Сонгуулийн үеийн домог урианууд: Бид бусад намаас ч илүүг амлаж болно

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын сонгуулийн жил эхлээд хагас сарын хугацаа өнгөрч байна. Улс төрийн намууд, улстөрчид гараанаас гарах бэлтгэлээ хэдийнэ эхлүүлжээ. Сонин содон амлалтууд, санаачилгууд өрнөж байгаа нь популистууд улс төрийн тайзан дээр амь бөхтэй зогсож байгааг харуулж буй. Сонгуулийн гараа эхлэхэд тавхан сар үлджээ.

Энэ хооронд сонгогчид, олон нийт янз бүрийн болж бүтэхгүй, заримдаа агаарын гэж нэрлэмээр амлалтуудад дарагдах биз ээ. Нэг нь бурхан бүтээж өгөхийг санал болгоход нөгөө нь “буян” ч амлаж магадгүй тул бялууруулсан элдэв уриа лоозонд автан, төөрөлдөхгүй байхыг сонгогчиддоо сануулахыг зорьж байна.

Дотоод сонгуулийг улс орнуудын сонгуулийн явцтай жишин харьцуулж харуулах үүднээс Updown.mn сайт гадны сайтаас сонирхолтой өгүүлэл, мэдээллийг цувралаар орчуулан хүргэж байгаа.

Зарим уриа Монгол Улсад болж өнгөрсөн сонгуулийн үйл явцыг ч санагдуулж магадгүй. Учир нь аливаа үйл явц цоо шинээр бий болдоггүй. Тэр заавал аль нэгэн зүйлээс санаа авч сайжруулсан зүйл, эсвэл хуулбар байдгийг санаандаа авна уу. 

   Сонгуулийн үеийн домог урианууд

Авраам Линкольны гарам дээр сольдоггүй морьдын тухай яриаг түүний тухай сонсож ч байгаагүй хүмүүс хүртэл мэдэх нь бий. Тэгвэл энэ бол улс төрийн хэллэг болж, тусгай статустай болсон цорын ганц уриа биш.

 “Та тийм сайхан зүйлийг хэзээ ч харж байгаагүй”

Энэ уриаг 1959 онд Их Британийн Консерватив намын тэргүүн, Английн 65 дахь Ерөнхий сайд Харольд Макмиллан парламентын сонгуулийн өмнөхөн сонгогчидтой уулзах үеэрээ хэлсэн юм. Удалгүй «You’ve never had it so good!» хэллэг нь түүний албан ёсны лоозон болсон.

harold-mcmillan-1280x720

Макмиллан сонгуулийн өмнөх аянаараа цөмийн зэвсэггүй болохыг дэмжиж байсан бөгөөд түүний удирдлага дор улс орон нь эдийн засгийн хувьд хурдацтай өссөн юм. Эдийн засгийн амжилттай бодлого, түүнчлэн лейбористууд, ардчилагчид бүрэн унаснаар консерваторууд сонгуульд илт давуу ялалт байгуулсан билээ.

“Америкийн дахин агуу болгоно”

АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн сүүлийн сонгуулиар алдаршсан «Let’s make America great again!» хэмээх лоозонг Доналд Трампаас өмнө 1980 онд Рональд Рейган ашиглаж байсан юм. Нэр дэвшигчдийн хуучинсаг өнгө аяс цухалзсан, мөн ямар нэгэн өсөлтийг амласан энэ лоозон нь ямар ч консерваторуудын хувьд хамгийн шилдэг хувилбар нь болж байлаа.

reagan

Рейган, Трамп нарын ганц энэ уриагаар зогсохгүй “намгийг хатаах” (Drain the swamp) гэдэг Америкийн улстөрчдийн их ашигладаг хэллэгийг ч хэрэглэх дуртай. Рейган энэ лоозонгоороо Засгийн газрын хүнд сурталтай тэмцэнэ гэж байсан Трамп ч мөн ийм л байдлаар ашигласан.

“Франц улс француудынхаа төлөө”

Францын үндсэрхэг үзэлтэн Жан-Мари ле Пений 1995 оны сонгуулиар ашиглаж, Бүгд найрамдах намын Жак Ширакт ялагдаж байсан үеийн лоозон. Ле Пен нь Францын хил хязгаарыг сэргээх, цагаачлалын хатуу бодлого явуулахын төлөө үг хэлж, Евроинтеграцийг шүүмжилдэг нэгэн байлаа.

326c34971e610c746d4cf72668eea786

Түүний гол өрсөлдөгч Жак Ширак “Франц орон бүгдийн төлөө! Бас Франц чиний ч төлөө!” гэсэн уриатайгаар ялж байсан юм. Гэхдээ л ле Пений санал хураалтын дүн өндөр гарсан нь гэнэтийн зүйл болжээ. Учир нь Францад хэт барууны үзэлтнүүд, ялангуяа үндсэрхэгүүд түүхэндээ хэзээ ч ийм том амжилт үзүүлж байсангүй.

“Санал өг, эсвэл ялагд”

Борис Ельцин 1996 оны долдугаар сарын 16-нд болсон сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр энэ домогт уриаг ашиглаж байжээ. Санал асуулгаас үзэхэд сонгуулиас хагас жилийн өмнө Ерөнхийлөгчийн рейтинг 3-6%-тай байсан гэнэ.

909E9E4B-4AC0-492E-94BF-EF171C3EDA78_cx0_cy9_cw0_w1200_r1_s

Гэхдээ Ельциний улс төрийн технологиор улс төр сонирхдоггүй жирийн залуус сонгуулийн байранд ирвэл Ерөнхийлөгчийн төлөө 70 орчим хувь нь саналаа өгнө гэдгийг тооцоолоод залуу хүмүүсийг сонгуульд татахын тулд энэ уриаг ашиглажээ. Энэ уриа нь АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны 1992 оны кампанит ажлынхаа үеэр ашиглаж байсан “Сонго, эсвэл ялагд” («Choose or lose») хэмээх уриалгыг шууд хуулбарласан байжээ.

Ерөнхийдөө 1990-ээд онд Орост олон нам, нэр дэвшигчид тун өвөрмөц уриа ашигладаг байлаа. Шар айрганд дурлагсдын нам л гэхэд “Бид зүүнийх ч биш, барууных ч биш, бид жирийн” гэсэн уриа ашиглаж байлаа.

Морьдыг гарман дээр сольдоггүй

Авраам Линкольны 1864 оны сонгуулийн өмнөх алдарт хэллэг. Хэдийгээр «Don’t change horses in the middle of a stream» нь уриа биш ч улс төрийн хэллэгийн чухал зэмсэг болж чадсан юм. Феодалын Европын хямралын үеэс тогтвортой байдлыг уриалж ирсэн нь сонгуулийн өмнөх сурталчилгааны гол хэрэгсэл болж байлаа.

LincolnFDRGrid

Линкольн иргэний дайнтай жилүүдэд удирдагчаа солих нь тохиромжгүй хэрэг гэж сонгогчдодоо итгүүлж чадсан юм. Линкольны энэ үгийг Америкийн хоёр ч төрийн тэргүүн сүүлд ашигласан. Франклин Рузвельт 1936 онд энэ уриагаар хоёр дахиа сонгогдсон бол 1992 онд том Жорж Буш энэ адислагдсан үгийг сонгоод ч Клинтонд ялагдсан түүхтэй.

Энэ үгийн хувилбаруудыг Оросын “Нэгдмэл Орос” нам ч ашиглаж байсан удаатай. Жишээлбэл “Путины төлөвлөгөө – Оросын ялалт” эсвэл “Хадгалаад, үржүүлье” гэдэг урианууд Линкольны алдарт хэллэгийн хувилбарууд юм.

“Энэ бол эдийн засаг, тэнэг”

Энх тайван, тогтвортой байдал, эдийн засаг, эрүүл мэндээ сайжруулах амлалтуудыг тусгасан Билл Клинтоны 1992 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн уриа. «It’s the economy, stupid» хэллэг нь АНУ-ын улс төрийн хүрээлэлдээ төдийгүй нийтийн соёлд ч түгсэн юм.

ED-AY146_Noonan_GR_20181129152708

“Цаашид хуту ч, тутси ч байхгүй, зөвхөн руандачууд байна”

1990-ээд онд Руандад хуту үндэстнүүд Засгийн газрын олонх болмогцоо геноцид үйлдэж, хүн амын 20 орчим хувь нь амиа алдсан билээ. Иргэний дайнд авсан улсад төрийн удирдлагаар тутси үндэстний төлөөлөгчдийг хоморголон устгасан байна.

na14-FEB-Kagame-Front

Руанда улсын Ерөнхийлөгч Поль Кагаме тутси гаралтай байв. Тэрбээр Руандагийн эх оронч фронтын удирдагчаар удаан хугацаанд байсан бөгөөд энэ Руандагийн эх оронч фронт нь Руандагийн иргэний дайнд цэг тавьсан юм. Кагаме геноцидыг зогсоосны дараа сонгуульдаа өмнөх дэглэмийн гэмт хэргийг санагдуулсан, мөн цаашид ийм зүйл давтагдахгүйг тодосгосон уриа ашигласан.

Кагаме 2000 онд Руандагийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ. 10 жилийн дараа тэрбээр нэр дэвшихдээ “Амжилттай багаа хэзээ ч бүү соль” гэсэн уриа ашигласан байна.

“Тэр миний аавыг алсан, тэр миний ээжийг алсан. Би түүний төлөө саналаа өгнө”

Либери улс. Энэ уриаг Чарльз Тейлорыг дэмжигчид үг хэлэх үед нь хашхирч байлаа. Хэдийгээр Тейлор бараг өөрөө дайн өдөөж, олон хүний амь нас хохирсон ч тэрбээр иргэний дайнд бараг ялж байсан тул (сонгуулийн үеэр дайн бүрэн дуусаагүй байсан) түүнд улс орноо удирдах итгэлээ өгч болно гэсэн санаа. Ийм уриатайгаар Тейлор 1997 онд Либерийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм.

Олон улсын ажиглагчид сонгуулийг шударга болсон, либеричүүд дайн л дуусч байвал хэнд нь санал өгөхөд бэлэн байсан гэж мэдэгддэг. Тэрбээр 75 хувийн саналаар төрийн тэргүүний суудалд заларч, 2003 онд НҮБ-аас Сьерра- Леонд болсон цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгаж эхлэх хүртэл Ерөнхийлөгчөөр ажилласан. 2012 онд Чарльз Тейлорт 50 жилийн хорих ял оноосон юм. Тэрбээр Нюрнбергийн үйл явцаас хойш олон улсын шүүхээс ял сонссон анхны хүн болсон аж.

“Бид бусад намаас ч илүүг амлаж болно, яагаад гэвэл бид амлалт болгоноо зөрчинө”

Йон Гнарр тэргүүнтэй Исландын Шилдэг намын сонгуулийн уриа. Үүгээрээ тэр 2010 онд Рейкьявик хотын даргын сонгуульд ялалт байгуулсан юм. Шилдэг нам нь бассейнуудад үнэгүй алчуур, амьтны хүрээлэнд цагаан баавгай, хар тамхигүй парламент, юу ч хийхгүй байх болон бусад сонирхолтой зүйлсийг амлан гарч ирсэн юм. Хошин шогчид, дуучдаас бүрдсэн энэ нам ялсныхаа дараа нийслэлээ өрийн хямралаас аварсан гэдэг.

Гнарр болон түүний багийнхан санхүү, боловсролын системээ шинэчилж, бага, дунд бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, аялал жуулчлалаас олох орлогоо 20%-иар нэмэгдүүлсэн байна. Ийм олон давуу тал бий болгосон хэдий ч Гнарр дараагийн сонгуулийн өмнөхөн намаа тарааж, хошин шогийн жүжигчний ажилдаа эргэн оржээ.

Орчуулсан: Э.МАРТ

https://updown.mn/107135.html

Эх сурвалж: discours.io

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх