Та хүүхдийнхээ хамгийн сайн найз нь болоорой

  • 0
  • 73
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Та хүүхдийнхээ хамгийн сайн найз нь болоорой

 

Н.Даян

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ эрсдэлтэй зүйл хийх вий хэмээн байнга санаа зовж байдаг. Тиймээс хүүхдийнхээ нийгэм сэтгэл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй ээж аавууддаа Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Б.Ганзултай хамтран бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.

 

Өсвөр насныхан гэж хэн бэ?

Өсвөр нас нь 13-18 насыг хамардаг. Зарим тохиолдолд өсвөр насыг бэлгийн бойжилттой хольж солих тохиолдол байдаг. Энэ нь бэлгийн бойжилт (8-14 нас) буюу бие физиологит гарч буй өөрчлөлтийг өсвөр насны хамгийн чухал хэсэг гэж ойлгодогтой холбоотой. Бэлгийн бойжилт гэдэг нь физиологи болон дааврын хөгжил. Гэвч үнэндээ өсвөр насны хөгжилд тархины хөгжил, нийгэм сэтгэл зүйн хөгжил, харилцаа холбоо гээд олон талын хүчин зүйл нөлөөлдөг. Тархинд явагдаж байгаа хөгжлийн үйл явц нь өсвөр насныхныг илүү эмзэг, сэтгэл хөдлөл өндөртэй, хоёрдмол болгож эцэг эхчүүдийг төөрөгдөлд оруулдаг. Түүнчлэн тэдний нийгмийн айдас насанд хүрэгчдийг бодвол илүү өндөр байдаг нь төсөөлөх чадвар, бусдаас магтаал сонсох хүсэлтэй нь холбоотой. Өсвөр насныхны өөрийн үнэлэмж нь дотоод гэхээсээ илүү гадаад сэдэлтэй. Тэдний үзэл бодол, шийдвэр гаргах чадвар нь тогтворжиж амжаагүй байдаг учраас асуудалтай нүүр тулахдаа буруу шийдвэр гаргах магадлал өндөр. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэр зэрэг өндөр болсноос үл хамааран тэд хөгжиж байгаа гэдгийг нь санаж хараа хяналт тавих ёстой.

 

ТЭДНИЙ ЯРИАГ ХҮЛЭЭЦТЭЙ СОНСОХ НЬ ЧУХАЛ

Өсвөр насныхны санаа зовдог, сэтгэл судлаачид ханддаг асуудал бол уур бухимдал байдаг. Тэдний хувьд харилцааны чадваруудыг олж эзэмшиж байгаа ч түүнийгээ хараахан бүрэн ашиглах чадваргүй байдаг. Тиймээс ихэнх өсвөр насныханд тэднийг ойлгох, хүлээцтэй сонсож, дэмжих хамгийн дотны хүмүүс буюу хүлээцтэй эцэг эх хэрэгтэй байдаг. Энэ нь эцэг эхчүүд хүлцэнгүй бай гэсэн үг биш. Мэдээж хүүхдүүддээ шаардлага тавих, хяналттай байх хэрэгтэй. Харин тэдэнтэй ярилцах үедээ хүлээцтэй сонсож чаддаг байх нь чухал. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хувьд үлгэр дууриал авдаг "баатар”-тай нь адилхан. Тэд ярихдаа дуугаа өндөрсгөх эсвэл үл тоомсорлож эхэлбэл хүүхдүүд ч мөн түүнийг нь дууриадаг.
Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн хангалуун байна гэж үздэг. Харин сэтгэл зүйд нь яг юу тохиолдож байна, амьдрах чадвар сууж байна уу, сэтгэл санаанд нь дархлаа сууж байна уу, шархалчихсан яваа юу гэдгийг анзаарч байгаа хүн алга. Сэтгэл гутралд орсон хүүхэд эцэг эхдээ дотоод сэтгэлээ нээж ярьдаггүй. Дотоод сэтгэлээ уудалдаг найзгүй байдаг. Энгийн нүдээр харахад хэвийн олон найз нөхөдтэй, нээлттэй хүүхэд шиг байв ч яг үнэндээ хэнд ч дотоод сэтгэлээ нээдэггүй хүүхэд байх нь элбэг. Бага байхаасаа ээж аавтайгаа дотно яриа үүсгэж байгаагүй бол цаашдаа ч ярихгүй. Энэ нь өсвөр наснаас нас биед хүртэл үргэлжлэх нь бий.
Тиймээс хүүхдийнхээ ярьж байгаа зүйлийг нь төвөгшөөлгүй сонсож, ярилцахад цаг гаргаж хэвших хэрэгтэй. Гэрийнхэндээ асуудлаа ярьдаггүй хүүхэд найздаа бүгдийг ярьдаг. Тиймээс найз нөхөдтэй нь ойр дотно байж тэдний ярианаас хүүхдийнхээ дотоод ертөнцийг танин мэдэж, найзуудаар нь дамжуулан хүүхэдтэйгээ ойртох боломжтой. Зарим хүүхэд эцэг эх нь өөрт нь хайргүй, өөрийг нь хэзээ ч үнэлдэггүй, би гологдсон хүүхэд гэсэн ойлголттой, түүндээ итгэчихсэн явах нь сэтгэл гутралд өртөх шалтгаан болдог. Энэ тохиолдолд сайн найзаар нь дамжуулан хүүхдийнхээ талаар эерэг бодолтой байгаагаа дамжуулах эсвэл мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.3 № 196 (6163) 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх