Намрын сэрүү орохоос урьтаж аялал зугаалгад явах хүмүүс ихэсдэг. Энэ насандаа аялж зугаалахгүй юм шиг л аашилдаг манайхан орон нутгийн хэдэн иргэдээ ирэхэд нь үйлдэл бүрийг нь орк хэмээн гайхаж, ам уралдуулдаг. Гэвч аялал зугаалгын үед их хотын соёлтой иргэн ч орк үйлдэл гаргадаг гэдгээ анзаардаг бил үү. Тэр тоолонд нь нутгийн иргэд илүү дутуу үггүй өнгөрүүлж, байгальд халтай бүхнийг нь замхруулдаг гүндүүгүй зангийн хариуд бид даварчихжээ.
Зун цаг, залуу нас хоёрыг дарвиж өнгөрүүлэх хэрэгтэй гэлцдэг. Аагим зуны халуунаар аялж зугаалалгүй л яахав. Найз нөхөдтэйгөө салхинд гарч, халуун чулуу атгаж, голын усанд шумбан, элдвийг ярилцан суух шиг жаргал хаана байх билээ. Хоёргүй үнэн утга агуулах ч гэлээ хогоо хаяж сүйдлээд байвал сайхан дурсамж гэчихмээр зүйл юу үлдэх вэ. Ойрын амралтын өдрүүдээр Туул голын эргийг эгээтэй л автомашины зогсоол болгох нь холгүй нийслэлчүүд шавж байна. Гэвч тэднээс хэд нь хаясан хогоо цэвэрлэх ухамсартай бол гэдэг нь эргэлзээтэй.
Энд тэнд аялж явахдаа хаа олдсон цэвэрхэн газрыг нь голж шилсээр байрлачихана. Нууртай нутгуудаар бол ялаа шавж байгаа мэт дүр зураг харагдах нь энүүхэнд. Майхантай, машинтай иргэд нь эрэг дагуу тухалж харагдана. Зарим нь бүр ширгэж буй голын эхийг ажсан ч мөнөөх л хэнэггүй зангаараа машинаа угаах үзэгдэл олонтой зурайна. Харин аялагчдыг явахад энэ байдал тэс өөрөөр үргэлжилэх нь бий. Байгальд зүлэг, ногоо, моддын сэргэг үзэмж бус булингартсан гол, архи, пивоны шил, тамхины иш, чихэр жимсний уутаас авахуулаад төрөл бүрийн хог хөглөрнө. Нэг ёсондоо манайхан байгаль орчноо хогийн цэгээр сольдог нь нууц биш.
Зарим нь бүр хогоо ууталчихаад, бөөгнүүлж орхиод яваад өгнө. Гэхдээ ууталж чадсан юм хойно хогийн цэгт аваачаад хаячих ухамсар манайханд байдаггүй. Аль эсвэл дараагийн хүндээ хог хийх уут олдохгүй гэж санаашраа юм болов уу. Санаа зоволтгүй ээ, дараагийн аялагчдад хогоо хийчих уут эрх биш олдоно.
Хүн бүрийг хогоо хаядаг, соёлгүй гэж байгаа хэрэг биш. Харин соёлтой боловсон дүр үзүүлчихээд далдуур бүдүүлэг үйлдлээ алгасдаггүй нөхдүүд их байна. Шаардлага тавьбал өмнөөс эрх чөлөө яриад зогсчихоно. Хог хаях цэг, нийтийн бие засах газраа шийдэх нь яасан юм” хэмээн хээв нэг зандарна. Иймхэн зүйл дээр ч төр ярьж, улс төржиж суухын оронд хувь хүний ухамсар хандлагаа дээшлүүлэх хэрэгтэй биз ээ.
Амралт зугаалгад явах гэж байгаа бол ахиухан хогийн уут бэлдчихээрэй. Тодорхой хэмжээнд хог хаягдал гарах нь ойлгомжтой. Тухай бүрт нь цэвэрлээд явчихвал дараа дараагийн амрагчид та бүхний хогтой зууралдах нөхцөл үүсэхгүй биз ээ. Цацсан хог хаягдлаа цэвэрлэж байгаа соёлыг тань л сайшаана уу гэхээс хогтой зууралдаад хэмээн бохир муухайгаар тань дуудахгүй нь лавтай.
Аялж зугаалахдаа хогоо орхиж оддог соёлгүй зангаа энэ жил л засчихна гэсэн итгэл байхгүй. Иймд тархиндаа ч, үйлдэлдээ ч хоггүй наадацгаая, монголчууд аа.