Ерөнхий сайд аа, хөрөнгөө тайлбарлаач

  • 0
  • 52
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Төрийн жолоо атгалцаж яваа өнөөгийн эрх мэдэлтнүүд улсаасаа илүү баян байгааг тэдний АТГ-т гаргаж өгдөг ХОМ-ээс нь харж бид уулга алддаг. 

Эдгээрийн нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хөрөнгө мөнгө хэрхэн яаж цугларсан, ямар эх үүсвэрээс бүрдсэн тухайг олон нийт мэдэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн АТГ-т газарт мэдүүлсэн хөрөнгө нь олны анхаарлыг татаж “30 жил томоохон бизнес эрхэлж байгаа хүний хадгаламжинд 1.7 тэрбум төгрөг тэр бүр байдаггүй гэсэн. Харин насаараа төрд ажилласан хүнд бол байна. ЕС энэ орлогынхоо эх үүсвэрийг баримтаар нотлох ёстой” хэмээх асуултыг олон нийт түүнээс асууж байна гэсэн үг. Товчхондоо Ерөнхий сайд өөрийн гэсэн бизнесгүй хэрнээ яаж энэ их мөнгийг олов, ямар эх үүсвэрээр доор дурдагдах амралтын газрыг хэдэн тэрбум төгрөгөөр босгосон бэ гэсэн асуулт ч бидэнд байна. Тухайлбал, Монгол Улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль байдаг ч эрх мэдэлтнүүд яг ЖДҮ шиг өөрсддөө тааруулан хууль гаргаж тусгай хэрэгцээт газрыг өөрийн болгожээ. Ингэж хэлэхийн учир нь “ Иргэд нь 00.7 га газраа авч чадахгүй байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдэн га-гаар нь хашаалж баячуудад зориулсан уушийн газар байгуулжээ” гэсэн мессеж өнгөрсөн онд сошиалаар тарж бид ч энэ талаарх мэдээ, мэдээллийг баримттай нь тавьж Ерөнхий сайдаас асуусан ч тэрбээр хариулт өгөөгүй.

Бид энэ талаарх мэдээллийг тухайн үед нягтлахад Ерөнхий сайд Горхи Тэрэлжийн нутаг дэвсгэрт байрлах Тусгай хамгаалалттай газар нутагт 1.5 га газар авсан нь үнэн байв. Уг нь төрд ажиллаж буй хэнбугай ч өөрт байгаа хөрөнгө мөнгөнийхөө эх үүсвэрийг хаанаас үүдэлтэйг тайлбарлах ёстой. Харин үүнийгээ нотолж, тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүйээр хөрөнгөжсөн хэмээн шалгагддаг хуультай ч У.Хүрэлсүхэд энэ хууль нь үйлчилсэнгүй.
Ямартай ч түүний хашаалсан уг газар нь хэдэн тэрбумаар үнэлэгдэх дүнзэн байшин гээд олны анхаарлыг татах зүйлс олон байв.

Тус хавийн оршин суугчдын анхаарал татсан нэг зүйл нь ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ. Иргэдийн ярьж буйгаар тус газрыг Ерөнхий сайд 2015 онд өөрийн болгож авсан гэнэ. Уг нь тэдний авсан газар 1.5 га газар боловч тэд газраа бүүр цааш нь татаад сунгачихсан. Энэ газар өмнө нь буга үржүүлгийн газар байсан. Гэтэл гэнэт л 2015 оны намрын адаг сар хавьцаа хүмүүс ирээд хашаа татаад эхэлсэн. Тэгэхэд нь л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх юм байна гэдгийг мэдсэн л дээ. Сэтгүүлчид та нар нэг зүйлийг эрэн сурвалжлаарай. Ерөнхий сайд 7 километрийн цаанаас улсын хөрөнгөөр амралтын газартаа ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ татсан гэж яригддаг. Хэрвээ энэ асуудал баттай бол энэ байж боломгүй хэрэг. Ингэж хэлж байгаагийн учир нь одоо та нарын харж байгаа энэ байшингууд У.Хүрэлсүхийг сайд болсноос хойш эрчимтэй хийгдэж эхэлсэн. Тиймээс энэ хавийн хүмүүс Ерөнхий сайдыг улсын хөрөнгөөр ӨНДӨР ХҮЧДЭЛ татчихсан гэж хардаад буй юм. Энэ зунжингаа /өнгөрсөн зунжингаа/ У.Хүрэлсүхийн хүргэн Бат-Энх гэж залуу энд ажилласан хэмээх тайлбарыг өгсөн юм.

Ингээд бид тухайн үед холбогдох хүмүүстэй уулзаж зарим нэг баримтыг сонирхоход Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус газрыг 2015 оны наймдугаар сарын 06-ны өдөр хуучнаар БОНХАЖ-ийн Тусгай хамгаалалттай удирдлагын газрын дарга Ч.Батсансараас авчээ. Тэрээр дээрх тусгай хамгаалалттай газрыг Ерөнхий сайдад олгохдоо “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн олгожээ. Ингэхдээ Налайх дүүрэгт орших Горхи Тэрэлжийн Тусгай хамгаалалттай нутаг нутгийн “Бугатын адаг” нэртэй гэх газарт 1.5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож түүнд ая тал засчээ гэж харагдаж буй юм. Учир нь хэн ч тус газарт Ерөнхий сайд шиг бярдаж хэдэн га-гаар нь авч чадахгүй учраас ийн хэлсэн хэрэг.
Дээрх газрын оршин суугчдын хэлж буйгаар хэрвээ энэ сайхан Буга үржүүлгийн газрыг Тусгай хамгаалалтаас гаргаж иргэдэд өгөх байсан юм бол яагаад орон нутгийнханд өгөөгүй юм бэ. Бид энэ байршилд газар авсан бол амралтын газар бус мал аж ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх байсан хэмээж байв.

Ямартай ч хот, дүүрэг, аймгуудын аль өнгөтэй өөдтэй гэсэн газруудыг олон, олон У.Хүрэлсүхтнүүд өөрсдийн болгосоор байгаа нь нууц биш. Эцэст нь хэлэхэд шударга ёсны төлөө амиа өгөхөөс ч айхгүй гэж сайрхан ярих дуртай Ерөнхий сайдын хөрөнгө мөнгө энэ мэтээр зузаарч иргэд нь алга дарам газраа авч чадахгүй байхад тэрээр бүр тусгай хэрэгцээнд байсан газрыг хэдэн га-гаар нь хашаалж авсан нь шударга явдал уу. Яагаад өнөөдрийг болтол энэ талаарх мэдээллийн бодит үнэнг олонд өгөхгүй байна вэ.
Тэгэхээр Шударга үнэний туйл болсон Ерөнхий сайд аа, та энэхүү тансаг зэрэглэлийн амралтын газраа ямар хөрөнгийн эх үүсвэрээр барьсан тухайгаа тайлбарлаж өгөхийг таниас хүсч байна.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх