Н.Ууганбаяр: Монголд орж ирснийхээ дараа визийн ангилал солиулна гэсэн ойлголт огт байхгүй

  • 0
  • 162
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


УИХ-аас 2010 онд баталж өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд арван жилийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын дарга Н.Ууганбаяртай ярилцлаа.
-УИХ-аас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Чухам ямар онцлог өөрчлөлт оруулав?
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд УИХ-аас нэмэлт, өөрчлөлт оруулж, ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Үүнд хэд хэдэн онцлог заалт оруулан тусгасан. Нэн тэргүүнд визийн төрөл, ангиллуудыг хуулиар хатуу тусгасан байсныг зөөллөж, Засгийн газрын журмаар шийдвэрлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж визийн төрөл, ангиллыг шийдвэрлэдэг байсныг тухайн үеийн нөхцөлд байдалд нь тохируулан хөнгөн, хялбар байдлаар нэмэх, хасах, өөрчлөх боломж бүрдсэн гэсэн үг. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс өдрийн виз бий болгосон. Замын-Үүд, Ханги, Алтанбулаг гэх зэрэг хил орчмын бүс нутагт өдрийн виз авах боломж бүрдүүлж байгаа юм. Хуульд аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий өдрийн визийг хил дээр олгож болох бөгөөд тухайн виз нь зөвхөн хил орчмын жуулчинд хамаарна” гэж заасан. Тиймээс БОАЖЯ, ГХЯ болон хөрш зэргэлдээ улс орны холбогдох албаны хүмүүстэй хэлэлцэж тохиролцон, энэ төрлийн виз авч орж ирсэн хүмүүс ямар маршрутаар, тухайн хил орчмын бүсэд тодорхой цагийн хязгаарлалт дотор хаагуур аялж болох талаар журам боловсруулсан. Ингэснээрээ хил орчмын бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах том хөшүүрэг болж, аялагчдын тоо нэмэгдсэнээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сайжирна.
-Дэлхийн жишгийг дагаад цахимаар виз олгохоор хуульд тусгасан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?-Олон улсын жишгийн дагуу цахим виз бий болгож, хуульчилсан. Гадаадын аль ч орноос визээ мэдүүлэн, төлбөрөө төлж, хянагдсаны үндсэн дээр ажлын 3-4 хоногт багтаан хариуг нь цахимаар илгээх юм. Түүнийг нь цахим санд бүртгэж буй учраас заавал хэвлэмэл хуудас, паспортод нь дарсан виз шаардахгүй Монгол Улсад нэвтрэх боломж бүрдэнэ. ГХЯ-ныхантай ярилцааад цахим визийг эхний ээлжид жуулчдад олгохоор болж байна. Хамгийн түрүүнд ямар улс, орны иргэд цахимаар аялал жуулчлалын виз авч нэвтэрч болох талаар шийдвэрлэхээр тус яамныхантай хэлэлцэж эхэлсэн. Цахим виз олгож, хил орчмын бүсэд өдрөөр аялах боломж бүрдүүлснээрээ Монгол Улсад нэвтрэх боломжийг илүү нээлттэй болгож байна.
-Улаанбаатарт БНСУ-ын виз мэдүүлгийн нэлээд олон төв ажилладаг. Манайхан ч бас ийм төв нээх боломж хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрдүүлжээ гэж харсан.
-Тийм ээ. БНХАУ-ын Эрээн, Хөх хот, БНСУ-ын Сөүл зэрэг газарт манай улсын визийг авахыг тулд дараалал ихтэй, ачаалалтай байдаг. Манай дипломат төлөөлөгчийн газрууд виз авах гэж буй иргэдийн бичиг баримтыг хянаж, нягтлан олгох, эсэхээ шийдвэрлэхийн тулд ачаалал ихтэй ажилладаг юм. Үүнийг хөнгөвчлөх үүднээс олон улсын жишгийн дагуу Виз мэдүүлгийн төвүүд бий болгохоор хуульд тусгасан нь шинэлэг заалт болсон. Эдгээр төв нь виз олгох эцсийн шийдвэр гаргахгүй, харин түүнээс өмнө хийгддэг бүх техник ажиллагааг хариуцаж, виз хүссэн иргэдийн бичиг баримтын бүрдлийг хянаад ЭСЯ-нд хүргүүлэх юм. Тэгэхээр виз хүсэгчид манай дипломат төлөөлөгчийн газрууд руу шууд хандахгүй гэсэн үг л дээ.
-Гадаадын иргэд Монголд ирээд долоо хоногийн дотор бүртгүүлэх хуультай. Үүнийг хэрхэн уян хатан болгосон юм бэ?-Монгол Улсад удаан хугацаагаар оршин суухаар ирж буй гадаадын иргэд ажлын долоо хоногт багтаан нэлээд олон бичиг баримт бүрдүүлж, ГИХГ-ын газарт өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсныг болиулсан. Өөрөөр хэлбэл, 48 цагийн дотор цахимаар бүртгүүлэхээр болж байгаа юм. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.4-т Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болно” гэсэн заалтыг шинээр тусгаж өгсөн.
-Визийн ангилал, олгох журмыг Засгийн газраас тогтоохоор болсон гэж та түрүүнд хэллээ. Ингэснээр энэ талын эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт орно биз?
-Визийг хуулиар биш, Засгийн газрын журмаар тогтоож өгч буйтай холбоотойгоор нэлээд хэдэн тогтоол, журамд өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал, виз олгох, оршин суух, албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх зэрэг журам өөрчлөгдсөн. Мөн тэмдэгтийн хураамжтай холбоотой хууль, журамд ч өөрчлөлт оруулсан. Энэ бүгдийг зургадугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаад байна. Үр дүнг нь хил нээгдсэний дараа энэ оны сүүлч гэхэд виз мэдүүлж, авч байгаа хүмүүс хүртэх боломж бүрдэнэ гэж харж сууна. Өөрөөр хэлбэл, нэлээд дэвшилттэй заалтууд оруулсан нь Монгол Улсад виз мэдүүлж буй гадаадын иргэдэд ГИХГ үйлчилгээгээ ойртуулж, техник, технологийн орчин үеийн шийдлийг ашиглах боломж бүрдлээ. Түүнчлэн ГХЯ, ГИХГ, хил хамгаалах байгууллага виз мэдүүлгийн нэгдсэн сантай байгуулж, дундаа ашиглах боломжтой болж байгаа юм. Ингэснээр иргэдийн цаг зав, цаас хэмнэж, хүний хүчин зүйлгүйгээр виз мэдүүлэх боломжийг олон улсын жишгийн дагуу бүрдүүлж эхэлнэ гэсэн үг л дээ.
-Хууль, журам зөрчсөн хүмүүсийг ГИХГ-ынхан албадан гаргадаг л гэж мэдэхээс түүнээс чөлөөлөх гэсэн ойлголтын талаар сонсож байгаагүй юм байна.
-Албадан гаргахаас чөлөөлөх гэсэн заалт хуульд өмнө нь байгаагүй, шинээр бий болгосон. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.9-д Энэ хуулийн 37.1.2, 37.1.12-т заасан зөрчил гаргасан гадаадын иргэн хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, эсхүл эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлт гаргасан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.3 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн албадан гаргахаас чөлөөлөх, эсэхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэнэ” гэсэн заалт хууль санаачлагчид оруулан батлуулсан юм. Амьдрал баялаг шүү дээ. Тухайн хүний гэр бүлийн, эрүүл мэндийн зэрэг байдлыг харгалзаад тодорхой хугацаагаар албадан гаргахаас чөлөөлнө. Энэ заалтын дагуу холбогдох дүрэм, журам ч бий болно л доо.
-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд ч бас өөрчлөлт оруулах болов уу?
-Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч байгаатай холбоотой эрх зүйн харилцааг манай виз олгох болон оршин суух журмаар нарийвчлан зааж өгсөн. Тодруулбал, гадаадаас ажиллах хүч авч байгаа компанийнхан тодорхой чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулаад тэднийгээ буцаагаад гаргана. Гадаадаас авчирсан ажиллах хүчнийг зайлшгүй шаардлагаар Монгол Улсад үргэлжлүүлэн ажиллуулахаар болбол хүсэлтийг нь харгалзана. Харин тэр ирсэн гадаадын иргэд өндөр мэргэшсэн, Монгол Улсад зайлшгүй ажиллуулах хэрэгцээтэй байгаа тохиолдолд салбар дотроо л шилжиж болно. Түүнээс өөр салбар руу шилжихгүй. Өөрөөр хэлбэл, барилга барихаар ирсэн гадаадын ажиллах хүч хэрэв шилжихээр бол нэг барилгын компаниас нөгөө рүү л шилжиж болно гэсэн үг. Барилгад ажиллана гэж орж ирсэн гадаадын ажилчид арьс ширний, хүнсний салбар руу шилжинэ гэсэн ойлголт үгүй болж байна. Ингэснээр Монголд орж ирээд олон төрлийн ажил хийдэг, нэг хүн хэчнээн ч салбарт ажилладаг гэх шүүмжлэл үгүй болно. Манай улсад хөдөлмөр эрхлэх буюу HG ангиллын виз авч орж ирсэн гадаадын иргэдийг харж байхад үнэхээр супер” мэргэжилтэн шиг харагддаг л даа. Нэг компанид очиж сар гаруйн хугацаанд барилга бариад дараа нь өөр аж ахуйн нэгжид тогооч хийх, түүний дараа гүүрийн ажилд ч оролцож байх шиг. Тиймээс ГИХГ-аас саналаа хэлж, таны асуусан хуулийн өөрчлөлтөд тусгахаар болж байгаа. Ингэснээр визийн ангилал, оршин суух зөвшөөрлийн асуудал цэгцрэх юм.
-Хууль, журам зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргадаг. Гэхдээ цар тахлын улмаас хил хаасантай холбоотойгоор нутаг буцаасан хүмүүсийн тоо багассан байх. Гэхдээ мэр сэр бөөн бөөнөөр нь гаргалааа гэх мэдээлэл цацагддаг шүү дээ. Хэчнээн хүнийг албадан буцаасан бол?
-Өнгөрсөн онд 260 гаруй хүнийг албадан гаргажээ. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүмүүсийн хөл хөдөлгөөн бага байлаа. Гэхдээ өнгөрсөн оны сүүлчээр орж ирсэн ажиллах хүчнүүд Монголд хийх ажлаа дуусаад өөрсдөө хүсэлтээ өгсөн 500 гаруй хүнийг нутаг буцаасан. Харин Монгол Улсад сүүлийн 3-4 жил хууль бусаар оршин сууж байсан гадаадын хоёр хүнийг энэ он гарснаас хойш албадан гаргасан байна.
-Хөрөнгө оруулагчийн виз гэж гадаадын иргэдэд таатай гэмээр ангилал байдаг. Ийм виз авч орж ирсэн хүмүүс үнэхээр Монгол Улсад хөрөнгө оруулсан гэдэг нь эргэлзээтэй санагддаг л даа. Энэ төрлийн визийг нэмэлт өөрчлөлтөөр хэрхэн зохицуулсан бэ?
-Таны асуусан визийн ангилал бусдыгаа бодвол таатай, удаан хугацаагаар оршин суух, татвар хураамжаас чөлөөлөгдөх бололцоотой юм. Гадаадын иргэд Монгол Улсад хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд энэ төрлийн виз авах сонирхол маш их байдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуульд 100 000 ам.доллар болон түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан, эсвэл нэг компанийн 25-аас дээш хувийг эзэмшсэн тохиолдолд хөрөнгө оруулагчийн виз авдаг юм. Ийм ангиллын виз авсан гадаадын иргэдийг судалж үзэхэд бодитой хөрөнгө оруулсан нь ховорхон. Хуулийн цоорхойг ашиглан виз авсан хүн байх магадлал өндөр гэсэн үг л дээ. Өнөөдөр манай улсад хөрөнгө оруулагчийн виз аваад оршин сууж буй 1400 гаруй гадаадын иргэн бий. Тэднийг нарийвчлан шалгавал бодит хөрөнгө оруулагчийн тоо багасах магадлалтай. Зарим хүнийг нь шалгахад цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж чадаагүй хэмээн тайлбарлах болсон. 100 000 ам.доллар болон түүнээс дээш хэмжээний хөрөнгөө оруулсан нь харагдахгүй байна. Ажиллуулж буй ажилчдынх нь тоо, өгч байгаа цалин, нийгмийн даатгалд тушааж буй шимтгэл, банкны гүйлгээ, хөрөнгө мөнгөтэй холбоотой бусад зүйл нь ч хаалттай байх нь бий. Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаадаас хөрөнгө оруулалт татах бодлогыг ГИХГ бүрэн дэмжиж ажилладаг ч үүний хажуугаар иймэрхүү хууль зөрчсөн байх магадлалтай үйлдлүүд ажиглагдах болсон нь үнэн. Тэгэхээр цаашид хөрөнгө оруулагчийн визийг олгохдоо нэг бүрчлэн нарийвчлан үзэх бодлого баримтална. ГИХГ-аас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулан гаргах журамдаа бодит хөрөнгө оруулагч буюу 100 000 ам.доллар түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан хүнд дээрх төрлийн визийг олгоно. Харин түүний үүсгэн байгуулсан компанийн гүйцэтгэх захирал, гэр бүлийн гишүүн зэрэгт өөр ангиллын виз олгохоор тусгаж байна. Өнөөдөр хөрөнгө оруулагч нь ч, гүйцэтгэх захирал ч, түүний гэр бүлийн гишүүн бүгд хөрөнгө оруулагчийн виз авч байгаа юм. Цаашид энэ бүхнийг ангилна. Ингэснээр өнөөдөр бүртгэлтэй буй 1400 гаруй хөрөнгө оруулагчийн бодит тоо нь гарч ирнэ. Энэ 1400 гэдэг бол том тоо л доо. Гэсэн хэдий ч Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр нь харагдахгүй байна. Манайд ийм тоо байхад Үндэсний хөгжлийн газар, татварын байгууллагад ондоо, УБЕГ-т тэс өөр байх жишээтэй. Цаашид энэ бүхнийг цэгцлэхийн тулд ажлын хэсэг байгуулан манайх болон бусад агентлагууд хамтран ажиллаж байна. Хөрөнгө оруулагчийн визийг хуулийн цоорхой ашиглан авсан гадаадын иргэн цөөнгүй бий. Тухайлбал, вьетнам засварын газрын ажилчид хөрөнгө оруулагчийн виз авчихсан байж жишээтэй. Үүнийгээ ашиглан татвар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт сар бүр тушаадаг 840 000 төгрөгөөсөө зайлсхийсэн асуудал нэг бус гарсан.
-Жуулчны эсвэл ажиллах хүчний виз авч Монголд орж ирчихээд түүнийгээ солиулна гэж явдаг гадаадын иргэдийн талаар сонсож байсан л даа. Тийм боломж байдаг юм уу?
-Ажиллах хүчний визээр Монгол Улсад орж ирээд түүнийгээ сольж хөрөнгө оруулагчийнхыг авъя гэдэг хүсэлт гаргадаг явдал бий. Түүнийг нь өгөхгүй болохоор ямар нэг аргаар авахын тулд хүмүүсээр манай ажилтнууд руу яриулах тохиолдол гарч байна. Та, бид гадаадад 30 хоногийн хугацаагаар аялж явах явцдаа аль нэгэнд оронд очоод визийн хугацаа дуусахаас өмнө хөрөнгө оруулагчийн виз авчихъя, иммигрэйшнийх нь хүнтэй холбогдож байгаад сунгуулчихъя гэсэн ойлголт байдаггүй шүү дээ. Ер нь бол визийн ангилал солино гэсэн ойлголт байхгүй. Манайд гадаадынхан орж ирээд ийм явдал гаргах гээд байна. Үүнийг бид таслан зогсоох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Манайхан гадаадад оччихоод тухайн улсын хууль тогтоомжийг ягштал биелүүлдэг. Харин гадаадын иргэд Монголд ирээд хууль, тогтоомж зөрчүүлэх арга замыг манай зарим иргэн эрэлхийлдэг нь харамсалтай. Үүнийг дагаад визийн наймаа хийдэг, тодорхой хэмжээний мөнгөөр визийн ангилал солиулдаг, манай ажилтнуудтай холбогдохыг хичээдэг, зарим нь зөвлөгөө авдаг, хэл, Монгол Улсын хууль, журмыг мэдэхгүй байгаа гадаадынхнаас ГИХГ-ынханд өгнө гэж мөнгө авдаг, манай ажилтнуудыг хууль бус үйлдэлдээ татан оролцуулахыг завддаг асуудал бий. Энэ бүхнийг уг үндсээр нь таслан зогсоохын төлөө хатуу тэмцэж байна. Визийн ангилал солиулна гэж манайд хандсан гадаадын иргэдийг Монголоос гарч эх орондоо буцаад зохих визээ мэдүүлж, бүрдүүлэн орж ирэх шаардлага тавьж байгаа.
-БНХАУ-аас шөнө оройн цагаар автобус дүүрэн хүмүүс оруулж ирлээ гэх бичлэг өнгөрсөн намар олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хил хаалттай байхад шөнө оройн цагаар хятадуудыг олноор нь нэвтрүүлсэн шалтгаан юу байсан юм бол?
-Өнгөрсөн оны 9-11 дүгээр сард энэ асуудлыг олон нийтийн сүлжээнд нэлээд шуугьсан л даа. Автобус, автобусаар нь хяналтгүй оруулж ирлээ хэмээн цацаж, олон нийтийн санаа бодлыг буруу тийш нь эргүүлэх гэж зохион байгуулалттайгаар бичиж байсан. Тухай бүрт нь холбогдох байгууллагаас хариулт, тайлбар өгч байв. Яагаад ингэж гадаадын иргэдийг оруулсан бэ гэвэл, Засгийн газраас тогтоосон Ногоон гарц” журамд зааснаар Монгол Улсад зайлшгүй хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлж, ажиллах хүчин гадаадаас авах квотын дагуу эрх бүхий компаниуд хүмүүсээ оруулж ирэхийн тулд БНХАУ-ын Эрээн хотод авчран, хүн бүрийг ариутган шалгасаар Замын-Үүдэд 15.00-16.00 цагийн үед ирж таарсан. Монгол Улсын хил дээр ч ялгаагүй хүн нэг бүрийг ариутган, нягталж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулсаар байтал намар, өвөл эрт харанхуй болохтой зэрэгцээд хил нэвтэрч байсан. Ингээд тусгаарлах байр руу цагдаагийн хамгаалалт доор авч явах үед иргэд бичлэг хийж, мушгиж гуйвуулан олон нийтийн сүлжээнд цацсан юм. Энэ бүгдэд виз олгохоос авахуулаад бүх асуудал хуулийн дагуу явагдсан. Ийм байтал нийгэмд буруу ойлголт зарим хүн санаатай төрүүлсэн шүү дээ. Ногоон гарц” журмын дагуу гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн аж ахуй нэгж компаниудын дйилэнх нь хууль журмын дагуу ажиллаж, үүргээ хангалттай биелүүлж ажилласан. Харин эдгээрийн дунд цөөн тооны компаниуд үүнийг ашиглан хууль зөрчсөн асуудал гаргаад байгаа. Тухайлбал, Зарим компанийнхан тодорхой байршилд үйл ажиллагаагаа зайлшгүй явуулах шаардлагатай байна хэмээн Засгийн газраас квот авсан атлаа түүнийгээ зөрчсөн. Жишээлбэл, нэгэн аж ахуйн нэгжийнхэн 25 хүнийг төмрийн үйлдвэрт ажиллуулна гэж квот авч оруулж ирэх зөвшөөрөл авчихаад БНХАУ-ын Эрээн юм уу, Хөх хотод Монгол руу ажилчид гаргана” гэсэн зар тавьсан байгаа юм. Уг нь Засгийн газраас олгосон квотын дагуу нэг чиглэлээр ажиллах 25 хүн авчрах ёстой байтал 4-5 өөр чиглэлийн ажилчид нэвтрүүлсэн. Тэдний 15 нь Баян-Өлгий аймагт алтны уурхайд, дөрөв нь цахилгаанчин, долоо нь барилгад, Дундговьд чулууны үйлдвэрт ажиллах хүмүүс нь самар түүх, авахаар явсан байх жишээтэй. Тэднийг авчрахдаа нэг хүнээс 18-20 сая төгрөг авсан гэсэн мэдээлэл бидэнд ирээд байна. Засгийн газраас олгосон эрхийг энэ мэтээр буруугаар ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулан хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа явуулсан байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс аж ахуйн нэгж бүрийг нарийвчлан шалгаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох ёстой юм. Цаашлаад ийм зөрчил, хууль бус ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн хар жагсаалт гаргах талаар холбогдох яам, агентлагийнхантай ярилцаж байна. Хуулийн дагуу визээ мэдүүлж, авч орж ирээд, аялж, жуулчлаад, ажлаа хийгээд ч ямар ч зөрчил дутагдал гаргахгүй бизнесээ эрхэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй бид юу ч ярихгүй. Харин ч тэднийг дэмжинэ. Хууль зөрчсөн гадаадын иргэн, аж ахуйн нэгжийнхэнтэй хатуу тэмцэнэ.
-Гадаадын иргэдийг хэл мэдэхгүй байдлыг далимдуулж танайхны нэрийг ашиглан мөнгө авдаг, залилдаг явдал гарч байсан. Дундын зуучлагч тийм хүмүүсийн эсрэг ямар арга хэмжээ авдаг вэ?
-Монгол Улсад олноороо аялж байгаа БНСУ, БНХАУ, ОХУ-ын иргэдийг хэл мэдэхгүйг далимдуулан дундын зуучлагч нар гарч ирээд байна. Тухайн улсын иргэдэд учирсан бэрхшээлийг сонсохоор жижигхэн зүйл л байдаг. Хууль болон Монголын нөхцөл байдлыг мэдэхгүйгээс л тулгарсан бэрхшээл байх жишээтэй. Түүнийг нь далимдуулан ГИХГ-ын таньдаг хүнтэйгээ ярина хэмээн мөнгө авдаг явдал цөөнгүй. Энэ бүгдийг таслан зогсоохын тулд манайд олноороо жуулчилж буй нийтлэг таван орны иргэдэд зориулж тухайн улсын хэлээр нь мэдээлэл бэлтгэж цахим хуудсандаа байршуулахаас гадна чатбот үйлчилгээ ч нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр гадаадын иргэдээс хахууль авдаг, залилдаг асуудлыг таслан зогсооно. Түүнчлэн дундын зуучлагч хүмүүс манай ажилтнуудад мөнгө өгсөн асуудал ч бий. Миний нэрийг барьж манайд ажилладаг хүн бусдаас 3-5 сая төгрөг авахаар яриа, хэлцэл хийсэн ч асуудал гарсан. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд бид дотоод хяналт шалгалтаа сайжруулж, иргэдээс мэдээлэл бүрэн авч, дүгнэлт гарган ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс манай ажилтнуудтай холбоотой, хууль бус шаардлага тавьсан, хахууль нэхсэн тохиолдол гарвал бидэнд мэдээллээ өгч хамтарч ажиллах нь чухал байна.
Эх сурвалж: Өнөөдөр” сонин Г.Цолмон
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх