Монгол Улс эдийн засгаа сайжруулах үүднээс уул уурхайн баялгынхаа олборлолтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь улсын эдийн засагт тустай ч уул уурхайн дэд бүтцийн хөгжил, ялангуяа авто болон төмөр зам зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалах байгууллагууд, эрдэмтдийн судалгаанд үндэслэж тал хээр, говь цөлийн бүсийн дагуух амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс 2015 онд төв Азийн орнуудаас анх удаа баталсан билээ. Үүгээр зогсохгүй уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Стандартчилал хэмжил зүйн газар батлаад удаагүй байна. Ингэснээр Монгол орны аль ч хэсэгт авто, төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстойг стандартчилж өгсөн гэсэн үг. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн, цоохор ирвэс зэрэг олон зэрлэг амьтны нүүдлийн зам, амьдрах орчинд саад учрахгүй байх боломж бүрдэх юм.
Гэвч өдгөө стандарт хараахан хэрэгжиж, хөрсөн дээрээ "амилаагүй” байтал дэд бүтцийн томоохон ажлууд эхнээсээ эхэлж байна. Ялангуяа хялганат хээрийн бахархал болсон цагаан зээрийн гол идээшил нутаг болох зүүн аймгуудад, тодорхой хэлбэл, Баруун-Урт-Бичигт чиглэлд 272 км цемент бетон хучилттай их даацын авто замын ажил эхлэхэд ойрхон болжээ. Эдийн засаг талаасаа ач холбогдолтой ч нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах бодит аюул байгааг гадаад, дотоодын мэргэжлийн судлаачид сэтгэл зовнин хэлж байна.
Цагаан зээр бол нүүдэллэдэг амьтан. Заримдаа хэдэн зуун мянгаараа нэг дор сүрэглэж газар дэлхийг доргиодгийг дэлхийд зөвхөн Африкийн зэрлэг үхрийн нүүдэлтэй зүйрлэх нь бий. Ийм сүрлэг нүүдлийг өөр хаана ч харахгүй гэсэн үг.
ЦАГААН ЗЭЭРИЙН СҮРЭГ АХИАД ХУВААГДАХ УУ
Амьтдын нүүдэлд хамгийн их саад болдог нь авто болон төмөр зам. Монгол Улс нийт 1088 км урт төмөр замтай. Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваасан билээ. Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо маш цөөхөн тоо толгой үлдсэн түүхтэй.
Харин нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүрэг одоохондоо тааваараа бэлчиж явна. Гэхдээ энэ сүрэг төдийгүй бусад тууртан удахгүй зүүн бүсэд өрнөх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтаас болж мөхөж мэдэх аюул хэдийнэ хаалга тогшиж эхлээд байна.
Учир нь, Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто зам, зүүн бүсэд тавих төмөр зам социализмын үед таслагдаж үлдсэн цагаан зээрийн нүүдлийн замыг хааж таарах нь. Цагаан зээр ган зуд болоход бэлчээрээ дагаж олон зуун км нүүдэллэдэг. Тэгж яваад хил дээр, төмөр зам дээр ирдэг ч өргөст торонд тулаад зогсдог. Гарах гэж зүтгэсэн нь торонд олон арваараа өлгөгдөж үхдэг, машинд дайруулдаг. Тухайлбал, 2016 оны эхний хоёр сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж 5000 гаруй зээр өлгөгдөж үхсэнийг судалгаагаар тогтоосон бөгөөд сэг зэмийг нь олон машинд ачиж газарт булжээ. Энэ бол наад захын жишээ.
Ганц цагаан зээр ийм хүнд байдалд ороод байгаа юм биш. Шинээр барих авто болон төмөр зам хулан, хар сүүлтийн нүүдэлд бас л саад болохоор байна. Нэгэнт улс орны эрх ашгийг хойш нь тавихгүйгээс хойш төмөр болон авто зам барьж л таарна. Харин энэ ажлыг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр яаж хийх вэ, хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх баталгааг одоогоор хэн ч өгч чадахгүй байна.
Хэрвээ ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн төслөөр явах юм бол цагаан зээрийн сүрэг ес хуваагдана. Хулан долоо, хар сүүлтийн сүрэг мөн долоон хэсэгт хуваагдах төлөвтэй байгааг эрдэмтэд хэлж байна. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид онцолдог билээ.
Зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах асуудлыг гаднын орнууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдсэн байдаг. Жишээ нь, нүхэн гарцыг нэлээд өргөн хэмжээтэй хийдэг. Өөрөөр хэлбэл, цаад тал нь тэнгэр нэвт харагдахаар тийм хэмжээг сонгодог юм байна. Зэрлэг амьтад ийм газраар чөлөөтэй нэвтэрч гардаг нь олон улсад нотлогджээ. Ийм гарцуудыг шинэ стандартын дагуу Монголд хийх байх гэж найдаж, тэгэх ч үүрэгтэй.
Зүүн чиглэлд авто болон төмөр замыг ямар санхүүжилтээр барих нь тодорхойгүй байгаа. Буцалтгүй тусламж өгөхгүй нь тодорхой тул ямар ч төрлийн сонголт байсан Монгол Улс ирээдүйд төлж таарна. Тэгэхээр хамгийн түрүүнд зардал хэмнэх гэж оролдох нь тодорхой. Эмзэглэх зүйл биш, энэ бол байх л асуудал. Харин хэмнэлт нэрээр нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц барих зардлыг уян хатан тооцолгүйгээр хасвал хойшид харамсаад баршгүй ноцтой асуудал үүсэхийг шийдвэр гаргагчид анхааралдаа авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл, төр засгийн шийдвэрүүдийн дийлэнхи нь олны сэтгэлд нийцдэггүй нь тухайн ажлын мөн чанарыг сайн ойлгоогүй түшээдээс болдог билээ. Чухамдаа ийм учраас л гарцны асуудлыг шийдвэр гаргагчид анхааралдаа авах нь чухал гээд байгаа юм. Судлаачид, мэргэжилтнүүд ямар төрлийн гарц байх, хаана барих боломжтойг тодорхойлоод өгнө. Гэтэл энэ талаар ямар ч ойлголтгүй хэдэн түшмэд хэт үнэтэй байна гээд байх ёстой чухал гарц барих зардлыг хасчихвал яах вэ. Сайн ойлголцож, шийдвэр гаргагч том дарга нарт "үүрэг, сануулга” өгөхгүй бол ийм үйл явдал гарцаагүй тохионо.
Монгол Улс байгаль хамгаалах чиглэлийн олон улсын томоохон конвенциудад нэгдсэн байдаг. Ялангуяа Бонн хотноо 1979 онд байгуулсан Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS) тухай конвенцод манай улс элсчихсэн, дүрэм журмыг нь дагаж биелүүлэх үүрэгтэй. Юутай ч төмөр болон авто зам барихдаа амьтдад зориулж заавал гарц байгуулах ёстой болсон нь эрх зүйн талаасаа өөрөө том амжилт юм. Хууль нь байна, гашуун жишээ нь ч байна. Одоо Стандартчилал хэмжил зүйн газрынхан стандартын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах үлдлээ. Ялангуяа шинээр барих төмөр замд энэ стандартыг хэрэгжүүлэхэд хяналт тавих нь маш чухал юм. Компаниуд ч энэ тал дээр идэвх зүтгэл гаргаж стандартын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах цаг болжээ.
Үндэсний шуудан