Дахин төлөвлөлтийн орон сууц барьж буй компани ногоон байгууламж сүйтгэжээ

  • 0
  • 72
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сүйтгэжээ.

Мөн зөвшөөрөлгүйгээр авто зогсоол байгуулж байсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зогсоож, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр боллоо.

Баянгол дүүргийн 1, 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын төв буудлын арын зам дагуух газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын жагсаалт”-д оруулсан байдаг.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/585 дугаар захирамжаар тус 3.6 га газрыг “Улаанбаатар Төмөр зам" ХНН-д олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар түр хугацаагаар эзэмшүүлсэн.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгө оруулалтаар 2019-2021 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөн, тохижилтын ажлыг эхлүүлсэн юм.

Энэ хүрээнд 1.4 га талбайд 880 метр төмөр хашаа барьж, 500 шоо метр шороон хөрсжүүлэлт хийж, гэрэлтүүлгийн гурван цамхаг байгуулж, төмөр хөшөө барьж, 400 метр явган зам тавьж, 2000 метр усалгааны систем хийж, 78 гацуур, 168 нарс, 8380 бут, сөөг тарьж, тохижуулжээ.

Харин 2021 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 245 сая төгрөг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн саадын ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх