МАН-ын нөлөө бүхий гишүүд УИХ-ыг тараахгүй гэж тохирчээ

  • 0
  • 127
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ тарж, ээлжит бус сонгууль зарлах нь гэж бүтэн сар оволзлоо. Улс төрийн намууд ч ил далд бэлтгэлээ базааж, УИХ-ын гишүүд, нэр дэвших сонирхолтой нөхдүүд тойргоо “тойроод” эхэлсэн. МАН-ын генсек Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийг дуудаж гарын үсгийг нь зуруулсан. Гэвч тэр цаасан дээр нь 47 гишүүн зуржээ. Дахиад дөрвөн гишүүн олох гэж лав долоо хоног гүйгээд бараагүй байна.

Энэ зуурт нь МАН-ын олон фракц бүлэглэлүүдийн нөлөө бүхий  хүмүүс нь уулзалдаж, “…УИХ-ыг тараахаа больё” гэсэн шийдэлд хүрчээ.

Яг үнэндээ УИХ-ыг тараах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа албан ёсоор тавиад УИХ түүнийг нь хүлээж аваагүй юм. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гарын үсэг цуглуулсан. Арав гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Яваагүй. Гэхдээ энэ нь жинхэнээсээ гэхээсээ намын даргадаа  тавьсан “санал” төдий байсан гэдэг. Удалгүй, хэдхэн сарын дараа түүний нэр холбогдсон концессын гэрээний төлбөр хийгдээд эхэлсэн байдаг юм.

Харин энэ удаад Ерөнхий сайд эхлээд намынхаа нөлөө бүхий хүмүүсийг өрөөндөө цуглуулж санал тавьсан. УИХ-ын дарга ч дэмжсэн. Тэр хурлаас гарсан “шийдвэр”-ийг Д.Амарбаясгалан өдөр шөнөгүй гүйж байж гүйцэтгэсэн ч ийм дүн гаргасан гэх мэдээлэл бий.

Хамгийн сүүлд дээр дурдсанаар УИХ тарахгүй байх шийдэлд эрх баригч намын нөлөө бүхий хүмүүс хүрээд байна.

Яг үнэндээ УИХ одоо тарах нь МАН-ын даргад л ашигтай хувилбар болох байв. Том агуулгаараа МАН-д хэрэгтэй гэсэн үг. Учир нь ЖДҮ-гийн хэрэг нийтэд ил болохоос өмнө ээлжит бусаар сонгууль хийх нь жамаараа явах ээлжит сонгуулиас хамаагүй илүү дүн үзүүлэх судалгааны дүн гарсан байгаа юм.

Харин энэ намаас 2016 онд нэр дэвшиж сонгогдсон ялангуяа, ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гишүүдэд бол ямар ч хэрэггүй. Олонх нь өнөөдөр ч, маргааш ч, хэзээ ч сонгууль боллоо гэсэн сонгогдох эсэх нь тодорхой болчихсон хүмүүс юм. Шуудхан хэлэхэд, тэдгээр гишүүнд дахиад хагас жил УИХ-ын гишүүн сэтэртэй явах нь ашигтай байж мэднэ.

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.  Бүлгийн хуралдаанаар УИХ-ыг тараах тухай хөндөөд ч нэмэргүй. Ээлжит бус сонгууль зохион байгуулах хуулийн хугацаа ч байхгүй. Тэгэхээр МАН-ын бүлэг өнөөдрөөс 2020 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ гэсэн үг.

Мөн Ард нийтийн санал асуулгад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Хоригийг хүлээж авах магадлал бий. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээ бүр үү, түр үү, ямар ч байсан зогсоох бололтой.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх