Бээжинд SARS-CoV-2 коронавирусийн халдвартай сүүлчийн хоёр өвчтөн эмнэлгээс гарснаар Хятадын нийслэлд цар тахал дэгдсэнээс хойш анх удаа халдвартай нэг ч өвчтөн үлдээгүй тохиолдол болсон талаар Бээжингийн Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш Бээжинд 935 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 335 нь Синьфади бөөний худалдааны зах дээр зургадугаар сард илэрч байсан аж. Одоогоор Хятадын нийслэлд тахлын хяналтын арга хэмжээнүүдийг сулруулсан бөгөөд гагцхүү нийтийн тээвэр, дэлгүүр, кинотеатр, төрийн байгууллагууд болон бусад олон нийтийн газарт явахдаа л амны халт зүүхийг зөвлөж байгаа юм байна.
Regnum агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт Бээжин хотод COVID-19 болон коронавирусийн халдварын шинж тэмдэггүй тохиолдол нэг ч бүртгэгдээгүй аж.
Г.Бямбасүрэн