Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх арга хэмжээ авна

  • 0
  • 27
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2021.06.23-нд хуралдлаа. Тус хурлаар Бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, тэдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын дараах хоёр шийдвэрийг гаргажээ. Үүнд бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах, Монголбанкнаас урт хугацаат дахин санхүүжилтийн хүрээнд энэ оны гуравдугаар улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрүүд багтсан байна.

Энэ шийдвэрийн талаар  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа “Дээрх шийдвэрүүдийг гаргахын тулд судалгаа, тооцоолол, төсөөлөл хийж ажилладаг. Өнөөгийн бодлогын төлөв инфляцын зорилттой нийцтэй байгаа. Инфляцын өсөлт эдийн засгийн сэргэлттэй холбоотой ч, нийлүүлэлтийн шалтгаантай өсөлт давамгайлж байна. Инфляцын түвшин манай зорилтот түвшний дундаж дээр ирээд байна. Инфляцын өсөлтийн шалтгааныг түр зуурын гэж харж байна. Инфляцын өсөлт бидний хяналтаас гарах  хэмжээнд  хүрч өсөхгүй байх  гэлээ. Цаашид инфляцын түвшин илүү өссөн тохиолдолд Төв банк бодлогын арга хэмжээ авч, Бодлогын хүүгээ нэмэгдүүлэх арга хэмжээг авна" гэлээ.

Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс өсгөж, 6.9 хувь байхаар таамагласан байна. Уул уурхай, түүнийг дагасан салбарууд илүү өндөр өсөлттэй байхаар тооцжээ.

Сануулахад, Мөнгөний бодлогын хороо өмнөх буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлаараа мөн Бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр энэ оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргаж байсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх