Дэлхийн хамгийн загварлаг хүмүүс болох итали, францчуудаас эхлээд технологи, шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед хүмүүс өлссөөр л буй Африк, Азид ч нэгэн хандлагыг ажиглаж болно. Хаана амьдарч, ямар ажил эрхэлж буйгаас үл хамааран бид жилийн орлогынхоо 3-8 орчим хувийг хувцас худалдан авахад зарцуулдаг. Хөгжиж буй, хөгжингүй орнуудын хувьд энэ тоо мэдээж бага зэрэг хэлбэлзэнэ. Өнөөдөр дэлхий даяар хувцас, загварын зах зээлд 400 гаруй тэрбум ам.доллар эргэлдэж, хэдэн сая үйлдвэр ажиллан, үндэстэн дамнасан том брэнд ч, зуун худалдан авагчтай жижиг дэлгүүр ч төрөн гарч, бас зах зээлээс арчигдсаар байдаг. Зөвхөн захиалгаар, асар өндөр үнээр худалддаг эдлэлүүдээс эхлэн нэг ам.долларын үнэтэй бүтээгдэхүүн хүртэлх өргөн сонголт бидний өмнө байна гэсэн үг.
Даяаршил, технологийн хөгжлийг даган дэлхий хавтгайрсан энэ үед хаа нэгтээ асар хямд өртгөөр бүтсэн хувцсыг хаанаас ч худалдаад авчих боломжтой болсноор fast fashion” буюу хямд атлаа загварлаг хувцасны бүхэл бүтэн нүсэр салбар өндийн босож, хөл дээрээ бат зогслоо. 1990-ээд оноос эхэлж, 2000-аад онд хүчээ авсан хямд хувцасны үйлдвэрлэл өдгөө дэлхий даяар олон сая хүнийг ажилтай байлгаж, заримыг нь бүр Форбес”-ын жагсаалтад оруулжээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд хүн төрөлхтний хувцасны хэрэглээ хоёр дахин нэмэгдэж, эдэлгээний хугацаа эсрэгээрээ, хоёр дахин багассан байна. Хямд хувцасны зах зээлийн жинхэнэ өртөг, хор хөнөөлийн тухай хэн хүнгүй ярих болсон цагт үйлдвэрлэгчид ч, байгаль орчны төлөө тэмцэгчид ч, хэрэглэгчид ямар нэгэн гарц шийдлийн эрэлд гарч байна.
Тэгвэл энэ зах зээлд тэргүүлэгч Зара”, H&M зэрэг брэнд 2025 оноос байгальд ээлтэй материал үйлдвэрлэлд ашиглахаа мэдэгдэж байна. Түүнээс гадна хэдийн худалдаад авчихсан ч загвар нь хоцрогдсон хувцаснуудыг дахин боловсруулан, өөрчлөн засах бизнесүүд цаашид хөгжих бололтой. Орчин цагт үйлдвэрлэл, үйлчилгээний сурталчилгааны чухал суваг болоод байгаа инфлюнсерүүдийг байгальд ээлтэй загварт уриалах, олон нийтийн сүлжээгээр хувцасны хэрэглээг багасгахад чиглэсэн кампанит ажил, ухаалаг сонголт, удаан хэрэглээг дэмжсэн аян, акц явуулж эхэллээ. Шинэ хувцас, цамц худалдан авах нь сэтгэл зүйн нэгэн төрлийн эмчилгээ гэдэгт бат итгэсэн, эд хэрэглэлээс хараат болсон бид цаашид хүссэн хүсээгүй энэ бүхнээс ангижрах, цөөн зүйлийг удаан хэрэглэх хэв маягт шилжих нь.