөгч пуужин юм. Дуунаас олон дахин хурдан /hypersonic/ уг систем нь олон угсраа хэсэгтэй ба пуужин нь хатуу түлшээр ажилладаг. Уг цогцолборын байлдааны цэнэгт хошуу нь ердийн болон цөмийн цэнэг тээж чадах ба нислэг эхлэх үед дуунаас хэт хурдыг авч чаддаг байна. 

Цэргийн парадын агаарын нислэгийн үзүүлбэрийн үеэр Зөвлөлтийн үеийн Ту-16 онгоцыг хуулбарласан хувилбар болох H-6N бөмбөгдөгч онгоцууд нисч өнгөрлөө. Цөмийн цэнэг тээж чадах уг онгоцыг агаарт шатахуунаар цэнэглэх боломжтой аж. Онцлог нь гэвэл, 3000 км-ийн тусгалтай CJ-10A  загварын 6 ширхэг пуужинг тээж чадах уг бөмбөгдөгч онгоцыг /нислэгийн алслал 3 мянган км/ гадаадаас худалдан авсан хуучин онгоцны суурин дээр бус харин Хятадад цоо шинээр зохион бүтээж үйлдвэрлэжээ. Одоо зэвсэглэлд байгаа бөмбөгдөгч онгоцуудын ашиглалтын хугацааг тооцож үзвээс H-6N онгоцыг Хятадын армид 2052 он хүртэл ашиглах бүрэн боломжтой.        

 Өөр нэгэн цоо шинэ төрлийн зэвсэг бол CJ-100 загварын стратегийн далавчит пуужин юм. 2-3 мянган км-ийн тусгалтай уг пуужин нь газрын гүнд байрлах командын байрууд, холбооны сүлжээнүүдийг устгах зориулалттайгаас гадна усан дээрх байнуудыг устгах чадвартай ажээ.

Бөмбөгдөгч онгоц, пуужингуудаас гадна Хятад улс хамгийн орчин үеийн нисгэгчгүй нисэх аппаратууд /дрон/, тэдгээрийн дотор Гунжи-11 /НАТО-гийн нэршлээр GJ-11/ гэдэг төхөөрөмжийг олон нийтэд үзүүллээ. Цохилтын болон тагнуулын зориулалтаар ашиглаж болох уг дроныг радарт баригддаггүй стелс” технологийг ашиглан зохион бүтээсэн ба гаднах хэлбэрээрээ Америкийн стратегийн бөмбөгдөгч В-2 нисэх онгоцтой нэлээд төстэй харагдана. Дашрамд дурдахад, Орос улсад ийм төрлийн С-70 Охотник гэдэг нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэн туршиж байгаа юм.

Сүүлийн үед АНУ хуурай газарт байрлалтай дунд тусгалын пуужингуудыг шинээр зохион бүтээн туршиж байгаа нь Хятад улсыг нэн ихээр түгшээж байгаа бололтой  

Америкийн цэргийнхний санааг багагүй зовоож мэдэхээр орчин үеийн зэвсгийн системүүд Хятадын армид бий. Тэдгээрийн  дотор Дунфэн-21D, Дунфэн-26 гэдэг дунд тусгалын баллистик пуужингуудыг нэрлэж болно. Энэ хоёр пуужинг нисэх онгоц тээгч хөлөг онгоцны ангуучид” гэж нэрлэдэг” хэмээн Оросын Стратеги, технологийн дүн шинжилгээний төвийн захирал Константин Макиенко ярьж байна.   

Дашрамд дурдахад, 2015 онд болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын үеэр үзүүлж байсан Дунфэн-21D” гэдэг шинэ загварын баллистик пуужин нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцны хамгаалалтыг сэтлэн давж чадах дэлхий дээрх цорын ганц баллистик пуужин ажээ. Уг пуужин сансрын тойрог замд гарсныхаа дараа буцаад дэлхийн агаар мандалд нэвтрэх ба байнд ойртох үедээ дууны хурдаас 10 дахин илүү хурдтайгаар маневр хийх чадвартай ажээ.

Газета.ru” цахим хуудсанд бичсэнээр бол, Хятадын зэвсгийн шинэ системүүд нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт цэргийн хүчээ төвлөрүүлэхэд нь АНУ-д саад учруулахаас гадна Хятад улс хязгаарлагдмал хэмжээний цэргийн хүч хэрэгсэл ашиглан эсрэг талын хариу цохилтоос урьтан ялалт байгуулах магадлалыг өсгөж байгаа аж. Тус бүс нутагт байрлаж буй Америкийн цэргийн баазууд нь агаарын довтолгоо ба пуужингийн довтолгооноос хамгаалах найдвартай системгүй учраас Хятадын пуужингийн дайралтанд өртөх эрсдэл бий гэж цэргийн шинжээчид үзэж байна.

 

Б.Адъяахүү

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх