Миний мэдэх Цэдэвийн Сэргэлэн

  • 0
  • 67
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Хүн өөрийн мэдэх юмаараа оролдож байх нь зүйтэй юм шигээ. Үнэхээр мэдэж байвал түүнийгээ хамгаалах, түүнийхээ талд бат зогсох ёстой. Мэдэхгүй юмаараа оролдоно гэдэг нь буруудахын шинж. Ц.Сэргэлэн генералыг өмнө нь олон хүн мэддэг, таньдаг байсан, одоо бол бүүр  олон хүн мэддэг  болсон байна.

Миний амьдралын нэг хэсэг энэ хүнтэй салшгүй холбоотой байсан болохоор хэдэн үг хэлэхээр шийдлээ. Анх 1984 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд суралцахаар газар газраас цугласан олон аавын хөвгүүд эрүүл мэндийн үзлэгээр орж байх үед Цэдэвийн Сэргэлэн” гэдэг нэр санаанд тод үлдсэн байдаг.

Тэр цагаас хойш карантин /хээрийн сургалтын төв/-д нэг майханд амьдарч, Өмнөговийн Гашуун сухайтын заставт нэг дор алба хааж, 2-р курстээ хамт бага түрүүч цолтой болж, хоёр курсынхээ ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдож, 3-р курстээ мөн л хамт түрүүч цолтой болж байж. Сургуулиа онц дүнтэй, бусдаасаа нэг цол дээгүүр /ахлах дэслэгч/ төгссөн энэ хүнтэй хамт Дорнод аймагт оччихоод салъя гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа даа” гэж ярьж дуусаагүй шахуу байхад Багахүрээгийн заставын хоёр орлогчоор томилогдож билээ. Ингэж 7 жил хамт байсан хүнээ би гадарлана.

Цэргийн сургуулийн казарм /цэргийн байр/-д 5 жил хамт амьдрана гэхээр бие биенээ дэндүү сайн мэддэг болдог. Баяр, гуниг, зовлон, жаргал бүхнээ хуваалцсан цэрэг эрсийн нөхөрлөл насан туршийнх байдгийн учир нь энэ бизээ.

Эрхэм нөхрөө сонгуульд нэр дэвшихэд нь баярлаж байлаа. Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй гэдэг дээ. Ц.Сэргэлэн бол олон удаа сонгогдож, тос гарахаасаа ус гарах нь их болсон хүмүүсийн дунд цоо шинэ хүн. Шинэ хүн аливаа зүйлийг соргогоор харж, мэдэрч, асуудалд улиг болсон сэтгэлгээгээр хандахгүй нь лав. Нөгөө талаар Монгол улсынхаа төлөө зүтгэе” гэж андгайлсан хүн тангарагаасаа няцдаггүй юм. Няцвал төрийн цээрлэл, түмний шившиг болно гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүйгээр хатаагдсан хүн.

Парламент бол бодлого тодорхойлдог, хууль боловсруулдаг газар. Тэр үүднээсээ Монгол орон, монголын ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүсийн нэгдэл байх ёстой. Түүнээс биш аж ахуйн баахан ажил хийнэ гэж хий хоосон амласан, мөнгө, эд зүйл тараасан, жалга довны үзэл ханхлуулсан хүмүүсийн цугладаг газар биш гэж би боддог.

Сонгуулийн сурталчилгааны үед гүтгэх, гүжирдэх, харлуулахыг оролдох нь хэрээс хэтэрч байна. Хажууд нь байсан, хамт сурч байсан хүн танихгүй царайлдаг болтлоо завхарч байх юм. Угаасаа л алх барьсан тэнэгт бүх зүйл хадаас болж харагддаг”. Харин Ц.Сэргэлэн бол хийсэн, үйлдсэн бүхэндээ ороогдон, микрофоны өмнө ээрч гацан, түүнээс зугатаж яваа хүмүүсийн хажууд нэр цэвэр, мөр тэгш хүн. Тийм ч учраас шантааж зүй”-г эрхэм болгосон ямар ч сэтгүүлчийн өмнө нүүр бардам байж чадаж байна. Түүнийг салхи сөрөн алхаж байгаа учраас араас нь хэн ч нулимж чадахгүй.

Ялаад ирэхийн цагт харин ялаа батгана шиг шавах вий дээ. Жинхэнэ удирдагч хүн бэрхшээлээр шалгагдаж, магтаалаар соригдож, шvvмжиллээр хурцлагдаж, даруу зангаараа танигддаг! Ц.Сэргэлэн бол түмэнд танигдсан тийм л хүн. Ямар ч сонгуулийн ялалтын гол үндэс нь иргэдийн өөрсдийнх нь хүсэл тэмүүлэл байдаг. Дорнодчууд, хилчид та бүхний эрх ашгийг бүрэн төлөөлж чадах энэ хүний төлөө тууштай байж, хүсэл тэмүүллээ дагаарай.

Бэлтгэл хурандаа, доктор/Ph.D/ Х.Түвшинжаргал


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх