Нам, эвсэл, улс орноо хорлон сүйтгээд байвал эрх мэдэл аяндаа ирдгийг Н.Энхбаяр яруу тодоор харуулж байна. Үнэн хэрэгтээ МАН-ыг хорлож байгаа мэт харагдах авч цаад агуулгаараа Монгол Улс, ард түмнээ хорлож байсан хэрэг юм. Гэтэл эрх баригчид улс үндэстнээ арав гаруй жил хорлосон нөхрийг төрийн өндөр дээд албанд багаар нь урин залж байгаа нь МАН-ын зүтгэгчид болон ард түмэнд лав таалагдахгүй нь ойлгомжтой. Эхнээсээ эсэргүүцэл илэрхийлж эхэлжээ. Уг нь МАН, ард түмэн Н.Энхбаярыг төрийн бүх өндөрлөгт залж, “Улсаасаа баян Ерөнхийлөгч” болгосон юм шүү дээ. Тэр өнөөдөр “Юмны эзэн, сумны занги” мэт аашилж байгаа нь МАН дотор бус нийт ард түмний дургүйг хүргэж эхэлжээ. Үнэн хэрэгтээ МАН Н.Энхбаярыг шагнах бус “яллах” ёстой. Тэгэхээр урин залаад байгаа нөхрийн улс үндэстэнд учруулсан хорлон сүйтгэх ажиллагааны талаар товчхон бөгөөд тодорхой өгүүлье. Түүнээс бус түүний улс төрд хөл тавьсан цагаас эхтэй хорлон сүйтгэх ажиллагааг дэлгэнэ гэвэл маш том ажил болно. Эрх биш гавьяа байгааг дурдаагүй ч үгүйсгээгүй болно.
Юуны өмнө МАН 2009 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд гурвантаа ялагдал хүлээсэн нь шууд утгаараа Н.Энхбаяртай холбогдоно. Яахав, 2009 онд Н.Энхбаяр өөрөө өрсөлдөөд унасан. Харин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын нэр дээрээс Н.Удвалыг нэр дэвшүүлсэн нь МАН-аас нэр дэвшигчийг унагаах үндэслэл болсон. Тухайн үед МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал тав орчим хувийн санал авснаар өндөр рейтингтэй байсан бөх Б.Бат-Эрдэнэ унаж, хорлон сүйтгэх ажиллагаа тун амжилттай болсон. Мөнхүү 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас попын шинэ үеийн хаан С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн нь сонгууль дахин санал хураалтад тулав. Эцэст нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоо хорлосон. Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээсэн нь түүний хорлон сүйтгэх ажиллагаа байв. Үүнээс үүдэж улс оронд нүүрлэсэн бэрхшээл өнөөдөр хүртэл арилаагүй байгааг Н.Энхбаяр өөрөө ч мэдэж байгаа, МАН ч мэдэж л байгаа. Н.Энхбаярын хорлон сүйтгэх ажиллагааны үр дүнд байгуулагдсан Засгийн газар, Төрийн эрх барих дээд байгууллагын алдааг засах гэж таван жилийн нүүр үзсэн ч өнөөг хүртэл бүрэн замд нь оруулж чадаагүй байна.
Н.Энхбаяр ба түүний нөхөд хорлон сүйтгэх ажиллагааныхаа шанд 2012-2016 онд төрийн эрх барилцаж, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газарт багтаж байв. Хорооны Засаг дарга хүртэл Төрийн сайд болж байв даа. Барилцах ч гэж дээ. Хамтран самралцаж байв. Юуны өмнө “Чингис” хэмээх бондыг босгож, тал талаас нь хэмлэв. Олон ч амьтны хэтэвчийг зузаалсан, бас шүүх цагдаагийн хаалга татуулсан алдарт бонд юм. Үүнээс улс орны хэмжээнд наалдсан зүйл гэвэл тун ховор. Үүрээд явж болохгүй болохоор өргөн, зузаанаас нь хэмлэсэн хэдэн километр зам үлдсэн байх шүү. Сүүлдээ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгч зүйлийг босгож ирээд хуваан зулгаав. Ингээд бонд нэрээр мөнгө босгох нь хэтэрхий багадаад дэлхийд данстай Оюутолгой, Тавантолгойн төсөл рүү гар дүрцгээв. Нэгэнт гар дүрсэн учраас Тавантолгойн гүйцэтгэх захирал нь тэдний өмнөөс ял авч, Дубайн гэрээ гээчийг байгуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь ял тулгуулчихаад эх орондоо ч ирж чадахгүй тарчилж байна.
Сүүлдээ УИХ-аасаа нууж байгаад “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн ОХУ-д байх 49 хувийг хэсэг нөхөд луйвардаад оруулаад ирэв. Утаа нэрээр мөнгө урсгасан ч утаа улам бүр өтгөрч байлаа. Хөөстэй гэдэг ч яах аргагүй 17 хувийн эдийн засгийн өслөлттэй байсан Монгол Улсыг хүлээн авсан АН, МАХН 2016 онд хасах үзүүлэлттэйгээр хүлээлгэн өгсөн нь үнэн. Энэ бүх зүйл өрнөж байхад Н.Энхбаяр Засгийн газарт хамтарч, УИХ-д бүлэгтэй жаалж байв. Хамгийн наад зах нь түүнтэй хамтарсан, түүнд зүтгэж байсан олон улстөрчид карьер ч үгүй намтартаа хар толбо хатгаад дууссан жишээ цөөнгүй бий. УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба, Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэргүүтэй олон хүнийг дурдаж болно. М.Энхсайхан улс төрд 30 жил явахдаа эрүүд татагдаж байгаагүй атал АН, МАХН-ын засагт богино хугацаанд ажиллахдаа ийнхүү “аав”-ын хаалга татсан нь санаандгүй хэрэг биш. Энэ мэтээр Н.ЭНхбаярын хувь хүн болон улс оронд учруулсан балаг дуусахгүй. Гэтэл дахин балаг тариад өгөөч хэмээн гуйж залж байгаа эрх баригчдыг юу гэж ойлгох вэ.
Өнөөдөр тэр төр засгаас ч илүү байр сууриа илэрхийлдэг, албан тушаал ярьдаг боллоо. Тэрээр өөрийн өмчлөлд байсан МАХН-ыг өнгөрөгч тавдугаар сард татан буулгасан. Ингэхдээ тэрээр “Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтайгаар салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнгээ өгсөн” хэмээн ичих ч үгүй залж байна лээ. Хийсэн ажил гэвэл миний дээр товчлон дурдсан зүйлс л байгаа.
Мэдээжийн хэрэг МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт мандуулахын тулд Н.Энхбаярт найр тавьсан. МАН улс оронд тохиолдох хүндрэлийг эс тооцон ялалтын төлөө явсан нь харагдана. Ингэхдээ Н.Энхбаярын талаас намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгөхөөр болсон. Задалвал МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр орж ирэх аж. Улсын хэмжээнд МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно гэсэн гэрээ бий. Энэхүү 2200 албан тушаалыг МАН-д насаараа зүтгэсэн хүмүүсээс булаан авна гэсэн үг.
Үүнээс гадна өдгөөгийн Засгийн газарт МАХН 30 хувийн квот авна гэсэн гэрээний дагуу ажиллаж байгаагаас харахад багадаа таван сайдын суудал ногдоно. Мөн үүнийг дагасан яамдын халаа сэлгээ явагдана гэхээр Засгийн газар огцорч байгаатай ялгаагүй зүйл. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа Л.Оюун-Эрдэнийн танхим 17 сайдтай. Гэтэл МАХН-д зориулан Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулах битүү сураг бий. Өнөөх балаг нь дуусахгүй Н.Энхбаяр хүнд цагт төрийн бүтцийг хүртэл данхайлгаж байгааг бид харж байна.
Тэр зөвхөн сайдын суудал аваад зогсох гэрээнд ам өчгөө өгөөгүй. Үүн дээр нэмэгдээд агентлагууд, ТӨХК-иуд орно. Үүнээс харвал энэ төрийн бүтэц бүрэн утгаараа эвдэгдэнэ. Үүнээс үүдсэн маргаан МАН дотор төдийгүй улс орон даяар дэгдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Нуулгүй хэлэхэд төрд үймээн дэгдэнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Н.Энхбаярт орон зай гаргаж өгөх гэж таван сайдаа “зүслээд” байгаагийн нэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж. Тэр Н.Энхбаяртай нэгэн тогоонд багтахаа больсон тэтгэврийн өвгөн учраас чимээгүй явъя гэсэн бодолтой байгаа байх. Харин ид халуун гал дунд ажиллаж байгаа сайд нарын нэрс байгаа нь аанай л Н.Энхбаярын балаг. Тэдний оронд хэн очих вэ гэхээр аанай л Н.Энхбаярын сүүдэрт улс үндэстнийхээ эсрэг гэмээр үйл ажиллагааг арав гаруй жил зохион байгуулсан Ц.Оюунбаатар, Б.Тулга, Н.Удвал гээд нэрлэгдэж байгааг дуулгасан.
МАН удаа дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн байж болно, 100 жилийнхээ ойд Ерөнхийлөгчийн суудлаар бэлэг барих гэсэн байж болно. Оройгүй их ялалтыг хүссэн ч байж болно. Гагцхүү үүний төлөө төрийн тогтворгүй байдалд нөлөөлөх, цаашид улам бүр намаа эвдэх, нэгдмэл зорилгогүй болгох, улмаар үндэстэнд хортой зүйл хийв ээ гэдэг нь тунгаах асуудал боллоо. Гэхдээ энэ бол БНХАУ-тай хийсэн нүүрсний гэрээ биш, ОХУ-тай хэлэлцсэн хийн хоолойн асуудал биш. Өөрөөр хэлбэл улс гүрэн дундын гэрээ, гадаад харилцаа биш. МАН хэмээх Төрийн бус байгууллага МАХН хэмээх татан буугдсан Төрийн бус байгууллагатай гэрээ хийсэн хэрэг. Одоо бол МАХН биш авлига албан тушаалын гэмт хэргийн бүртгэлтэй иргэн Н.Энхбаяртай гэрээлсэн төдий зүйл учраас хаячихад нийтийн дунд муухай харагдахгүй л байх. Хоёр Төрийн бус байгууллагын албан тушаалын наймаа төдий асуудал шүүх дээр л лав очихгүй.