|
Шинэ мэдээ

Коронавирусийг дотроо алдаагүй бид "хулгана зурамны" тахлаар гурван хүнээ алдчихлаа

 

 

Энэ зуны хугацаанд манай улсад тарваган тахлын таван ч тохиолдол бүртгэгдсэнээс гурван хүн нь амиа алдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдээд байна.

Хамгийн сүүлд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн эмчлүүлж байсан 38 настай иргэн Б нас барсан юм. Уг нь эв эрүүл сав саруул байсан эдгээр хүмүүст амиа алдахгүй байх боломж 100 хувь байсан. Одоо тус аймагт 1-р хавьтлын 25 хүнийг хяналтад авч, мэргэжлийн эмч нарын баг голомтод ажиллаж байна. Азаар эдгээр хүмүүсээс тарваган тахал илэрсэнгүй. 

Тарваган тахлын ганц л сэжигтэй тохиолдлоос болж улс даяараа Зоонозын өвчин судлалын баг бүрэлдэхүүнээрээ ажиллаж, маш олон хүнийг тусгаарлан шинжилж, улсын төсвөөс их хэмжээний зардал гардаг талаар албаныхан мөн ч их анхааруулж ярьсан. За зардал мөнгө нь яах вэ гэтэл тарваганы мах идэж болохгүй шүү, таныг үхэлд ч хүргэж болох гоц аюулт халдвараас өөрсдийгөө сэргийлээрэй гэж бүтэн зуны гурван сар бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр албаныхан сэрэмжлүүлсээр байгаа ч хэнэггүйтэл нь дэндсэн монголчууд өнөөх том хулганы махаа болгож нэг, түүхийгээр нь нэг залгисаар эцэстээ гурав нь амиа алдчихаад байна. Яг одоо энэ цаг үед хэн нэгэн хэнэггүй монгол мөн л тарвагаа зооглоод сууж байгаа нь дамжиггүй.

 Уг нь манайхан тэнгэр язгуурт, тайж гаралтай бид хоол цайны дээжийг идэж ууж амьдрах хувь заяатай ард түмэн гэж онгирох дуртай. Гэтэл хулгана, зурам, шавьж аалз иддэг хэмээн хятадуудыг сэжиглэн жигшдэг атлаа өөрсдөө томсгосон хулгана алж идээд байдаг нь юу вэ. Дэлхий даяар тархаж, айдас хүйдэс болж буй коронавирус хулгана зурам идсэн заваан хятадуудаас боллоо гэж буруутган дэвхцэцгээх бид улс дотроо коронавирус алдаагүй атлаа хулгана зурамны тахлаар гурван хүнээ алдчихаад байгаа нь аймшигтай.

-1928-2018 ОНД МАНАЙ УЛСАД 692 ХҮН ТАРВАГАН ТАХЛААР ӨВЧИЛСНӨӨС 513 НЬ НАС БАРЖЭЭ-

Дэлхийн түүхэнд тарваган тахлын 3 том дэгдэлт (пандеми) бүртгэгдсэн байдаг.

  • Анхны цар тахал "Юстинианы тархвар” нэртэйгээр (531-580 он) Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрийг хамарч, 100 сая орчим хүн эрсэдсэн байна.
  • Хоёрдугаар тохиолдол нь ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүний амь насыг хөнөөжээ. Энэхүү цар тахлыг "Хар үхэл” гэж нэрлэсэн бөгөөд, учир нь Дани улсад тахлаар нас барсан хүмүүсийн үхдэл маш хурдан харлаж, заримдаа нүүрс шиг хар болж байсантай холбоотой ажээ.
  • Гуравдугаар цар тахал 1894 онд Хонг Конгод эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк ба Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархсан бөгөөд тухайн үеийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд гамшиг нь өмнөх цар тахлаас бага байжээ.

Манай оронд 1886-1921 онд 30 гаруй удаа тарваган тахлын дэгдэлт гарч, олон хүний амь нас эрсэдсэн учраас гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх алба байгуулах зайлшгүй шаардлага, нөхцөл нь үүсч байсан юм.

Одоогоор Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог. 1928-2018 оны хооронд нийт 16 аймгийн 112 суманд 692 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 513(74.1%) нас баржээ. Харамсалтай.

http://www.zaluucom.mn/read/502b0bd3c

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?