Т.Ням-Очир: Сурах бичгийн 80 хувийг хэвлэсэн

  • 0
  • 53
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар БШУ-ны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулга авлаа.

-ЕБС-ын сурагчдын энэ хичээлийн жилд хэрэглэх сурах бичиг хэвлэлтээс гарсан уу. Өмнөх жил II дугаар улиралд хэвлэлтээс гарсан шүү дээ?
-2019 онд Засгийн газрын тогтоолоор бүх сурах бичгийг тухайн сургуулийн номын сангаар дамжуулж сурагчдад түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Энэ хүрээнд сурах бичгийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр, тендер зарлаж хэвлэсэн байгаа. Сурах бичиг хэвлэх компанийн тендер зарлагдаж, хэвлэж байгаа гээд хугацаа алдаж хоёрдугаар улиралд хэвлэгдсэн. Энэ жилийн хувьд долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 78 нэр, төрлийн 780 мянга орчим буюу нийт сурах бичгийн 80 орчим хувийг өнгөрсөн жил хэвлэж, орон нутагт хүргүүлсэн. Үлдсэн сурах бичгийг хичээлийн шинэ жилээс өмнө сургуулиудад хүргэнэ. Тэгэхээр энэ жил ном сурах бичигт ямар нэгэн асуудал гарахгүй. 

-Сурах бичгийн нөхөн хангалтыг хэрхэн хийх вэ?
-2020-2021 оны хичээлийн жилд ЕБС-д 680 мянга орчим хүүхэд суралцана гэсэн судалгаа гарсан. Энэ нь өмнөх жилээс 42 000-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгэхээр сурах бичиг нэмж хэвлэх шаардлага гарч байгаа юм. Хуулийн дагуу тендерээр шалгарсан компани хэвлэж байна. 

-Сурагчид сурах бичгээ үнэгүй ашиглах уу?
-I-V ангийн сурагчид үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичиг ашигласны төлбөр 17300 төгрөг төлнө. Энэ төлбөрийг дөрвөн жилийн дараа сурах бичгийг актлахад дахин хэвлэлтийн зардал болгоно. 

src=http://resource4.sodonsolution.org/undesniishuudan/image/2020/08/14/s44n0i47bmgg5on7/%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D1%85-%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3.jpg

-Цахим хичээлийг орон даяар заана гэсэн үү?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу сурагчид 1-1.5 метрийн зайтай сууж хичээллэнэ. Танхимаар хичээллэх өдөр, цагийн тоог багасгах, зохицуулалт хийх шийдлүүдийг судалж гаргасан. Үүгээр нэг ширээнд нэг хүүхэд суухаар зохицуулагдсан байгаа. Тухайн анги хэдэн ширээтэйгээс хамаараад нэг ангид хэдэн хүүхэд сууж хичээллэх нь харилцан адилгүй байна гэсэн үг. Гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Гэхдээ энэ зохицуулалт зөвхөн ачаалал ихтэй буюу аймаг, нийслэлийн сургуулиудад хэрэгжинэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Сум, багийн сургуулиуд хэвийн  хичээллэнэ.

-Дүрэмт хувцас шинэчлэгдэх үү. Хаагуур худалдаалах вэ?
-Сурагчид 2013 онд батлагдсан дүрэмт хувцсыг өмсөж байгаа. Дүрэмт хувцас  ялгаатай байдлыг арилгах, бусдаас өмссөн зүүснээрээ ялгагдахгүй байх боломж олгодог. 2019 онд дүрэмт хувцасны стандарт дахин батлагдсан. Цар тахлын улмаас өрхийн эдийн засаг хүндэрч байгаа. Тийм учраас дүрэмт хувцасны загварыг энэ хичээлийн жилд дахин шинэчлэхгүй. БШУЯ-наас аймаг, Нийслэлийн боловсролын газар, Гаалийн ерөнхий газар, бусад холбогдох газруудад чиглэл өгсөн байгаа. Үйлдвэрлэгчид хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломж байгаа. Орон нутагт борлуулах цэгүүдээ гаргаад эх орондоо үйлдвэрлэсэн чанартай нэгдсэн загварын дүрэмт хувцсаа хэрэглэгчдэд хүргэх тал дээр анхаарч ажиллаж байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх