ВАШИНГТОН. /TASS/.Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тохиосонтой холбоотойгоор үгээгүй ядуу амьдарч буй хүмүүсийн тоо 2020, 2021 онуудад 150 саяд хүрч нэмэгдэнэ. Энэ тухай Дэлхийн банкнаас лхагва гарагт нийтэлсэн дэлхийн ядуурлын түвшний асуудлаарх илтгэлд дурджээ.
COVID-19” цар тахлын сөрөг нөлөө нь мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөг улам нэмэгдүүлж, ингэснээр дэлхий даяар ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл хэрэгт ахиц дэвшил гаргах явцыг удаашруулж байна. Үүнтэй холбоотойгоор энэ онд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа үгээгүй ядуурлын түвшин нэмэгдэнэ” хэмээн илтгэлд дурджээ.
Коронавирусний цар тахлын үр дагаврын улмаас 2020 онд 88 саяас 115 хүртэлх сая хүн үгээгүй ядууралд орж магадгүй бол 2021 онд энэ тоо 23-35 саяар нэмэгдэж, хоёр жилийн дотор 110 саяас 150 саяд хүрч магадгүй байна.
Өдөрт 1.90 ам.доллароос бага мөнгөөр голоо зогоон амьдарч буй хүмүүсийг үгээгүй ядуу” гэж тодорхойлдог бөгөөд 2020 онд үгээгүй ядууралддэлхийн хүн амын 9.1-ээс 9.4 хүртэлх хувьд нөлөөлж магадгүй байгааг Дэлхийн банк дурджээ. Цар тахал дэгдээгүй байсан бол туйлын ядуу зүдүү амьдардаг хүмүүсийн тоо энэ онд 7.9 хувьд хүрч буурах байсан аж. Одоо энэ тоо аажмаар 2017 оны үзүүлэлт буюу 9.2 хувь руу эргэн орж байна.
Цар тахлаас өмнө дундаж орлоготой байсан хүмүүс үгээгүй ядууралд орно гэдгийг илтгэлд онцолжээ. Тодруулбал, туйлын ядууралд өртөх хүмүүсийн 82 орчим хувь нь дундаж орлоготой орнуудын оршин суугчид байх аж.
Дэлхийн хүн 1.4 хувиас илүүг нь цар тахал, эдийн засгийн уналтын улмаас үгээгүй ядууралд оруулж болзошгүйг Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Мэлпас цохон тэмдэглэжээ. Эдийн засгийн хөгжил, ядуурлын түвшнийг бууруулах хэрэгт болсон томоохон уналтыг сөрөн зогсохын тулд улс орнууд COVID”-н дараах эдийн засаг, ажиллах хүчин, шинэчлэлийн байдалд шилжихэд бэлэн байх хэрэгтэй хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Одоогийн нөхцөлд 2030 он гэхэд үгээгүй ядуурлыг үндсээр нь арилгах тухай өмнө нь тавьсан зорилгодоо Дэлхийн банк хүрэх боломжгүй болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Дундаж орлогын өсөлт удааширсны улмаас 2019-2021 онуудад дэлхийн нийтийн хамтын хөгжил цэцэглэлтэд өөрчлөлт гарахгүй эсвэл бүр дордоно гэж шинжээчид мөн үзэж байна. Эдийн засгийн идэвх сулрах нь нийгмийн ядуу давхаргад илүү хүнд цохилт болж, нийгмийн сайн сайхан аж байдлын түвшин ойрын жилүүдэд илүү бага үзүүлэлтэд хүрэх аж.