Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын холбогдох албаныхан өнөөдөр туулах чадвар сайтай автомашиныг нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон нийслэлийн Цагдаагийн удирдах газарт гардуулан өглөө.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт бүрэн тоноглогдсон 40 автомашин, нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 110 автомашинаар парк шинэчлэлт хийгдэж байна. Ийнхүү туулах чадвар сайтай автомашинаар бүрэн хангаснаар гэмт хэрэг, зөрчлийн газар болон түргэн тусламж шаардлагатай газарт 3-5 минутад түргэн шуурхай очиж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, нийслэлийн иргэдийн аюулгүй байдал хангах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд энгийн автомашинаас гадна туулах чадвар сайтай, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашин хэрэгтэй. Энэ ч үүднээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд эрүүл мэнд, цагдаагийн газруудад парк шинэчлэлтийг хийж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан. Нийслэл хотод нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Иймд бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Нийслэлийн хувьд олон эх үүсвэрээс хөрөнгө оруулалтын ажлуудыг хийдэг. Тодруулбал, НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Мөн улсын төсөв, бусад зээл тусламжаар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр салбарын яамдуудтай хамтарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хүн амын эрүүл мэнд, аюулгүй амьдралын баталгаа болсон эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газруудыг бэхжүүлэхэд нийслэл хот онцгой анхаарч ажилласан. Туулах чадвар сайтай эдгээр бүрэн тоноглогдсон автомашинаар хангаснаар иргэдэд түргэн шуурхай хүрч үйлчлэх хугацааг нэмэгдүүлнэ. Стандартаар бол 10 мянган хүн тутамд нэг автомашин иргэдэд үйлчлэх ёстой байдаг. Иймд Хотын даргаар ажиллаж байхдаа аюулгүй хотыг бий болгох хүрээнд автомашины парк шинэчлэлтийн ажлыг хотын төсөвт суулгаж өгсөн. Аюулгүй хот” төслийг өнгөрсөн хавар Ерөнхий сайдад танилцуулж, уг ажлыг эхлүүлсэн. Энэ дагуу аюулгүй хотыг бий болгохын тулд шаардлагатай ажлууд цаашид ч үргэлжлэх ёстой гэж бодож байна” хэмээлээ.
ХӨСҮТ-ийн Д.Нямхүү ХӨСҮТ-д 2009 онд парк шинэчлэлтийн ажлыг хийж байсан. Манай машинууд орон нутгуудад хүрч үйлчилдэг, мөн халдвартын түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс энэ бол парк шинэчлэлтэд нэмэр болсон бүрэн тоноглогдсон автомашинаар хангагдаж байгаадаа талархалтай байна. Туулах чадвартай автомашинтай болсноор явахад бэрх газруудад хүрч очиж, иргэддээ үйлчлэх боломжоор бүрэн хангагдах юм” хэмээв.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Жижүүрийн цагдаа жолооч Ө.Мөнх-Эрдэнэ Өвөл, зун, цасанд, бороонд гээд цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд туулах чадвар сайтай машин цагдаагийн алба хаагчид бидэнд маш их хэрэгтэй байдаг. Туулах чадвар сайтай автомашинтай болсноор цагдаагийн бие бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллах, хүлээж авсан дуудлагад цаг алдалгүй очих боломж бүрдэж байна” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс