Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

ОХУ-д гарсан ой хээрийн түймрээс үүдэн Сибирийн хар баавгай олноороо Монголын хил даван орж ирж, суурин газруудаар үзэгдэх болжээ.

Тодруулбал, дүрвэсэн баавгайнууд манай улсын хойд хил болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт олноор үзэгдэх болсон бөгөөд сүүлд айлын хоттой хонь руу дайрсан тухай мэдээлэл цацагдаад байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын засаг дарга Ц.Пүрэвдорж “Манай сумын нутагт долоодугаар сарын 29-өөс эхлэн баавгайнууд үзэгдэх болсон. Цагдаа, байгаль орчны байцаагчид болон байгаль хамгаалагч нар ээлж гарган баавгайг үргээх арга хэмжээ авч байна. Дайчилгаанд нутгийн иргэд мөн хамрагдаж байгаа. Эдгээр баавгайнууд ойролцоогоор 30 км тутамд ганц нэгээрээ явах болсон бөгөөд Хөцөө, Жалга гэх газруудаар хамгийн их орж ирдэг. Одоогоор яг хэдэн тоо толгой баавгай орж ирснийг мэдэх боломжгүй байна” гэлээ.

Өнгөрөгч долоодугаар сарын сүүлчээр хар баавгай айлын хоттой хонь руу дайрсан анхны тохиолдол гарсан бөгөөд түүнээс хойш шөнө оройн цагаар хонь мал барьсан, зуслангийн байшинд хадгалсан ааруул, өрөм идсэн тохиолдол гурван удаа гарчээ.


Одоогоор хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд орон нутгийн удирдлагуудын зүгээс иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа юм. Түүнчлэн айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Ийнхүү олноор үзэгдэх болсон дүрвэгч баавгайн асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдэж дээрээс ирсэн тушаалын дагуу үргээлгэ хийж байгаа гэдгийг нутгийн захиргаанаас мэдээлээд байна.

Авч буй арга хэмжээний талаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Байгаль орчны байцаагч Г.Энхтүвшин хэлэхдээ “Сибирийн түймэртэй холбоотойгоор хар баавгай олноор орж ирсэн. Өлсгөлөн баавгай хоттой хонь руу дайрч, идэж, заримыг нь тас татсан байна. Мөн хэд хэдэн айлын гэр сүйтгэсэн. Азаар эзгүй таарсан. Зөвхөн манай сум гэлтгүй бусад сумдад ч баавгай их байна гэх мэдээлэл ирсэн. БОАЖЯ-наас баавгайнуудыг устгаж болохгүй гэсэн чиглэл өгсөн. Мөн Цагдаагийн ерөнхий газраас “Үргээлэг хий” гэж сум тараасан. Сумын захиргаанаас ажлын хэсэг гаргаж шөнө бүр эргүүл хийж, сум тавьж байна. Гэвч хүмүүсийг амарсан хойно ойгоос гарч, хоттой хонь руу дайрдаг. Чацарганы тариалангийн талбайг сүйтгэсэн гээд тоочвол Сибирийн хар баавгай олон зүйл сүйтгэсэн. Хүдэр сумын нутаг Жалга, Цэнхэр гүүр, Уялга, Хөцөө, Нумт зэрэг газарт одоогоор есөн айлын 30 орчим бог мал идсэн гэх тооцоо гарсан. Шөнө болгон иргэдээс дуудлага ирж байгаа” гэлээ.
/

Б.Гантуяа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх