Эерэг хандлага бус эрхэндаа хатсан хүүхдүүдийн үг

  • 0
  • 69
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Эерэг хандлага бус эрхэндаа хатсан хүүхдүүдийн үг

 

-Улстөрд гишгэхийг хүссэн бэлэнчлэх сэтгэлгээ-

Шинэ төрлийн корона вирусын халдвараас урьтаад манайхан бэлэнчлэх болон бусдаас урьтах гэсэн сэтгэлгээ нь бүр вирусын халдвараас ч хурдан тархаж байгааг сүүлийн хэдэн өдрийн үйл явцаас харж болохоор байна.

Зарим дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн дуусч, олон нийт сандарч эхэллээ. Үүнийг нь дагаад худалдаа эрхлэгчид барааныхаа үнийг ч хэдэн төгрөгөөр нэмээд, ашиг хонжоо арвин байгаа бололтой. Харамсалтай нь, хоосорсон гээд байгаа дэлгүүрүүд нь нөгөө л хоёр гүүр даваад байдаг "баячууд”-ын гэгддэг хороолол орчмынх дэлгүүрүүд байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Бусад хороолол, захын дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүн байдгаараа л байж, наймаачид нь сургаар үнээ хөөрөгдөж сууна. Сүрийг үзүүлж, хүнсээ базаалаа гээд хувьд нь ашиггүйг огтоос гадарлахгүй, харин ч бусдыг хөлдөө чирж юмны үнийг өсгөлөө. Цаашлаад сайн тодруулбал, цаана чинь Монгол Улс 158 хоногийн нөөц байна гэдгийг салбар яамнаас нь зарлаад байгааг ч бас сонсох л хэрэгтэй.

Дарин дээр давс гэгчээр үүнтэй нь зэрэгцээд улстөрд хөл тавих гэсэн мөрөөдөлтэй, эрхэндээ хатсан хэдэн залуус бас олны анхаарлыг татаад амжчихлаа.

Ардчилсан оюутны холбоо”, "Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбоо”, "Эерэг хандлага түгээгч залуус” ТББ нэгдэн шинэ коронавирустэй холбоотойгоор хэвлэлийн хурал зарлаж байгаа нь харагдсан.

Тэд Монгол Улсын Засгийн газарт таван шаардлага хүргүүлж уриалга гаргаж байгаа юм гэнэ. Эерэг хандлага түгээхийн тулд тэд "Амны хаалтын үнийн өсөлтийг зогсоох,БНХАУ-ын суралцаж байгаа оюутнуудыг яаралтай эх оронд нь авчрах, Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд багасгах эсвэл цалинтай чөлөө олгох, Алслагдсан бүсэд амьдарч буй оюутнуудын замын зардлыг нөхөн олгох” гэсэн шаардлага хүргүүлж байх юм.

Эндээс харвал өнөө цагийн залуусын эерэг хандлага юм байх. Алс хол суралцаад эх орондоо ирэхдээ зардлыг маань даагаач гэж хэлэхээс ичих байтугай бүр амны хаалтыг үнэгүй тараа гэж суугаа нь эерэг хандлага гэхээсээ илүү эрхэндээ хатсан хүүхдүүдийн хэлдэг үг гэлтэй. Тэд тийм сүрхий юм бол хэвлэлийн хурал зарлаж, танхим түрээслэж байгаа мөнгөөрөө амны хаалт хэдийг аваад асрамжийн газар аваачаад өгчих хэрэгтэй шүү дээ. Арван хуруу бүтэн л хүмүүс байна билээ. Арга ядвал өөрсдөө амны хаалт хийгээд зүү л дээ.

Бүх зүйлийг төрөөс нэхэж, түмэнд түгээхийн тулд хэвлэлийн хурал хүртэл зарлаж байгаа залуус корона вирусээс айх биш тархиныхаа вирусээс салах арга сүвэгчилсэн нь энэ цагийн хэрэгцээ болчихоод байгаа юм биш үү.

Тэд энд бэлэнчлэх сэтгэлгээ нь дийлж, төр засгаас амны хаалт хүртэл нэхэж гоншигнож байхад урд хөршид залуус айхтар вирусын эсрэг ажиллагаанд тус нэмэр болохын тулд хэдэн төгрөг ч болов нэмэрлэнэ гээд акц, хөдөлгөөн өрнүүлж, улсынхаа төлөө сэтгэлээ нэгтгэж байгааг цахим ертөнцөөс төвөггүйхэн мэдэж болохоор байгаа шүү дээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх