ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр томуугийн дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам Томуугийн дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Томуугийн вакцинд аймгийн төвийн 2-5 хүртэлх насны хүүхэд буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамруулна. Нийслэл хотын хувьд 6 сартайгаас 9 нас хүртэлх хүүхдүүдийг хамруулах юм. Хүүхдүүдийг харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төв болон сургуулиудад байгуулагдсан дархлаажуулалтын түр цэгүүдэд хамруулах ажлыг зохион байгуулна. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүд улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах баталгаажуулах хуудастай танилцаж, баталгаажуулна. Хэрвээ таны хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын дархлаажуулалтад хамрагдсан аль эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллийг эмч болон сургууль, цэцэрлэгийн багш нарт заавал мэдээлж, улирлын томуугийн вакциныг хийх хугацааг хойшлуулна.
Мөн томуугийн вакцинд өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдах юм. Эдгээр иргэд харьяа сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн дархлаажуулалтын байнгын төвүүдэд очиж хамрагдана.
6 сартайгаас 2 нас хүртэлх хүүхдэд 2 удаагийн тунг нэг сарын зайтай, 3-аас дээш насны болон насанд хүрсэн хүмүүсийг нэг удаагийн тунгаар дархлаажуулна. Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногт заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн хамруулна” гэлээ.