|
Шинэ мэдээ

“Гацуурт”-ыг дэмжих үү, дахин буцаах уу

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөл энэ долоо хоног парламентаар хэлэлцэж эхэлнэ. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай төслийг Засгийн газар гурвантаа УИХ-д өргөн барилаа. Энэ удаад уг хуулийн төслийг Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг дагалдуулан өргөн барьж байгаа.

 

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх үед Ноён уулаа аврах хөдөлгөөнийхөн шинэ оны эхнээс билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг гартал өлсгөлөн зарлаж байлаа. Засгийн газар өнгөрсөн хаврын чуулганаар уг төслийг дахин өргөн барьсан боловч парламентын олонхи дэмжилгүй буцаагдсан.

 

Хуулийн төсөл парламентаар орж, засаг руу буцаагдах хугацаанд Гацууртын орд руу нинжа нар нүүдэллэж, өнгөрсөн хавраас намрыг дуустал хууль бус алт олборлолт явагдсан байдаг. Харин "Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий өмнө ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж "Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулжээ.

 

Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох "Сентерра Гоулд Монголиа” ХХК нь "Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглах бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс зохицуулах юм байна. Гацууртын алтны үндсэн ордын дээд давхрагад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлож дууссан тул ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг иж бүрэн хийж гүйцэтгэх юм.

 

Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах талаар Ажлын хэсэг хэлэлцээг хийжээ.

 

Ажлын хэсгийн зүгээс алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар төсөлд тусгажээ.

 

Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх эсвээс хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болох юм байна. Хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж, үүний  дагуу шинэчлэн тогтоож болох. Дээрх саналыг алтны үнийн төсөөлөл 1 унц нь 1100-1400 ам.долларын хооронд байхад Монголын талын мөнгөн урсгал нэрлэсэн дүнгээр 339.8-490.7 сая ам.доллар байх урьдчилсан тооцоо гаргажээ.

 

Түүнчлэн Гацууртын төсөл нь бэлэн мөнгөний урсгалаасаа өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болох хүртэл уг төсөлд шаарагдах санхүүжилтийг "Сентерра Гоулд Корпораци”-иас тухай бүрт нь шаардлагатай хэмжээгээр зээлээр олгож байхыг зөвшөөрч, зээлийн  хүүг 8.5 хувиар тооцож, албан татвар ногдуулахгүй байхаар тохирцсон байна.

 

Ажлын хэсгийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд төсөлд шаардлагатай анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая ам.доллар болгож бууруулснаар Монгол Улсад төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ нэмэгдэх гэнэ.

 

Сүүлийн үед Гацууртын ордод хууль бус алт олборлогчид болох "нинжа” нарын үйл ажиллагаа маш идэвжиж, ердийн үед 300-500 орчим иргэн 24 цагийн турш ажиллаж байна. Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хүн тус орд газарт хууль бусаар нэвтэрч, нэг иргэн шороонд дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн нь архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүү бүртгэгдсэн байдаг.

 

Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгаас 1800 орчим иргэн тус ордод хууль бусаар ашигт малтмал олборлох  ажиллагаа явуулж байгаа нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж, нүх шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдлууд удаа дараа гарчээ. Өнгөрсөн есдүгээр сараас цагдаагийн байгууллага иргэдийн болон тухайн аж ахуйн нэгжийн хамгаалалтын албадын дуудлагаар Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан 3 мянган хүнийг хуулийн хүрээнд тарааж явуулсан гэж байсан.

 

Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм байна. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болно гэж төсөлд дурджээ.

 

Харин  Сэлэнгэ, Төв аймгийн нутагт орших Ноён уулын орчмын байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өв болон нэн ховор, ховор амьтан, ургамал, археологийн онцгой ач холбогдол бүхий газар. Тиймээс "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд өргөн барьжээ.

 

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Сибирийн тайгын өмнөд хил дээр орших Хэнтий тайгын экосистем, Монгол оронд улам бүр багассаар байгаа ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, түүх соёлын үнэт дурсгалыг үеийн үед хадгалан үлдэх зорилготой  юм. Ноён уулыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах шаардлагыг хангаад байгаа аж.

 

Н.Энх

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?