ХӨШИГНИЙ АРД: Шинэ Ерөнхийлөгчийн багт хэн, хэн ямар албан тушаал хаших вэ

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх ирэх долоо хоногт тангаргаа өргөнө. Ингэснээр өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, ЕТГ-аа шинэ төрийн тэргүүн эмхлэн байгуулах боломж бүрдэх юм.

Ерөнхийдөө сонгуулиас бүр өмнө МАН-ын удирдлагуудын тархинд шинэ ЕТГ-ын бүтэц зурагдчихаад байсан. Тэгвэл эдүгээ хөшигнй ард ид өрнөж буй ЕТГ-ын бүтцийг эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн хүргэж байна.

Нэг. ЕТГ-ын даргаар Я.Содбаатар яригдаж байна

У.Хүрэлсүхийн сайн найзуудын нэг Я.Содбаатар Шадар сайдын албан тушаалаас түүнтэй зэрэгцэн буусан. Тэрбээр ЖДҮХС-гаас эхнэрийнхээ сувилалд зээл авч, улмаар хуулийн томчуудаар “аргалуулсан”, эрүүл мэндийн салбарт ашиг сонирхлын ихээхэн зөрчилтэй гэх муу нэртэй. Гэвч МАН дотроо аж ахуйн чиглэлийн ажлыг хамгийн сайн зохион байгуулдгаараа алдартай.

Тэрбээр саях сонгуульд арын албанд хамгийн чухал зохицуулалтуудыг хариуцан ажилласан У.Хүрэлсүхийн итгэлт хүмүүсийн нэг юм. Тэр утгаараа ЕТГ-ын даргаар ажиллах тохироо нь ерөнхийдөө хийгдсэн гэгдэж байна. Эдүгээ ЕТГ-ыг 1987 онд төрсөн Ө.Шижир чамбай удирдаж буй юм. Эл албан тушаалд Ө.Шижиртэй зэрэгцэх залуу боловсон хүчний хувилбар ч яригдаж байгаа аж.

Хоёр. ҮАБЗ-ийн НБД-аар Ж.Энхбаяр ажиллах тохироо

Ирээдүйн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох өндөр амбицтай тэрбээр ЖДҮХС тэргүүтэй Засгийн газрын харьяа сангуудаас авсан зээлүүдээсээ улбаалж, 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж чадаагүй. МАН сонгуульд ялсны дараа хотын дарга, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс монгол ТӨХК-ийн захирал зэрэг албан тушаалд очих амбицтай байв.

Гэвч эл чиглэлд томилгоо хийгдээгүй бөгөөд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм. Саях сонгуулиар нам дээрээ төвлөрч, арын албаны олон ажлуудыг нугалсан. Тэрбээр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын албан тушаалд очих амбицтай байгаа аж. Уг нэгжид тусгай чиг үүргийн 11 байгууллага багтдаг. Энэ утгаараа цэрэг, батлан хамгаалахын салбарын ажилд оролцох боломжтой юм. Эл албыг эдүгээ А.Гансүх хашиж буй.

Гурав. Хуучин зөвлөхүүд нь төрийн тэргүүнд шадарлана

 

А.Үйлстөгөлдөр, С.Лүндэг, Л.Алтангэрэл, Я.Төмөрбаатар нарын хуучин зөвлөхүүд нь төрийн тэргүүн болон дэвшсэн У.Хүрэлсүхэд үргэлжлүүлэн шадарлах хувилбар яригдаж байна. Эдгээрээс удаан хугацаанд арын албанд нь зүтгэж буй А.Үйлстөгөлдөр, С.Лүндэг нар улиран ажиллах нь хамгийн тодорхой бүлэгт багтаж байгаа аж. Харин ахлах зөвлөх асан Б.Энх-Амгалан энэ удаа ЕТГ руу шилжихгүй байхаар тогтжээ.

Ерөнхийлөгч албан ёсны найман зөвлөхийн орон тоотой. Орон тооны бус зөвлөхийн тоог тодорхой тогтоож өгдөггүй онцлогтой юм. Үндсэн зөвлөхүүдийн тоонд Хэвлэлийн төлөөлөгч багтдаг. Эл албыг мөн л У.Хүрэлсүхийн үед Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Золбаяр хариуцах чигтэй байна. Мөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ирэх чигтэй байна.

Дөрөв. ЕТГ-ын дэд даргын албыг Ц.Ганзоригт өгөх үү

ЕТГ-ын дэд даргын албан тушаалд Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг яригдаж байна. Тэрбээр У.Хүрэлсүхийг анх Ерөнхий сайдаар томилогдох үед Засгийн газрын ХМОНХА-ны даргаар томилогдож, гурван удаа улирч буй туршлагатай нэгэн юм. УОК-ын бүрэлдэхүүнд багтдаг Ц.Ганзориг нь олон нийтээс “Цэгцтэй, ажил хэрэгч, өсөх ирээдүйтэй” үнэлгээ авдаг сайн талтай. Тэрбээр дата мэдээлэл боловсруулах, нэгтгэсэн төлөвлөгөө гаргах агуулгаар сайн мэргэшсэн гэж дээгүүр хүрээндээ тоогддог билээ.

Өдгөө ЕТГ-ын Бодлого, үйл ажиллагааны хариуцсан Б.Саруулын оронд Ц.Ганзоригийг томилох хувилбар яригдаж байгаа аж. А.Үйлстөгөлдөр, Ө.Золбаяр, Ц.Ганзориг нар нь өнгөрсөн хугацаанд нэг баг болж, Ерөнхий сайдын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцааг зохицуулж байсан. Эл багаараа ЕТГ-т багтан ажиллах чигтэй байгаа юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх