Б.Наранбаяр сайдын шийдвэрийг эсэргүүцэж А.Отгонбаатар өндөг шидлээ

  • 0
  • 1475
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөв. Энэ үеэр Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд руу өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийллээ.

А.Отгонбаатар “45 хоног бэлдсэн багш нараа өөрийнхөө хувийн сургуульд багшлуул. Багш нарын дутагдал уг сууриндаа байгаа юм.  Та гурван намын янханчлал, МАН-ын дор сайд болчхоод багш нарынхаа цалинг нэмье гэж Л.Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна.  

Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. Та нар боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа гээд 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь шийдэх асуудал юм уу” гэв.  

Энэ яриагаа дуусгаад А.Отгонбаатар халааснаасаа өндөг гаргаж ирэн П.Наранбаяр сайдын нүүр рүү шиджээ.

Энэхүү үйл явдлын үеэр сайдтай хамт мэдээлэл хийж байсан албаны хүмүүстэй зодолдов. Түүнийг төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хүчээр гаргажээ. 

Боловсролын сайд П.Наранбаяр "Гэрээт багш ажиллуулах журамтай холбоотойгоор "Нэгдүгээрт энэ журам нь багшийн дутагдал, хомсдолыг нөхөх зорилготой. Өнөөдөр 4200 орчим багшийн сул орон тоо байна. Үүнээс Байгалийн ухаан болон Англи хэл хамгийн өндөр байгаа юм.

Бид зүгээр нэг гудамжинд байгаа хүнийг 45 хоногийн курсээр сургана гэсэн зүйл огт биш. Дээр дурдсан хичээлүүд буюу хими, физик, биологи, технологи, англи хэл, математик гэсэн мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулийг 2.7 буюу 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллаач гэж урьж байгаа.

Үүнийг богино хугацаанд хурдтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ бол эцэг, эхэд ээлтэй шийдвэр. Хоёр жилийн турш химийн багшгүй явж байгаа сургуулиуд ч байна.

Бид үндсэн багшийн үнэмлэх олгож буй асуудал ерөөсөө биш. Зөвхөн багшлах эрхийг олгож байгаа. Тухайн хүн цаашдаа 4-5 жил багшлаад үндсэн багш болъё гэвэл тусгай шаардлага тавьж эхэлнэ" гэсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх