Японы Засгийн газрын $111,808-ын буцалтгүй тусламжаар Дундговийн Сайнцагаан сумын Цэгцбилиг сургуулийг засна

  • 0
  • 3812
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн засварыг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийхээр боллоо.

Тодруулбал 2024 оны аравдугаар сарын 14-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих уг төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Энэ хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн хичээлийн байр болон өргөтгөлийн байрыг засварлах юм. Тус сургуулийн хувьд он удаан жилийн ашиглалтаас үүдэж хуучирч, муудсан модон цонхоор салхи ихээр сийгж, өвлийн улиралд анги танхим маш хүйтэн байдгаас гадна дээврээс байнга дусаал гоождог нь 436 сурагч, 46 багш ажилтан нарт эрүүл, аюулгүй орчинд боловсрол, сургалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулж байна. Засвар хийгдсэнээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэх юм.

Япон Улсын Засгийн газар Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 607 дахь, Дундговь аймагт хэрэгжих 17 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 111,808 ам.доллар гэж Японы Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх