А.Навальный: Орос руу эргэж очихгүй байх гэж үү. Би Путинд тийм бэлэг барихгүй

  • 0
  • 136
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсаар удлаа. Тэрээр "новичок” хэмээх химийн бодисоор хордож, Германд үхлүүт  хүргэгдсэнээс хойш 32 хоногийг эмнэлэгт өнгөрүүлсний 24 хоногт нь эрчимт эмчилгээнд хэвтэж эмчлүүлсэн юм. Тэгвэл А.Навалный хордсоноос хойших анхны ярилцлагаа Германы "Spiegel" сэтгүүлд өгчээ. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хордсоныхоо дараах анхны ярилцлагаа манай сэтгүүлд /Spiegel /өглөө.

Тэр ярилцлагадаа төвлөрч байсан боловч хордсоноос болоод зарим зүйлийг санахад хэцүү байгаа нь ажиглагдаж байлаа. Хүзүүний сорви нь түүнийг амьсгалын гуурс залгуулсныг харуулж байна. Ярилцлагын туршид Навальный арай хийн уух усаа аяга руу хийж байв. Гэсэн ч тэр тусламж авахаас татгалзаж "Эмч маань намайг хэвийн байдалдаа орохын тулд өөрөө бүхнийг бага багаар хийх хэрэгтэй гэж хэлсэн” гэв. Навальный өмнөх үеэсээ илүү цонхийсон харагдаж байсан ч дуу хоолой, хошигнол нь цовоо хэвээрээ байлаа. Тэрээр хордсоноос хойш 12 кг туржээ.

 

Сэтгүүлийн нүүр зураг
Сэтгүүлийн нүүр зураг

 

Тэр ярилцлага эхэлээс өмнө нэгэн зүйлийг хэлэхийг хүсэв. "Энэ ярилцлага Германы хэвлэлээр гарч буй нь миний хувьд чухал хэрэг юм. Би урьд нь Германтай ойр байгаагүй. Би нэг ч улс төрчийг танихгүй. Би энд хэнийг ч танихгүй. Гэсэн ч Германы улс төрчид, Ангела Меркел амь насыг минь аварлаа.  Charité-ийн эмч нар амийг минь хоёр дахь удаагаа аварч, амьдралыг минь буцаан өглөө. Тиймээс би хэдэн үг хэлэхийг хүсэж байна. Бүх Германчуудад маш их талархлаа. Герман миний хувьд онцгой орон болсон” гэлээ. Ингээд бид ярилцлага эхэллээ.

-ТЭР ҮЕД БИ ӨВДӨЖ БАЙГААГАА МЭДРЭЭГҮЙ, ЗҮГЭЭР Л ҮХЭЖ
БАЙГААГАА Л САЙН МЭДЭРЧ БАЙСАН-

Ноён Навальный таны биеийн байдал хэр байна?

-Гурван долоо хоногийн өмнөхөөс бол хамаагүй дээрдсэн. Эмч нарын ачаар өдөр ирэх тусам л сайжирч байна. Саяхан гэхэд л би шатаар өгсөж чадахгүй байсан. Харин одоо таван давхарт гарч чадаж байна. Хамгийн чухал зүйл нь оюуны чадвар минь эргэж ирсэн явдалд маш их баяртай байна.

-Та инстаграм дээр нэг хөл дээрээ зогсож чадахгүй байгаа талаараа бичсэн байсан?

-Тийм ээ. Одоо бол би нэг хөл дээрээ зогсож чаддаг болсон. Би өдөр бүр нэг хөл дээрээ зогсоод нөгөө хөлөө өргөж, сунгах дасгал хийж байгаа. Үнэндээ энэ бол настай хүмүүсийн өдөр тутамдаа хийдэг дасгал.

-Та нойрондоо хэр байна. Сайн унтаж чадаж байна уу?

-Энэ л миний хамгийн том асуудал болоод байна. Урьд нь нойргүйдэлтэй болсон хүмүүсийн яриаг сонсоод инээдэг байлаа. Гэтэл удаан хугацааны ком, нойрсуулдаг тариа, хар тамхинаас гаргахад хэрэглэгддэг хордлогын эмүүдийн гажиг илэрсэн бололтой унтаж чадахгүй байгаа.Хордсоноос хойш би нойргүй эмгүй унтаж чадахгүй болсон.

-Та ухаан алдахдаа  Оросын сөрөг хүчин байсан. Комноос гарахдаа дэлхийн улс төрийн зүтгэлтэн болж сэрлээ. Мөн Канцлер Меркель тантай эмнэлэгт очиж уулзсан. Та хоёр юу ярьсан юм бэ?

-Би энэ тухай юу ч мэдээгүй. Эмнэлэгт хүү, эхнэртэйгээ байж байтал эмч маань гэнэт хадагтай Меркелтэй ороод ирсэн. Хадагтай Меркель миний үйл хэргийн талаар ихийг мэдэж байсанд би их гайхсан. Оросын байдлыг маш сайн мэдэж байсан. Бид хоёр ямар нэгэн нууц зүйл яриагүй, энгийн уулзалт болж өнгөрсөн.

 

ТүүниТомск дахь зочид буудлын өрөөнөөс олдсон усны сав
ТүүниТомск дахь зочид буудлын өрөөнөөс олдсон усны сав

 

-Эмнэлгээс гарсны дараа таны өдөр тутмын амьдрал хэрхэн үргэлжилж байна. Та одоо хаана амьдарч байна?

-Би эхнэр, хүүгийнхээ хамт Берлинд байр түрээсэлж амьдарч байгаа. Охин маань Стэнфордын их сургуульд сурдаг. Саяхан буцаж явсан. Миний өдөр тутмын амьдрал нэг хэвийн үргэлжилж байна. Би өдөр бүр дасгал хийдэг. Өглөө нь паркаар алхаж, дараа нь эмчтэй хамт дасгал хийн, орой нь дахиад л алхдаг. Эмч нар намайг ерэн хувь, магадгүй зуун  хувь сэргээж чадна гэж хэлж байгаа ч баттай хэлж баттай мэдэхгүй байна.  Мэдрэлийн эмэнд хордсоны дараа бүрэн эдгэсэн хүн цөөн байдаг. Магадгүй хэзээ нэгэн цагт тэд миний тухай анагаах ухааны сэтгүүлд бичих байх.

-Танд тохиолдсон явдлыг яримаар байна. Ухаан алдахаас тань өмнөх хамгийн сүүлчийн дурсамжаас эхэлье. Энэ өдөр бол наймдугаар сарын 20, өглөөний найман цаг. Та Сибирьт хэд хоноод Томскоос Москва хүрэх онгоцонд суусан. Тэр үед та юу бодож байсан бэ?

-Тэр өдөр гайхалтай эхэлсэн. Бид бүс нутгийн сонгуулийн сурталчилгааны талаар кино хийж, бүх ажил маань бүтсэн. Амралтын өдрүүдэд гэрийнхэнтэйгээ хамт байх тул их баярласан байсан. Гэтэл гэнэт бие сонин болж эхэлсэн. Би анхаарлаа төвлөрүүлж, юм бодож чадахгүй болчихсон. Ямар ч өвдөлт мэдрэхгүй, байсан хэрнээ үхэж байгаагаа мэдэрч байсан. Дараа нь шалан дээр уначихсан. Хэн нэгэн надаас "Таны зүрх өвдөж байна уу” гэж асуусан. Гэвч миний зүрх өвдөхгүй байсан. Миний юу ч өвдөөгүй, зүгээр ухаан мэдрэлээ алдчихсан. Хамгийн сүүлд би эмэгтэй хүний "ухаан алдаж болохгүй шүү” гэх үгийг сонсон. Би зүгээр үхэж байгаагаа мэдэрсэн.

-НОВИЧОК БОЛ ПУТИНЫ СТРАТЕГИ ЮМ-

-Онгоцонд таны хашгирч буй бичлэгийг нэг хүн интернетэд тавьсан. Бичлэгийг үзэхэд бараг л амьтан мэт аймшигтай сонсогдож байсан?

-Олон нийтийн сүлжээгээр "Навальный шаналж, хашхирч байна" гэсэн бичлэг тарсан байхыг би харсан. Гэхдээ тэр үед өвдөлтөөс дор зүйл надад мэдрэгдэж байсан. Өвдөлт таныг амьд юм шиг мэдрэмж төрүүлдэг. Гэтэл би үхэж байгаагаа л мэдэрсэн.

-Хэр удаан үргэлжилсэн бэ?

-Ухаан алдах хүртэл бараг хагас цаг үргэлжилсэн.

-Та Томск дахь зочид буудалд хоносон. Тэнд юунд хүрснээ санаж байна уу?

-Усны савнаас хордуулсан ул мөр олдсон. Бохирдсон гадаргуу өөрөөр хэлбэл хордуулсан лонхонд хүрч ус уучхаад буцааж тавьсны дараа буудлын өрөөнөөс гарсан юм. Би хорыг арьсаараа шингээсэн гэж бодож байна.

Та зочид буудалд үхэж ч болох байлаа?

-Зарим хүн намайг нойрондоо үхэх байсан гэж хэлсэн. Гэхдээ намайг хордуулсан хүн онгоцонд үхүүлэхээр төлөвлөсөн байх. Хэрэв онгоц ослын буулт хийж, намайг эмнэлэгт хүргээгүй бол би аль хэдийн Омск эсвэл Москвагийн шарил хадгалах газарт хэвтэж байх байсан. Магадгүй намайг зочид буудалд үхүүлэх нь эрсдэлтэй төлөвлөгөө байсан байх. Учир нь буудлын ажилчид шууд түргэн тусламж дуудна шүү дээ.

Танаас өөр хүн хордлого аваагүйг гэж юу гэж тайлбарлах вэ. Оросын тагнуулын ажилтан Сергей Скрипалийг хордуулахад маш олон хүн давхар хордож байсан шүү дээ?

-Магадгүй тэд хор ашигласан гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд угаалтуур, шүршүүр, эсвэл гар утсанд минь түрхээгүй байж болох юм. Хэрэв гар утсанд хор түрхсэн бол миний туслах Кира ч хордох байсан.  Гэхдээ энэ бол зөвхөн миний л таамаглал. Магадгүй миний эсрэг илүү боловсронгуй хор хэрэглэсэн, эсвэл зөвхөн миний хүрч болох объектод шингээсэн байж болох юм. "Новичок" -ын тухай, тодруулбал, түүний шинэ хувилбар зөвхөн цөөн тооны хүмүүсийн хүрээлэлд байдаг.

-Танд олон дайсан бий. Хордлогын цаана хэн байж болох вэ?

-Би энэ үйлдлийн цаана Путинг байгаа гэж хардаж байна, надад өөр хувилбар алга. Үүнийг би баримтанд тулгуурлан хэлж байна. Гол баримт бол "Newbie" юм. Үүнийг ашиглах тушаал нь зөвхөн ТТГ-ын дарга эсвэл Гадаад тагнуулын албаны дарга гэсэн хоёр хүнээс л ирж болно. Гэвч Путины зааваргүйгээр новичокийг ашиглах шийдвэр гаргаж чадахгүй. Новичок бол Путины стратеги юм.

-ОДОО МИНИЙ ЭНЭ ТЭРГҮҮНИЙ ҮҮРЭГ БОЛ ЭДГЭРЭХ ЯВДАЛ ЮМ-

-Путин өнөөг хүртэл өрсөлдөгчөө дайсан болон, урвагч гэсэн хоёр ангилалд хувааж ирсэн. Урвагчдын эсрэг бүх аргыг зөвшөөрдөг. Таныг дайсны ангилалд багтдаг гэж хэлж болох уу?

-Хэрэв хэн нэгэн надад сар хагасын өмнө чамайг эновичокоор хордуулна гэж хэлсэн бол би түүнийг шоолж инээх байсан. Путин сөрөг хүчинтэй хэрхэн тэмцэж байгааг бид мэднэ. Путин миний тухай бүх зүйлийг мэддэг, би бүрэн хяналтад дор амьдардаг. Хоёр жилийн хугацаанд бид урьд өмнө байгаагүй дарамтанд өртсөн. Долоо хоногт хэд хэдэн удаа нэгжлэг, оффисын тоног төхөөрөмжийг хураах, дансыг хаах, баривчлах, хүмүүсийг Оросоос хөөх оролдлого үргэлжилж байсан.  Гэсэн ч бид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байсан тул эцсийн аргаа хэрэглэсэн байх.

-Та амь насаа алдах шахсан ч Орос руу буцахыг хүсэж байна. Яагаад?

-Миний эргэн тойронд байдаг бүх хүн намайг эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байсанд баярлаж байгаа. Хэрэв би буцаж очихгүй бол Путины зорилго биелэх  байсан. Би айхгүй байна! Хэрэв миний гар чичирч байвал энэ нь айдас биш, харин хордсоноос болсон. Орос руу эргэж очихгүй байх гэж үү. Би Путинд тийм бэлэг барихгүй.

-Та эхнэр, хоёр хүүхдийнхээ төлөө санаа зовохгүй байна уу?

-Энэ их төвөгтэй асуудал. Гэхдээ тэд өөрсдөө айхгүй байгаа. Мэдээжийн хэрэг би эргэн тойрныхоо хүмүүст санаа зовж байна. Хэрвээ хэн нэгэн эхнэрийн минь амьдардаг Москва дахь байранд хор хийчихвэл юу болох вэ. Бас хоёр хүүхэд  минь. Гэвч  тэмцэлгүйгээр бүх зүйл илүү дордох болно. Тэд илүү олон хүнийг алж, олон хүнийг шоронд хорих болно. Өнөөдөр Оросод бараг өдөр бүр нийгмийн сүлжээнд бичлэг байрлуулсныхаа төлөө хүмүүс шоронд орж байна. Энэ байдалтай тэмцэхгүй бол ирээдүйд хүн бүр аюулд орох болно. Тийм ээ, бид хамгийн аймшигт гэмт хэрэгт бэлэн байгаа хорон санаатнуудтай тэмцэж байна.

Одоо та бүх зүйлд   илүү болгоомжтой байх уу?

-Би Оросын бүс нутгуудаар үргэлжлүүлэн аялж, зочид буудалд байрлаж, ус уух болно. Би өөр юу хийж чадах вэ? Одоо миний энэ тэргүүний үүрэг бол аль болох хурдан эдгэрэх явдал.

Герман "Nord Stream 2”-ийг/ Оросоос Герман руу хий дамжуулах хоолой барих төсөл/ зогсоох ёстой гэж үзэж байна уу?

-Энэ бол Германы асуудал. Өөрөө шийд! ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авбал юу ч өөрчлөгдөггүй. Бидэнд тэдгээр халдагчийн эсрэг арга хэмжээ хэрэгтэй байна.


 
iSee.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх