У.Мөнх-Ундрах: Би гурван бадаг дуунаас л аз жаргалыг мэдэрдэг хүн

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урлагт анх хөл тавьж байсан үеэ дурсвал?

-Танд болон уншигчдадаа энэ өдрийн мэнд. Багадаа спортоор хичээллэдэг байлаа. Арван жилээ төгсөөд урлагийн хүн болох уу, спортын хүн болох уу гэсэн сонголт тулгарсан. Ээж маань намайг дуучин болгоно гээд ааваас нууцаар хот руу явуулж СУИС-д орж байсан юм. Одоо бодох нь ээ дуучин болох чин хүсэл эрмэлзэлтэй хүү драгон дээр цүнхтэй хувцастайгаа л бууж байж. Оюутан болчихоод амралтын өдөр машин угаалгын газар ажилладаг байлаа. Авсан цалингаараа анхныхаа уран бүтээлийг хийсэн юм. Нэг өдөр ардын жүжигчин С.Батсүх машинаа угаалгах гээд орж ирэхэд нь тухайн үед нутгийн гавьяат хэмээн дотроо биширч, өөрийн дуулсан дуугаа сонсгосон юм. Тэгж л анх С.Батсүх ахтай танилцан, тоогдож, улмаар миний багш болж, бүр гэрт нь хоёр жил гаруй амьдарч байлаа. Их ч юм сурсан. Тэгээд 2019 онд СУИС-ийг Эстрадын дуучин мэргэжлээр Баасанбат багшийн удирдлага дор төгссөн.

-Тэгэхээр машин угаалгын газраас том боломжийг олсон гэсэн үг үү?
-Хүний хувь тавилан гэж байдаг гэж боддог. Хувь тавилангаар багштайгаа учирсан. Машин угаалгын газрын эзэн нь ч гэсэн манай нутгийнх байсан.

-Хүүхэд насаа Завханд өнгөрөөв үү. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Хүүхэд насаа Завхан аймгийн Баянтэс суманд өнгөрөөсөн. Моринд их хайртай хүүхэд байсан. Манай нутаг хутагт хувилгааны нутаг болохоор их ген өндөртэй, дуучин олонтой сайхан нутаг бий. Ахас ихэсээ хүндэлдэг, аав ээжийн  үгнээс гарахгүй, их хүмүүжил сайтай хүүхэд байлаа. Оюутан болоод ч тэр аав ээжийнхээ санааг нэг их зовоодоггүй хүүхэд байлаа.

-Дуу цөөтэй, даруухан төрхөөрөө сонсогчдодоо танигдсан. Харин амьдрал дээр хэр нийтэч хүн бэ?
-Амьдрал дээр их нээлттэй, нийтэч, хөдөлгөөнтэй. Мэдээж урлагийн хүн учраас сэтгэл хөдлөлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай байх ёстой. Гэхдээ би их зөөлөн, дуу сонсохоороо уйлчих гээд байдаг юм. Нөгөө талаас их зожиг, хашир хүн.

-Сүүлийн үеийн урлагийн чиг хандлагыг юу гэж харж байна?
-Нийтийн, зохиолын дуу дуулдаг хүнийг хөдөөний хүн гэдэг. Гэвч бидний өв соёл ардын дуу хөгжөөд зохиолын дуу болж байгаа. Гадны соёлыг хэт их шүтдэг болсон байна. Миний хувьд өв соёлоо хадгалан, уран бүтээлдээ шингээхийг зорьдог. Би гурван бадаг дуунаас л амьдралын аз жаргал, маш их кайф, ер бусын гайхалтай мэдрэмжийг олж авдаг.

-Урлагт золиос хэрэгтэй гэдэг. Таны хувьд ямар нэгэн зүйлээ золиосолж байв уу?
-Одоохондоо өөрийн бүх цаг заваа урлаг уран бүтээлд бүрэн зориулж байна. Гэр бүл амьдрал зохиох гэж яарахгүй, уран бүтээлдээ л бүх анхаарлаа хандуулж байна. Хөдөөгийн баясгаланг шинэчлэн дуулснаас хойш 20 гаруй уран бүтээл хийсэн байна.

-Хамгийн их нандигнадаг дурсамжтай дуу тань?

-Ерөнхийдөө бүх дуундаа хайртай. Гэхдээ “Тэр жилийн зун” гэдэг дуугаа их нандигнадаг. Би амьдралдаа хоёрхон удаа дурласан. Энэ дууг анхны хайрдаа зориулж дуулсан дуу гэж хэлж болно. Харин хоёр дахь дурлалаасаа их хайрыг мэдэрсэн. Хайр гэж юу юм гэхээр миний хувьд үнэрт л оршиж байсан. Одоо ч олон дундаас үнэрийг нь хайдаг. Харин түүндээ “Чи анхнаасаа” гэсэн дуугаа зориулсан. Бас л их нандигнадаг.

-Хөл хориотой байгаа хэдий ч саяхан Завхан нутгийн уран бүтээлчид тоглолт хийсэн байсан. Ерөнхийдөө Завхан дуучдын өлгий нутаг. Залуу дуучдаа их дэмждэг юм шиг санагдсан?
-COVID-гүй Завханы төлөө гээд “Очирваань уул холбоо” гэж 13 жилийн өмнө байгуулагдаж байсан. 120 гаруй уран бүтээлч нэгдэж, Өлзий телевизээр тайлагнасан. 60 гаруй сая төгрөг цугласан. Тэр мөнгийг Завхан аймгийн онцгой комисст хандивлана.

-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Манай аймагт таван Ундрах байдаг. Бид хамтран Улиастайн хавар дууг шинэчлэн дуулсан. Одоохондоо аав ээжийн тухай дуун дээр ажиллаж байна. Дараа жил гэхэд шинэ цомгоо гаргах төлөвлөгөөтэй байна. Цомгийн ажил 80 гаруй хувьтай явж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх