Цэцэд дуудагдаж мэдэх УИХ-ын сонгуулийн тухай хуульд ийм заалтууд бий

  • 0
  • 53
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Өмнөх парламентын үед буюу 2015 онд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг нэгтгэж, бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар баталсан. Өөр өөр сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах гэж "махаа идсэн” СЕХ "2016 оны сонгуульд Нэгдсэн хуулийг хэрэглэхэд зарим заалт дээр будилах, асуудал зохицуулахад хүндрэл учрах зэрэг бэрхшээл гарсан” хэмээн зовлон тоочиж байж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг "өрх тусгаарлуулсан”. Удалгүй УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг салгах төсөл хууль тогтоох байгууллагад хүргүүлэхдээ "Сонгуулийн тухай хууль ийм байвал зүгээр байна” гэсэн саналаа бас дайсан. Ийнхүү сонгуулийн төв байгууллагын хүргүүлсэн саналын мөрөөр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийг 2017 оны сүүлчээр байгуулснаар УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх энэ парламентын ажил эхэлсэн юм. Ийнхүү хоёр жил гаруй яригдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон анхаарал татах заалтуудыг онцолъё. 

ОЛОН МАНДАТТАЙ ТОМСГОСОН ТОЙРОГ ХУВИЛБАРЫГ ДАХИН АШИГЛАНА

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед хамгийн ихээр сонирхол татдаг хэсэг нь тогтолцооны асуудал байдаг. 30-аад жил сонгуульдсан ч ямар тогтолцоо манайд тохирохыг өнөө хүртэл ойлгоогүй яваа монголчууд сонгууль бүрээр тогтолцоогоо сольж тоглодог билээ. Монголчууд ч гэж дээ, УИХ-д сууж буй хэдийн л хийдэг ажил.
2017 онд УИХ-ын сонгуулийн тухай хууль өөрчлөх талаар ярьж эхлэхэд "Хөрөнгө мөнгөтэй хүмүүс тухайн тойргийн хэдхэн хүний саналыг худалдаж аваад улс орны амьдралыг шийдэх эрх мэдэлд хүрч байна” гэх шүүмжлэл гардаг учраас жижиг мажоритар тогтолцооноос салж, тойрогоо томсгоё. 2008 оных шиг олон мандаттай 26 тойрог, эсвэл өмнө нь нэг биш удаа яригдаж байснаар 76 мандаттай нэг тойрог (Монгол Улсыг нэг тойрог болгоод) болгож болох юм” гэсэн саналууд хуучин гишүүдээс гарсан гэдэг. Харин УИХ-д цөөн сонгогдсон шинэ гишүүд үүнээс баахан жийрхэж, "Томсгосон тойрогт нэг намын нөхөд хоорондоо өрсөлдөхөөс аргагүй болдог сөрөг талтай” хэмээцгээсэн байна. Том тойргоос санал авах хэмжээний рейтинггүй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй тэдэнд жижиг тойргоо "ялбайтал” усалж байгаад хэдэн санал цуглуулах нь илүү амар санагдсан хэрэг биз.

Баянзүрх дүүрэг дөрвөн мандаттай нэг тойрог гэж үзвэл тус тойргийн сонгогч заавал дөрвөн нэр дэвшигчид саналаа өгөх ёстой гэсэн үг. Тэнд таны дэмждэг ганц нэр дэвшигч байгаад, бусдыг нь дэмжмээргүй байсан ч саналаа хүчин төгөлдөр болгоё гэвэл Ж.Батзандан, С.Жавхлан, өөр хэн нэгнийг хамтад нь дэмжихээс аргагүйд хүргэж, сонголтгүй сонголт тулгаж буй уг заалт шүүмжлэл дагуулж мэдэх юм.

Харин хууччууд нь "Мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг гээгдүүлдэг, савлагаа ихтэй. Санал өгсөн сонгогчдын 45-хан хувийн саналыг авсан МАН парламент дахь суудлын 85 хувийг эзэлж буй нь үүний тод жишээ. Дараагийн сонгуульд сонгогчдын хандлага АН руу багахан хэлбийхэд л АН, МАН-ын өнөөгийн байр суурь солигдох боломжтой” хэмээсээр мажоритар тогтолцоогоо хэвээр хадгалж, жижиг тойргоо томсгох хувилбар дэвшүүлсэн. Ингэхдээ улсаа 76 мандаттай нэг тойрог болгох хувилбар хуулийн төсөлд оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад том, жижиг тойрог хосолсон, 50:26 буюу 50 гишүүнийг жижиг тойргоос, 26-г нь том тойрог буюу улсын хэмжээнд нийт сонгогчоос сонгох мажоритар тогтолцооны хувилбар нэмэгдсэн. Гэвч эцэст нь дээрх хувилбарууд хоёул унаж, 1992, 2008 оны сонгуульд ашиглаж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог хуульд тусгав. Мажоритар тогтолцооны олон мандаттай, томсгосон тойрог хувилбарыг авснаар хаана, хэдэн мандаттай байхаа хуваарилах ажил одоо эхэлнэ. Хуульд зааснаар дүүрэг, аймаг бүр тойрог болох бөгөөд, тухайн тойрог хэдэн мандаттай байхыг ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдэх учиртай.
Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, 50 хувь нь мажоритар, 50 хувь нь хувь тэнцүүлсэн холимог тогтолцоо Монгол Улсад хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлтийг улстөр судлаачид гаргаад удаж буй ч том намд биш, жижгүүдэд ашигтай холимог тогтолцоог Сонгуулийн хуульд оруулах сонирхол эрх барьж байгаа намд үгүй болдог билээ.

ЦЭЦЭД ХҮРГЭЖ МЭДЭХ ЗААЛТЫГ "ЧИХЭВ”

Хоёр жил гаруй боловсруулсан төсөлд байгаагүй "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар санаачлан, байнгын хорооны эхний хэлэлцүүлгийн үеэр оруулж ирсэн нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан юм. Өнгөц харж, хальт сонсоход төрийн түшээ, өндөр албан тушаалтнуудад ёс зүйн өндөр шаардлага тавих, монголын засаг, төрийг авлигачдаас нь салгах шударга сайн заалт мэт авч үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнд зориулсан зохицуулалт гэсэн шүүмжлэл олон нийтээс гарч, Н.Энхбаяр ч өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзаж, УИХ-ын даргад гомдол гаргасан. Тэрбээр энэ үеэрээ "Энэ бол надад зориулсан заалт. Сонгуулийн хуулиар намайг дахин яллаж, нэр дэвших боломжийг минь хаах гэж байна. Насан туршид минь ингэж яллаж болохгүй шүү дээ” хэмээсэн.
Хүний эрх зөрчсөн заалтыг эргэж харах чиглэлийг УИХ-ын дарга холбогдох хүмүүст өгснөөр төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийх үеэр уг заалтыг унагасан. Гэтэл чуулганы нэгдсэн хуралдаанаар унасан заалтыг босгож, "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт хууль болон батлагдлаа. Ийнхүү чичирсээр, уначихаад байхад нь босгож ирж, 

"чихсээр” байж батлуулсан эл заалт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ҮХЦ-д "дуудах” шалтгаан болж мэдэх юм. Учир нь, ҮХЦ 2008 онд яг ийм асуудлыг хэлэлцээд "Хүний сонгогдох эрхийг насан туршид нь хязгаарлаж болохгүй” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Харин дээрх заалтыг хүний сонгогдох эрхийг насан туршид нь хязгаарлаж байна гэж Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс үзэж буй юм.

ТОГТМОЛ ХЭВЛЭГДДЭГ СОНИНД СУРТАЛЧИЛГААГАА НИЙТЛЭХИЙГ ХУУЛЬЧИЛЛАА

Сонгуулийн сурталчилгааны хугацааг өмнөх хуульд 18 хоног хэмээн заасан байсан. Үүнийг 22 хоног болгож нэмэгдүүлэв. Томсгосон тойрогт гишүүд 18 хоногт хангалттай ажиллаж чадахгүй гэж үзсэн тул ийн сурталчилгааны хугацааг уртасгаж буй юм. Мөн нэр дэвшигч үнэмлэхээ авчихаад дөрөв хоног хүлээж байж сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлдэг байсныг өөрчилж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Түүнчлэн, "Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал, мөрийн хөтөлбөрөө нийтлүүлэх” гэсэн агуулгатай заалтыг хэлэлцүүлгийн явцад нэмж, "Энэ хуулийн 40.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай заалтыг мөн оруулав.
Цахим орчинд сурталчилгаа явуулах, эсэх талаар нэлээд хэлэлцүүлэг өрнүүлж, эцэст нь "Явуулж болно. Гэхдээ сурталчилгаа явуулах хаягаа нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш гурав хоногийн дотор Харилцаа, холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ. Цахим орчинд бусдыг гүтгэх, доромжлох, хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн агуулга бүхий зохицуулалтыг хуульд тусгасан нь мөн шинэлэг зохицуулалт юм.

СОНГОХ ХҮН БАЙХГҮЙ БАЙСАН Ч МАНДАТЫН ТООГООР ДУГУЙЛАХЫГ ТУЛГАВ

"Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсвэл дутуу тооны нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн заалт хуульд орууллаа. Баянзүрх дүүрэг дөрвөн мандаттай нэг тойрог гэж үзвэл тус тойргийн сонгогч заавал дөрвөн нэр дэвшигчид саналаа өгөх ёстой гэсэн үг. Тэнд таны дэмждэг ганц нэр дэвшигч байгаад, бусдыг нь дэмжмээргүй байсан ч саналаа хүчин төгөлдөр болгоё гэвэл Ж.Батзандан, С.Жавхлан, өөр хэн нэгнийг хамтад нь дэмжихээс аргагүйд хүргэж, сонголтгүй сонголт тулгаж буй уг заалт шүүмжлэл дагуулж мэдэх юм.
Өөр нэг анхаарал татахуйц заалт нь сонгуулийн хандивын хэмжээг нэмэгдүүлсэн. Өмнө нь иргэн гурван сая, хуулийн этгээд 15 сая төгрөгийн хандив өгч болохоор хуульчилсан байсныг шинэ хуульд иргэн тав, хуулийн этгээд 20 сая төгрөгийн хандив өгөхөөр болголоо. Мөн хуульд иргэний шилжилт хөдөлгөөн буюу нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс зогсоож, санал авах өдрийн дараах ажлын өдөр сэргээхээр тусгасан. Түүнчлэн гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа сонгогчдын саналыг энэ удаад авахгүй нь.

 
Үндэсний шуудан
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх