Н.Цогбадрах: Иргэд хориотой ан хийснээ эмчээс нууж, тарваган тахал өвчнийг хүндрүүлдэг

  • 0
  • 39
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Саяхан тарваган тахал өвчнөөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Сүүлийн үед тарваган талын голомтоос сэжигтэй тохиолдлууд олноор  илэрч,  иргэдийн санааг зовоож байна. Тиймээс бид тарваган тахал өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой талаар  Зоонозын өвчин судлалын төвийн өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрахаас тодрууллаа.

-Тарваган тахал өвчин  ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

- Тарваган тахал нь өвчин үүсгэгч өндөр хоруу  чанарт нянгаас үүсэж, халдвартай мэрэгч амьтдын  бүүрэг буюу бөөсөөр  дамжин халдварладаг. Энэ өвчин  халуурах,  булчирхай зочих, амьсгал давчдах, хордлого өгөх  шинж тэмдгээр илэрдэг. Тарваган тахал нь байгалийн голомтод,  олон улсын хөл хориот,  гоц аюулт халдварт өвчин юм. Энэ өвчин уушгины хэлбэрээр илэрбэл  ганцхан орноор хязгаарлагдахгүй бусад улсруу халдварлах боломжтой. Хэрвээ дотооддоо халдварыг алдвал   коронвирусийн халдварын хэмжээнд  хүрэх аюултай юм. Тиймээс тарваган тахал өвчний талаарх мэдээллийг цаг тутам ДЭМБ-т мэдээлэлж, хяналтад авдаг.

-Тарваган тахлын өвчлөл түүний шинж тэмдгийг дотор нь  ангилдаг уу?

-Энэ өвчний зургаан хэлбэр батлагдсан байдаг . Өвчтөний шинж тэмдэг  хаана, хэрхэн  халдвар авснаас шалтгаалж өөр, өөрөөр илэрдэг. Тухайлбал, үхсэн тарвагыг өвчих явцдаа гараа исгэж халдвар авсан тохиолдолд  суга, цавины булчирхай цочиж, өндөр халуурч, гараа өргөх тэнхэлгүй болдог. Энэ шинж тэмдгийг илэрсэн даруйд нь арга хэмжээ аваагүйгээс болж  хоёрдогч уушгины хэлбэрт шилжиж  хүндэрдэг.  Үүнээс болж  амьсгал  давчдаж , амьсгалахад хүндрэлтэй болдог. Мөн  ходоод гэдэсний хэлбэрт шилжвэл бөөлжих, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Өвчний  нууц үе  хэдхэн цагаас 100 хоног хүртэл  хугацаанд үргэлжилдэг.  Энэ өвчин нь амь насаа алдах  хэмжээний онц аюултай өвчин. 

- Энэ өвчлөл манайхаас гадна дэлхийн өөр ямар улс орнуудад тархсан байдаг  уу?

 

- Тарваган тахал нь зөвхөн Монголоос гадна дэлхийн олон оронд  элбэг  тархсан. 2010-2019 оны хооронд дэлхийн 11 улсад 6360 тохиолдол  бүртгэгдэж,  871 хүн нас барсан  байдаг.  Үүнд Африк, Мадагаскарт, Танзани,  Угандад, Өмнөд Африк, Америк, Перу зэрэг орнуудад  маш их тохиолдсон байдаг. Тухайлбал Перуд,  Хойд Америкт 48 удаагийн өвчлөл гарсан. Азийн улс орнуудад Хятадад 15, Монголд 7, ОХУ 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

-Тэгвэл Монгол улсад бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хуваалцаач?

- Баян-Өлгий аймагт 2019 хоёр тохиолдол бүртгэгдсэн. Тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэснээс болж маш хурдан хугацаанд үжил хэлбэрээр хүндэрч нас барсан. Харин энэ жил Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд үжил хэлбэрээр өвдөж нас барлаа. Ховд аймгийн  Цэцэг суманд тарвага агнаж арьсыг нь өвчих үед гар нь хуучин шархтай байснаас болж халдвар авсан хоёр тохиолдол  булчирхайн хэлбэрээр илэрч, цаашлаад  уушгины өвчлөлөөр хүндэрч эрсдэлтэй тохиолдол үүсэж Ховд аймагт хөл хорио тогтоосон. Мэргэжлийн байгууллагууд цаг алдалгүй, хариуцлагатай ажиллаж, голомтыг богино хугацаанд таслан зогсоосон.  Одоогоор хоёр хүний биеийн байдал дунд түвшинд байна. Тэдний нэг болох 16 настай хүүхэд  гурван удаагийн шинжилгээгээр тарваган тахал гэж тодорхойлогдоогүй учраас эмнэлгээс гарсан. 27 настай эрэгтэйн эмчилгээ одоогоор үргэлжлэн хийгдэж байна.

 

Үүнээс хойш Ховдын Үенч, Говь-Алтайн Эрдэнэ, Сонгионо-хайрхан дүүрэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 

 

Яаралтай хариу арга хэмээг зохион байгуулж шинжилгээний дээжийг  түргэвчилсэн оношлуураар оношлоход хариу үгүйсгэгдсэн байгаа. Онош үгүйсгэгдсэн нь сайн мэдээ боловч тарвага агнаж, махыг нь идэж, тээвэрлэсэн эрсдэлтэй алхмууд хийгдэж байгаа нь маш аюултай юм. Эдгээр тохиолдол нь азаар  өвчлөөгүй өнгөрсөн ч хэрвээ өвчилсөн бол маш олон хүний дунд тархах аюултай байсан.  Нийт хүн амын 50 хувь буюу 1 сая 500 гаруй мянган хүн оршин сууж байгаа Улаанбаатар хотод  тарваган тахлын эрсдэлийг тээсэн хүн орж ирсэн байсан нь  маш том аюул. Хэрвээ тэр хүн тарваган тахал тусаж,  уушгины хэлбэрт шилжсэн байсан бол  маш хурдан тархаж, маш том хохирлыг амсах байлаа. 

 Мэргэжлийн болон төр захиргаа,  салбар хоорондын оролцоот байгууллагууд урьдчилан сэргийлэх  арга хэмжээг маш сайн  хэрэгжүүлэн  телевиз, радио,  сошиол орчноор сургалт сурталчилгааг иргэдэд хангалттай хүргэж байгаа. Гэсэн хэдий ч иргэд энэ аюулт өвчинд ач холбогдол маш бага өгч байна. Энэ нь дэлхий нийтийг цочроогоод байгаа коронавирусээс дутахгүй аюултай өвчин.  Манайхан тарваганы махыг хүнсэндээ хэрэглэж байгаад халдвар авсан тохиолдолд энэ нь амьсгалын замаар маш олон хүнийг хамарсан халдвар гарвал коронавирус шиг дэлхий нийтэд аюул учраална гэдгийг ойлгоосой.  Иргэд үүнийг хайрахгүй өнөөдрийг хүртэл  тарвагыг агнаж, хүнсэнд хэрэглэсээр байгаа нь маш хариуцлагагүй байгагийн илрэл юм. 

-Тарваган тахлын идэвхжих үе гэж байдаг уу. Тарвага өвөл ичээнд амьдардаг амьтан шүү дээ.  Хэдэн сараас тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгдөг вэ?

- Тарвага бол улирлын чанартай ичиж амьдардаг амьтан. Дөрөвдүгээр сард ичээнээсээ гардаг.  Тиймээс манайх гурав, дөрөвдүгээр сараас тарваган тахлаас сэргийлэх зөвлөмж, сургалтыг явуулдаг. Мөн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг  зургадугаар сарын 15-аас вакцинд хамруулдаг. Гэсэн хэдий ч эрсдэл гарсаар л байна. Гэвч тарваган тахал  өвчинд  улиралчил байхгүй болж байна. Учир нь ичидгүй амьтдын дундаас тарваган тахлын нян илэрч байгаа.

Тухайлбал, Дорноговь аймгийн Замын Үүдэд бор харх, гэрийн хулганаас тарваган тахлын үүсгэвэр илэрсэн. Тиймээс жилийн дөрвөн улирлын хэдийд ч өвчин гарах эрсдэлтэй байгааг анхааруулж байгаа баталгаа юм.

Мөн тарвагыг агнаж, хөлдөөж  хадгалан  хавар болчихсон хойно ч гэсэн хэрэглэж байна. Манай улсын хувьд тарваган тахал гарах эрсдэл хуучин шиг байх аа больсон.  Улирал хамаарахгүй халдварладаг болсон. Өмнө нь  наймдугаар сарын 10-аас хойш үс ноос нь ургаж гүйцсэний дараа тарваганы арьсыг зарж борлуулдаг байсан учраас хорио тавигддаг байсан. Тиймээс наймаас аравдугаар сарын үед тарваган тахлын тохиолдол бүртгэгддэг байсан бол Баян-Өлгийн тохиолдол дөрвөн сард гарсан. Ховдын тохиолдол зургадугаар ард гарлаа. Энэ мэт хугацаа нь урагшлаад л байна. Мөн дээрх шалтгаануудтай холбоотой  тарваган тахал хэдийд ч гарах  эрсдэлтэй байна. Тарваган тахал өвчин зөвхөн урин дулааны улиралд тохиолддог байсан нь өөрчлөгдөж байна гэсэн үг. Тиймээс иргэд байнга анхаарал сэрэмжтэй байх ёстой.

-Саяхан 15 настай хүүхэд тарваган тахлаар нас барсан. Энэ хүүхдийн нэгдүгээр хавьтагчдыг хэрхэн тогтоосон бэ. Тарваган тахал нь хэрхэн халдварладаг вэ?

-2020 оны эхний хагас жилд бүртгэгдэж байгаа тарваган тахал өвчний тохиолдол  ихэвчлэн хавьтлын замаар  халдвар авсан байсан. Тухайлбал, тарвагыг өвчих, хүнсэнд хэрэглэхдээ халдвар авдаг. Ховдын хоёр тохиолдол гарын шалбарсан шархаар халдвар авч булчирхай нь зочиж улмаар эмнэлгийн тусламж авч чадалгүй хүндрэн уушгины хэлбэрээр хүндрэн амь насанд нь эрсдэл тохиолдож хүндэрсэн. Төгрөг суманд гарсан тохиолдол мөн шууд тарваган тахлын нян цусанд нь орсноор цусанд нь нян эргэснээр болж үжил хэлбэрээр өвдөж нас барсан. Энэ тохиолдолд хамт басан гэрийнхэн нь хүмүүс халдвар аваагүй байсан. Бид дуудлага исэнээс хойш нэгдүгээр хавьтлын бүх хүмүүсийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулдаг. Ингэснээс бусад хүмүүс халдвар авахгүй аврагдана. Нас барсан 15 настай хүүхдийн аав,ээж нь тарваган тахлын вакцинд хамрагдсан байсан. Ойр дотнын 15  хүмүүс нь халдвар аваагүй.

-Тарвагыг агнахыг хориглох нь экосистем алдагдахад нөлөөлөх болов уу. Тарвага их хэмжээгээр өсөж үржих гэх мэт?

-Агналтыг тодорхой хугацаатайгаар хорьсон. Гэвч хорьсон хугацаанд тарвага их хэмжээгээр өсөөгүй. Учир нь хориотой агналт буураагүй, нууцаар агнадаг хэвээрээ байгаагийн илрэл. Мөн тухайн амьтдын дунд өвчлөл маш их байгаа учраас өөрсдөө биологийн шалгарлаар үхэж үрэгдсэн. Харин жижиг мэрэгчдэд халдварууд нэмж тархаж байна. Бидний сүүлийн жилүүдэд хийсэн судалгааг харахад Монгол орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна. Өнгөрсөн жил 3000 гаруй жижиг мэрэгчдийг олзворлож 2500 гаруй сэг зэм, 2000 гаруй  махчин шувууны гулгидас, 7000 гаруй бөөс бөөргөнийг шинжилж халдварлалтыг тогтоосон байгаа.

Бид маш их хүч хөдөлмөр гарган тарваган тахлын голомтыг тогтоож иргэдэд анхааруулж тарвага идэж болохгүйг анхааруулсаар байхад зөрж байгаа мэт тарваган тахлын голомтоос нь агнаж махыг нь идэж байна. Ходв аймгийн Үенч, Цэцэг сумдад байгалийн голомт идэвхтэй байгааг илрүүлсэн байна. Говь-Алтай төгрөг, эрдэнэ, чандмань суманд  тарваган тахлын эрсдэлийг илрүүлчихсэн сануулаад байхад тоохгүй байна. Заавал хэн нэгэн нас барж, эрсдэлд орсны дараа л ухаардаг. Хожуу ойлгосон үед нь халдвар аль хэдийн авч амь насаа алдаж олон хүнийг өвчлүүлсэн эрсдэлтэй байдал үүсдэг.

-Эрсдэлийг сануулсаар байхад иргэд тарвагны махыг хэрэглээд байгаа шалтгааныг юу гэж боддог вэ. Тарваганы маханд хүний эрүүл мэндийг дэмжих шим тэжээл бусад амьтны махнаас илүү агуулагддаг уу?

Мах бол мах шүү дээ. Азот агуулсан уургалаг бодис. Онцгой тусгай амин дэм агуулаагүй. Тарваганы тосноос үйлдвэрийн аргаар хэрэгцээтэй бодисуудыг гаргаж  гадуур түрхлэгт хэрэглэдэг явдал байна. Түүнээс биш нэг тарваганы мах идээд дархлаагаа дэмжиж, эрүүл саруул болж, ямар ч өвчин тусдаггүй бол бид коронавирусийн эсрэг хүн бүрт тарваганы мах идүүлэх хэрэгтэй биз дээ. Тиймээс онцгой юм огт байхгүй. Идээд даахгүй маханд минь болоо юу, элдүүл даахгүй арьсанд минь болоо юу гэж дуу хүртэл байдаг. Үүнийг эрүү мэндээ сайжруулж, тамир тэнхээгээ сайжруулж байна хэмээн хэрэглэх ёсгүй шүү дээ.

-Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой  иргэд ажлын хамт олон найз нөхдөөрөө тарваганы махыг ихээр хэрэглэж байгаа дүр зураг их харагдаж байна. Тиймээс  иргэдэд сэрэмжлүүлэг өгөөч?

-Иргэд аялал зугаалгын  улирал эхэлсэн энэ үед иргэд тарвагыг агнахгүй байх ёстой. Агнагдаж байгаа тарвагыг өвчтэй гэж ойлгох ёстой. Байгалийн амьтан өөрөө маш сонор сэрэмжтэй байдаг.  Маш  сэргэг учраас өглөөний нарнаар л гардаг. Хүнд тийм амар алагддаг амьтан ч биш. Ер нь буудуулж, туршлагагүй анчинд алагдаж байгаа тарвага бол өвчтэй л гэж ойлгох хэрэгтэй. Мөн урхинд орж, нохойд бариулж байгаа тарвага бол хөдөлгөөн нь удааширч, ойр орчноо эдгэхгүй болсон өвчтэй тарвага гэсэн үг. Үүнийг л идэж хэрэглэх нь өвчин тусаж өөрийнхөө болон бусдын амт насыг санаатайгаар хорлож байна гэсэн үг. Тиймээс иргэд тарвагыг агнаж, хүнсэнд хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн түүхий эд эрхтнийг нь бөөр, цөсөнд сайн гэх мэт буруу ойлголтоор хэрэглэж болохгүй. Энэ нь маш аюултай. Үүнээс болж амь насаа алдаж байна.

Сүүлийн жилүүдэд гарч байгаа тарваган тахлын өвчлөлийн тохиолдолд ихэвчлэн эмчилгээний зорилгоор түүхий эд эрхтнийг хэрэглэсэнтэй холбоотой гарч байна. Тухайлбал Баян-Өлгий аймагт гарсан  тохиолдол хоёулаа үүнээс болж нас барсан байгаа. Аливаа амьтны түүхий эд эрхтэнг хэрэглэнэ гэдэг нь өөрийнхөө эрүүл мэндэд ноцтойгоор хохирол учруулж байна гэсэн үг. Мөн хөдөө амарч явахдаа хээр гадаа доороо юм дэвсэлгүй суух тэр тусмаа тарваганы дошны дэргэд сууж, хэвтдэг хүүхдүүдээ  хараа хяналтгүй тоглуулдаг. Үүнээс болж бөөс, бүүргэнд хазуулах эрсдэлтэй.  Мөн хээр гадаа өвчний улмаас үхсэн тарвагатай таараад саваагүйтэж оролддог. Үүнээс болж өвчин авах эрсдэлтэй. Тарвага байгалийн жам ёсоороо өвчлөхдөө маш ихээр үхдэг амьтан.

Бид 2019 онд 257 сэг зэм цуглуулж шинжилгээ хийхэд бүгд тарваган тахлаар үхсэн байсан. Зөвхөн тарвага гэлтгүй, оготно, зурам жижиг мэрэгч амьтад бөөс дамжиж , бусад амьтдад халдварладаг. Мөн хот суурин газар руу түүхий тарваганы арьс, түүхий эд эрхтнийг оруулж ирвэл маш өндөр хуулийн хариуцлага хүлээнэ.  Тиймээс иргэний үүргээ биелүүлэн хариуцлагатай байх ёстой. Мөн хөдөө орон нутагт явахдаа санамсаргүй тохиолдлоор тарваганы мах идсэнээс болж халуурах, булчирхай цочих гэх мэт шинж  шинж тэмдгүүд илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж, утсаар эрүүл мэндийн байгууллагат  хандах хэрэгтэй. Сүүлийн үед өөрсдөө хориотой ан хийснээсээ болж түүнийгээ нууж өөрийнхөө өвчлөлийг хүндрүүлж байна. Дараа нь эмнэлэгт хүндэрсэн үедээ ирж өөр шинж тэмдгүүд хэлж эмчийг төөрөгдүүлдэг.  Тарвага идсэн мөртлөө идээгүй гэж хариулдаг. Үүнээс болж эмч уушгины хатгаа, ходоод гэдэсний үрэвсэл гэх мэт өөр онош тавьснаар эмч эмнэлгийн ажилчид нэгдүгээр хавьталд өртөх тохиолдол гардаг.

Мөн цаг алдсанаас болж өвчтөн амь насаа алдах аюул гардаг. Мөн Говь-Алтай аймгийн Төгрөг суманд үүсэн  асуудал нь өвчнөө анзаараагүйгээс бие нь  гэнэт муудсанаас болж эмнэлэг явах замдаа эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Өнгөрсөн жил баян-Өлгий аймагт гарсан нэг тохиолдол нь мөн гэртээ нас барсан. Нэг хүн нь  нууж явсаар  эмнэлгийн маш олон хүмүүсийг халдварт өртүүлж, өөрөө  дараа нь  нас барсан. Нууна гэдэг хамгийн аюултай. Тиймээс халдвар авсан иргэд өөрөө эмнэлэгт очиж болохгүй заавал утсаар дуудлага өгөх хэрэгтэй. Мөн та  тарваганы мах идээгүй  байсан ч  тарвага агнаж,  түүхий эрхтэнг нь худалдаж байгаа тохиолдлыг мэдсэн бол мэргэжлийн хандаж, хууль бус үйлдлийг таслан зогсох хэрэгтэй.  


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх