|
Шинэ мэдээ

Д.Жавхланбаяр: Оюутнуудын голсон тусгаарлах байр шүршүүр, интернэттэй

 

 

 

Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд тусгаарлах байр, хоол ундаа голдог. Мөн тусгаарлалтад байхдаа зодолдож, амралтын газар, зочид буудлын эд хогшлыг эвдэх зөрчил их гарч байгааг УОК-ын Шуурхай штабаас удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл уржигдар Сиатл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр ирсэн иргэд тусгаарлах байрыг голж эсэргүүцсэнээс тусгайгийнхан очиж хүчээр байрлуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяраас тодрууллаа.

 
-Сиатл -Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр ирсэн залуус эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэднийг "White house”-д буулгана гэж төлбөрийг нь авчихаад  интернэт, халуун усгүй газар аваачсан гэсэн мэдээлэл өглөө?
 
-Гадаадад гацсан иргэдээ татан авчрахад хүндрэлтэй байгаа зүйл нь тусгаарлах байрны хүчин чадал юм. Тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлэхийн тулд бүхий л боломжийг эрэлхийлж байна. Үүний үндсэн дээр Цонжинболдогоос цааш зургаан километрт байрлах  "Тулгат” амралтын газрыг өнгөрсөн наймдугаар сард ажлын хэсэг сонгосон. Тус амралтын газар нь хэрэглээний усанд холбогдсон, есөн байшинтай. Халуун ус, ариун цэврийн өрөө, угаалтууртай. Шалны халаалттай. Тохилог цэвэрхэн байшин. Наймдугаар сарын 30-ны өдөр Нурсултанаас ирсэн есөн гэр бүлийн өндөр настай иргэдийг хүлээн авч "Тулгат” амралтын газарт  тусгаарлах үед хотоос хол газар хөгшид хүүхдүүдийг, хотын төвд тансаг буудалд залуучуудыг тусгаарлаж байна хэмээн  голж, байрлахаас татгалзсан. Иргэдийн тавьсан шаардлагын дагуу зөвшөөрөөд байрлачихсан хүмүүсийг үүрээр босгож дахиад өөр газар руу шилжүүлэх жишээтэй.
 
Мөн Сиатл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн залуучуудыг "Тулгат” амралтын газар хуваарилахаар шийдвэрлэсэн. Гэтэл интернэт, утасны сүлжээ муу, усанд орох боломжгүй гэсэн шалтгаан хэлж, тээвэрлэж очсон автобуснаас буухгүй эсэргүүцсэн. Хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн алба хаагч, тусгаарлах байранд ажиллаж буй эмч нарын тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байсан учраас Төв аймгийн цагдаагийн газраас эрх бүхий албан тушаалтан томилж ажиллуулсан. Ер нь тусгаарлалтын аль ч буудал иргэдийг өндөр хурдны интернэтээр хангах боломжгүй учраас тусгаарлалтад байгаа хүмүүс гар утасны дата ашиглаж байна.
 
Эдгээр залуучууд дунд яг хэд нь  оюутан бэ гэдгийг дахиж нарийн судална. Тэднийг "White house” зочид буудалд тусгаарлана гэж хуурч, "Тулгат” амралтад хуваарилсан юм байхгүй. Есдүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны яамнаас гаргасан зорчигчдын нэрийг хүлээн авч, төлөвлөсөн тусгаарлах байруудад хуваарилан урьдчилан хүргүүлсэн. Эсэргүүцэл зарласан залуусыг хүчээр "Энхсаран” сувиллын газар шилжүүлэн байршуулсан гэдэг ч худлаа. Тэдэнтэй  зөвлөлдөж зөвшөөрсний дагуу "Энхсаран” сувилалд шилжүүлсэн. Энэ үйлдлээс болж тусгаарлах байр төлөвлөсөн хуваарийн дагуу иргэдээ хүлээж авах боломжгүй бол дахиад тусгаарлах байр бэлтгэх шаардлагатай болж байна. Үнэндээ оюутнуудын эсэргүүцэл бол шалтаг биш шалтгаан шиг харагдаж байна.
 
-"Тулгат” амралтын газар интернэт, халуун ус байхгүй гэсэн үг үү?
 
-"Тулгат” амралтын газар нь гэр интернэт болон гар утсаараа интернэтэд холбогдох бүрэн боломжтой. Шалны халаалттай. Халуун устай. Шүршүүр байрнаас тусдаа учраас хуваарийн дагуу орно. Есхөн байшингийн хүн ариутгал халдваргүйтгэл хийлгээд ээлжлээд шүршүүрт орж болно. Өдөр болгон усанд орсон ч  болно. Харин ч агаарт гарах давуу талтай. Өмнө нь байсан хүмүүс сэтгэл хангалуун байсан. Нэг байранд дор хаяж 40-50 хүн бий. Бүгд гар утасны датагаа ашиглаж байгаа.
 
-Оюутнууд дээр тусгайгийнхан очиж утсыг нь хурааж авсан гэсэн?
 
-"Тулгат” амралтад ажиллаж байгаа эмчээр дамжуулан тус сувилалд шилжүүлэх талаар мэдэгдэж, иргэд зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлсэн. Мөн  Төв аймгийн цагдаагийн дарга "Тулгат” амралтын газарт очиж, иргэдэд шаардлага тавьж, тайлбар өгсөн. Цагдаагийн дарга  тэдгээр хүмүүстэй уулзвал ойрын хавьталд тооцогдон, 21 хоног тусгаарлалтад орох учраас холын зайнаас чанга яригчаараа ярьж шаардлага тавьсан. Тусгаарлах байранд зөвхөн халдвар хамгааллын хувцас өмссөн эмч, онцгойгийн ажилтан хоёр л тэдэнтэй харилцах эрхтэй.Тусгай хүчин очиж хүмүүсийн гар утсыг хураасан явдал байхгүй. 
 
-Ер нь тусгаарлах байрыг хэрхэн сонгодог, нөхцөл байдал ямар байгаа вэ?
 
-Нийт 63 тусгаарлах байр ажиллаж байна. УОК-ын Шуурхай штабаас Эрүүл мэндийн яам, онцгой, цагдаа зэрэг бүх төрлийн мэргэжлийн байгууллагуудаас очиж тусгаарлах байрны нөхцөл байдалтай танилцаж, ДЭМБ болон ЭМЯ-наас тавьсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг үзээд сонгодог. Ямар нэгэн албан тушаалтны буудлыг ашиг орлоготой болгож байгаа асуудал огт байхгүй гэдгийг хэлмээр байна.
Гадаадаас олон иргэнээ татан авч буй энэ нөхцөлд иргэд байрлах буудлаа сонгох боломжгүй. Учир нь эхний ээлжийн хүмүүсийг 21 хоног тусгаарлалтад авч гаргаад, дараагийн хүмүүсийг оруулах зэргээр цаг үед нь зохицуулалт хийгээд ажиллаж байна. Гэтэл иргэдээс энэ тусгаарлах байранд орохгүй, урьдын хүмүүс ингэж ярьж байсан, тийм байсан зэрэг асуудлууд үүсгэдэг. Энэ нь төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулж байна.
 
-Зарим тусгаарлах байр гэрээгээ цуцалж байна гэсэн. Одоогоор хэдэн тусгаарлах байр иргэдийг хүлээж авахаас татгалзаад байна вэ?
 
-Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах үүднээс 14-20 хоногоор, мөн тодорхойгүй хугацаагаар тусгаарлалтын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан зочид буудлууд бий. Мөн зочид буудлын ажилчид хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх учраас тусгаарлалтад 21 хоног  орж чадахгүй гээд үйл ажиллагаагаа зогсоож байгаа газрууд ч байгаа.
 
-Тусгаарлагдсан иргэд өдрийн хоолны цагаар хаалган дээрээ гарч, гадаадаас иргэдээ хурдан татах ажлыг эрчимжүүлэх шаардлага тавьж, эсэргүүцлийн суулт хийхээ мэдэгдсэн. Энэ тохиолдолд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх үү?
 
- "Амар” зочид буудалд ажиллаж байгаа менежер болон ажилчдаас нь мэдээлэл авсан. Гадаадад гацсан иргэдээ татаж авах ажиллагааг эрчимжүүлэх талаар шаардлага тавих гэж байгаа бол 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаад, үгээ илэрхийлэх бүрэн эрхтэй. Харин өрөөнийхөө үүдэнд суулт зарлана гэдэг нь халдвар хамгааллын журам зөрчиж байгаа хэлбэр. Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн тохиолдолд тусгаарлалтаас гарсных нь дараа Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?