Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар цөөн малтай болон малгүй иргэдийг ажлын байртай болгож малчин өрх, малчин ажил олгогч, гэрээт малчин өрх зэрэг иргэн болон айл өрхүүдийг уг хөтөлбөрт хамруулах юм. Хөтөлбөрийн хүрээнд малчин өрхийг малжуулах, малчдад мал маллах арга ажиллагаа, аж ахуй эрхлэлтийн сургалт, туршлага солилцох, уулзалт, арга хэмжээг зохион байгуулж малчдад нээлттэй арга замыг нээх юм.
Харин малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хадалмарийн чадвартай 18-25 насны 2-оос доошгүй гишүүнтэй, малгүй болон бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна.
Арга хэмжээнд хамрагдах малчин өрх нь малгүй болон 150 хүртэлх толгой малтай бол 5.0 сая төгрөг, 150-200 хүртэл толгой малтай бол 4.0 сая төгрөгийн мал худалдан авна.
Харин малчдад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 100 хувь мал худалдан авч өгснөөс хойш 36 сарын дотор эргэн төлөх замаар шийдвэрлэсэн аж.
Мөн малчин хоорондын аж ахуй эрхлэлтийн сургалт, туршлага солилцох уулзалт зохион байгуулах болно. Уг уулзалтаар хөтөлбөрт хамрагдсан малчдын аж ахуй эрхлэлтийн болон малын эрүүл мэнд, мал маллах арга ажиллагаа, малын ашиг шимийг боловсруулах сургалтад малчдыг хамруулна.
Харин малчдын туршлага солилцох уулзалтад малын хашаа, хороо барих, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Уг хөтөлбөрт тусгагдсан хамгийн сүүлийн дэмжлэг бол гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. Уг дэмжлэг нь хот суурингаас хөдөөд шилжин суурьшиж мал маллах хүсэлтэй өрхийг цалин хөлстэй ажилд зуучилж 2 жилийн хугацаанд тогтвортой ажлын байраар хангаж орлоготой болгоход орших юм.
Энэхүү хөтөлбөрт ажил олгогч малчин нь бог малд шилжүүлснээр 600 болон түүнээс дээш тооны малтай, гэрээгээр мал маллах өрхийг авч ажиллуулах хүсэлт гаргасан байх шаардлагатай.
Мөн гэрээт малчин нь 18-59 насны хөдөлмөрийн чадвартай 2-оос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ хөдөөд шилжин суурьшиж 2-оос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах нөхцөл зөвшөөрч хүсэлт гаргасан байх ба ажил олгогч малчин, гэрээт малчин хоёр өрхийн нийгмийн даатгалийн шимтгэлийн 100 хувийг төсөлд хуваарилагдсан хөрөнгөөс нөхөж төлөхөөр зохицуулагджээ.