Коронавирусний халдвар дотооддоо кластер голомт хэлбэрээр бүртгэгдээд 26 хонож байна. Ингэж халдвартай нүүр тулж” эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, чиг үүргийн бусад байгууллагууд хөдөлгөөн хязгаарлах, ариутгал халдваргүйтгэл хийх гээд урьдчилан сэргийлэх боломжит бүхий л ажлыг хийсээр байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед МХЕГ чиг үүргээ хэрхэн биелүүлж байгааг тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчингээс тодрууллаа.
-Мэргэжлийн хяналтын байгууллага коронавирусний халдварын үед хүн хүчээ хэрхэн хуваарилан ажиллаж байна вэ?
– Энэ сарын 12-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/117 дугаар тушаалаар Шуурхай штабыг шинэчлэн байгуулсан. Үүний дагуу коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж, мэргэжлийн хяналтын нийслэл, орон нутгийн 26 нэгж бэлэн байдалд шилжиж, дунджаар 20 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй штабыг байгуулж төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Коронавирусний халдварын алаг цоог өвчлөл, кластер өвчлөл, хүн амын дундах тархалт гэсэн гурван цагийн онцгой байдалд шилжин ажиллах 2200 улсын байцаагч, үйлчилгээний ажилтан, шинжээч лаборантууд ажил үүргээ гүйцэтгэж байна. Улсын байцаагчид өнгөрсөн баасан гарагт л гэхэд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 42 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ.
Тодруулбал, Хан-Уул, Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн есөн төвд хийсэн хяналтаар хамгаалах хувцасгүй, бэлэн байдлын төлөвлөгөөгүй, үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжсэн бүртгэлийг дутуу хөтөлсөн зөрчил илэрсэн. Харин өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисийн 10-20 хоногийн нөөцтэй байна.
Мөн улсын байцаагчид үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж болон хүнсний дэлгүүрүүдэд өдөр бүр хяналт хийж байна. Одоогоор цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 494 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгсөн.
– Өнгөрсөн баасан гарагт нийтийн тээврийн жолооч коронавирусний халдвар авсан мэдээлэл олон нийтийг түгшээсэн. Энэ сарын 4-5-нд ямар газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийв?
-Энэ хугацаанд улсын хэмжээнд 173,510 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн 66 объектын талбайд голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан. Мөн хот хоорондын болон хот доторх нийтийн тээврийн 1149 автомашин, зорчигч үйлчилгээний 10 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна.
-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед орон нутгийн нислэг үйлдэгдэж эхэлсэн. Мөн хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэдийн хөдөлгөөнд ямар хяналт тавьж байна?
-Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорионд саатаад байсан иргэдийг Хүннү эйр, Аэромонголиа дотоодын агаарын тээвэрлэгч авиакомпаниуд тээвэрлэж байна. Энэ сарын 4-ний өдрийн байдлаар Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлаас дотоодын дөрвөн ч нислэг үйлдэгдсэн.
Буянт-Ухаа” ОУНБ-ын хувьд байнгын бэлэн байдалд, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсээр байна. Нислэгүүдэд Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс хамтран зорчигчдыг хоорондоо 1,5-2 метр зай барьж үйлчлүүлэх, халуунаа хэмжүүлэх, амны хаалт зүүж гараа ариутгах зэрэг шаардлага тавьж ажиллаж байгаа.
Коронавирусний PCR шинжилгээ өгсөн хариуг зорчигчийг хүлээлгийн танхимд нэвтрүүлэхийн өмнө Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнууд шалгаж ажиллаж байна. Нийслэлд 20 гаруй хоног хөл хорионд саатсан иргэд нутаг буцах хөдөлгөөнд өдөр бүр хяналт тавьж байгаа.
Тухайлбал, энэ сарын 4-5-ны хооронд улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 261 цэгээр 14655 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьсан. Энэ үеэр 29868 иргэнд зөвлөгөө өгсөн. Нийслэлийн Амгалан, Лавай, Драгон авто вокзалаас орон нутаг руу 85 автобусаар 2771 иргэн орон нутаг руу зорчсон мэдээтэй байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид иргэдийн ачаа тээшинд ч хяналт тавих үүрэгтэй. Шалгалтаар нийслэлд сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулсантай холбоотойгоор орон нутаг руу сайжруулсан түлшийг зөөвөрлөх зөрчил гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.
-Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гэрийн ажиглалтад байгаа хүнд ямар хяналт тавьж байна?
-Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн нийслэл болон орон нутгаас ирсэн иргэдийг 14 хоног гэрийн ажиглалтад байх ёстой. Энэ ажилд аймгийн тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын ажилтнууд хяналт тавих үүрэгтэй. Мөн тухайн сумын онцгой комисс, ӨЭМТ, багийн Засаг дарга нар давхар хяналт тавин ажиллаж байна. Гэрийн ажиглалтад байгаа айл өрхүүдийн гадна тусгай тэмдэглэгээ нааж байгаа бөгөөд энэ нь коронавирусын сэжигтэй болон халдвартай тохиолдол биш юм.
Улаанбаатар болон бусад халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа. Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмийг зөрчиж Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.
-Зарим улсын байцаагч өвчлөл гарсан голомтод ажиллаж байна. Тухайн хүн үүрэгт ажлаа биелүүлэх үед ямар бэрхшээл гардаг вэ?
-Тухайлбал, хилээр нэвтэрч байгаа иргэд, ачаа тээврийн хэрэгсэл, тусгай үүргийн нислэгээр ирэгсдийг тосох зэрэгт хамгийн түрүүнд ордог газар нь мэргэжлийн хяналт. Хамгийн эхний шүүлтүүр болдог мэргэжлийн хяналтын байгууллагынхан энэ хугацаанд улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, зорчигчид хяналт, эрүүл мэндийн тандалтыг хийж байна.
Тэд халуунд хөлс нэвтрэхгүй хувцастай, хамаг шингэнээ хөлсөөрөө гадагшлуулан, өвөлд нь хүйтэн памперсандаа хайруулж хошуугаа ч бүлээцүүлэх завгүй ажилладаг. Таныг одоо гэртээ буйдан дээрээ тухлан сууж байхад ч тэд ажилласаар байна. Тэгэхээр таны төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа шаардлагыг биелүүлж, хайртай хүмүүсээ хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг сануулмаар байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан