Ц.БАЯР
Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэсэн мэдээлэл энэ өдрүүдэд хүчтэй өрнөсөөр. Гэхдээ эцсийн хариуг маргааш буюу энэ Баасангаригт /10.18/ албан ёсоор FATF-аас зарлана гэдгийг Монголбанк мэдээлж байна. Одоогоор Парис хотноо тус байгуулагад хамтын ажиллагаатай орнууд, бусад саарал жагсаалтад орох орнууд тэр дундаа Монголд үнэлгээ хийж байна. Саарал жагсаалтад ороход нөлөөлдөг хамгийн гол дөрвөн үзүүлэлт дээр манай холбогдох байгуулагууд нь хангалттай ажиллаагүй. Тиймээс УИХ-ын дарга эдгээр байгуулагын эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэл нь өөрөө саарал жагсаалтад ороход түлхэц болчихлоо. Гэхдээ саарал жагсаалтад орлоо гэхэд манайд санхүүгийн гэхээс илүүтэй улс төрийн шок үүсэхэд бэлэн боллоо хэмээн улс төрийн хүрээнийхэн болон олон улсын шинжээчид онцолж байна. FATF-аас зөвлөмж болгосон 40 зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох 15 байгуулагаас бүрдсэн "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл” хоёр жилийн хугацаанд эрчимтэй ажилласан гэдэгч гол үзүүлэлт болох дөрвөн үзүүлэлтийн хэрэгжилт дээр дорвитой ажиллаагүйгээс манай улсад сануулга, анхааруулгыг ирүүлсэн. Тухайлбал, хэрэгжилт 3,4,7,8 дээр хангалтгүй муу үнэлгээ авсан нь саарал жагсаалт руу орохгүй байх эдгээрт байгаа онож ажиллаж чадаагүй гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс FATF-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан бол шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-т нь хангалтгүй үнэлэгдсэнтэй холбоотой.
Оймсны хэргийг шийдсэн бол …
Гол үзүүлэлтийн нэг нь мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлаа гүйцэтгэл сайтай хийгээгүй гэдгээр хууль хяналтын байгууллагыг буруутгаж байгаа юм. Үүнтэй холбоотой 46 хэрэг хамаарч байгаа ч хоёр хэрэг нь МИАТ-ын эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон хэргийг том хэрэг гэж үзсэн. Бусдыг нь жижиг хэргүүд гээд хэрэгсэхгүй болгож байжээ. Том хэрэг гэх МИАТ-ын хэрэг нь анхан шатнаас дээд шүүх хүртэл явсан хэдий ч мөн л хэрэгсэхгүй болгосон аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад Мөнгө угаах гэмт хэргээр Улсын дээд шүүхээс ял авч байсан иргэн, ААН байхгүй гэдэг нь бүр ч сонирхолтой үзүүлэлт юм. Тодруулбал, хууль сахиулах байгууллагууд 2011 оноос хойш 4,345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаснаас 46 хүний хэрэг мөрдөн шалгах шатанд шилжжээ. Улмаар 20 хүний хэргийг прокурорт шилжүүлснээс анхан шатны шүүхээр хоёр хүнд ял оногдуулсан аж. Прокуророос мөнгө угаах гэмт хэрэгт 2011 болон 2013 онд ял оногдуулж байжээ. Гэвч Дээд шүүхийн шатанд эдгээр хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хамгийн сүүлд гэхэд энэ жил болсон Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны авлигад авсан мөнгөө оймсондоо нуусан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэгт хамааруулж хуулийн цоорхойг ашиглан дарсан. Энэ мэтчилэн мөнгө угаасан байж болох хэргүүдэд анхаарч ажиллаагүй нь саарал жагсаалт руу орох түлхэц болсонг шинжээжид ярьж байна. Энэ үзүүлэлт дээр анхаарч нэг ч гэсэн хэрэг шийдвэрлээгүй гэдгээр Хууль зүй, дотоод хэргийн яам гол буруутан болж байна. Энэ нь FATF-ийн шалгуурт заасан 40 зөвлөмжийн заавал хэрэгжүүлэх ёстой "хэрэгжилт 7”-д хамаарч байгаа аж.
Хил, гаалийн шинэчлэлийн төсвийг хасаагүй бол….
Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ аваагүй гэдгээр саарал жагсаалтад орох бас нэг үндэслэл нь болоод байна. Саяхан их хэмжээний үнэт эдлэл хилээр гаргах гэж байсан этгээдийг баривчилсан бол их хэмжээний бэлэн валют оруулж ирэх гэж байсан этгээдийг хэдхэн хоногийн өмнө саатуулсан. Жил бүрийн улсын төсөвт хил, гаалын рентген тоног төхөөрөмжийг сайжруулахад зориулж төсөвлөсөн мөнгийг нь Сангийн яам хассаар ирсэн нь энэ жагсаалт руу хальтрахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй аж. Харамсалтай нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр ирэх оны төсөвт 70 орчим сая.ам доллар суутгасан ч энэ нь өнөө маргаашгүй зарлах гэж байгаа саарал жагсаалтаас мултрахад нөлөөлөхгүй нь тодорхой. Энэ нь FATF-ийн шалгуурын "хэрэгжилт 8” хамаарч байгаа юм.
Цочроо өгөх торгууль тавьсан бол ……
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хяналт шалгалтын ажлаа муу хийсэн нь энэ жагсаалт руу түлхэх нэг үзүүлэлт болжээ. 700 гаруй санхүүгийн байгууллагад боловсон хүчний дутагдалтай байдлаас үүдэж мөнгө угаах болон бусад эрсдэлтэй гүйлгээг хянаж чадаагүй гэдгээр Санхүүгийн зохицуулах хороо буруутгагдаж байна. Хэдийгээр зөрчилтэй, ийм төрлийн эрсдэлтэй, сэжигтэй гүйлгээг болон санхүүгийн комплаенс нэвтрүүлсэн эсэхэд хяналт тавьж торгууль ногдуулдагч энэ нь санхүүгийн байгуулагуудад цочроо өгөх хэмжээнд хүрсэн арга хэмжээ болоогүй гэж байна. Хуульд заасан торгуулийн хэмжээ нь бага байсан ч хуульд өөрчлөлт оруулж торгуулийн хэмжээг нэмэх тухайд санаачлагатай ажлаагүй гэдгийг тэмдэглэж байна. Түүнчлэн санхүүгийн бус бизнесийн үйлчилгээ үзүүлдэг үл хөдлөх хөрөнгийн, үнэт металл болох алт мөнгөн эдлэл борлуулдаг болон зуучилдаг байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийх зөвлөмж өгсөн ч хэрэгжүүлээгүй. 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй сэжигтэй гүйлгээг холбогдох байгууллагад мэдээлээгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгийг гэмт хэргийн бус юм шиг харагдуулах мөнгө угаах хэрэгт тавих хяналт шалгалтад ахиц гараагүй гэдгийг олон улсын шинжээчид хэлсэн байна. Мөн "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хууль тогтоомжийн үйлчлэл үл хөдлөх хөрөнгийн агентуудад хамаардаггүй. Үл хөдлөх хөрөнгийн секторт зохицуулалт байхгүйн дээр борлуулалтын шатанд олон төрлийн бизнес оролцдог. Тэд бэлэн мөнгө төлж буй худалдан авагчид хямдрал амладаг байж болзошгүй байна.Монгол Улсад алт олборлож, улмаар албан бус дилерүүд, зуучлагчдад зарж борлуулдаг хууль бус уул уурхайн томоохон сектор ажилладаг байж болзошгүй байна” гэх мэт дүгнэлтүүдийг хийжээ. Энэ нь FATF-ийн шалгуурын "хэрэгжилт 3”-т хамаарч байгаа юм.
Наториат, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын зохицуулалт муугаас…
Манайд наториатын байгууллагууд олноор ажиллаж буй ч үйл ажиллагаа нь эмх цэгцгүй, хараат бус байдал алдагдсан хууль эрх зүйн зохицуулалт дутмаг зэрэг нь эл жагсаалтад хамаархад нөлөөлсөн гэж үзэж буй. Нөгөөтэйгүүр Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын үйл ажиллагаа сул нь санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхижуулах, мэргэшсэн болгох чиглэлд муу ажилласан гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Бас нэг үзүүлэлтийг "Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт хангалтгүй гэдэг нь FAFT-ын "хэрэгжилт 4”-т хамаарч байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх саарал жагсаалтад орох эрсдэлд зөвхөн Монголбанкыг буруутгасан мэдэгдэл хийж байгаа нь саарал жагсаалтад оруулаад өгөөч гэж хэлж байгаагаас өөрцгүй, хариуцлагагүй мэдэгдэл гэдгийг эдийн засагч, улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Учир нь Засгийн газар ирэх жилийн төсвийн зарцуулалтыг хоёр их наяд төгрөгөөр алдагдалтай баталсан. Энэ зардлаа сонгуулийн сурталчилгаанд зарцуулахаа хаацайлахын тулд Монголбанкны ерөнхийлөгчийг саарал жагсалтаар буруутгаж оронд нь УИХ-ын дарга өөрийн хүнийг тавих гэсэн санаархал нуугдаж буй гэсэн хардлага төрүүлж байгааг ч хэлж байна. Тэгэхээр саарал жагсаалтад орсноор манай эдийн засагт нөлөөлөл үзүүлж маргаашнаас эхлээд ханшийн дарамтад орж банк санхүүгийн байгууллагын гадаад гүйлгээ зогсох гадны хөрөнгө оруулалтай ганц төсөл болох Оюутолгойн үйл ажиллагаа зогсох, зээлжих зэрэглэл буурна хэмээн түгшүүр өгч буй нь буруу юм.
Эдийн засгийн өсөлттэй энэ үед макро түвшины хямрал болохгүй. Харин улс төрийн шок болохоос сэргийлэх хэрэгтэй хэмээн сануулж байна. Нөгөөтэйгүүр гадаад харилцаатай холбоотой эдийн засгийн эрсдэл манайд аль хэдийн болоод өнгөрсөн гэдгийг ч зарим эдийн засагчид хэлж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn