|
Шинэ мэдээ

Хулгайн самарчид цар тахлыг “өрдөх” вий

 

 


Хянамгай, сэрэмжтэй байхгүй бол коронавирус, тарваган тахлын араас дахин нэг аюул "босож ирж” болзошгүйг байгаль орчны салбарынхан анхааруулах боллоо. Энэ бол хуш модны самраас үүдэлтэй аюул. Иргэд болц нь гүйцээгүй самар хулгайгаар түүж бэлтгэх, тээвэрлэх, нөөцлөх, худалдах зөрчил жил жилийн намар гарч, байгаль хамгаалагч, хяналтын байгууллагынханд ажил уддаг. Харин өнөө жил хулгайн самарчидтай хатуу "үзэлцэхгүй” бол "Ковид-19”-тэй хүч хавсран, гал дээр тос нэмж, монголчуудыг сандаргах эрсдэлтэй тул учир мэдэх хүмүүс ийн болгоомжлуулж буй хэрэг.

Байгаль, цаг уурын онцлог, ургамлын үрлэх давтамж, зүй тогтол зэргээс үүдэлтэйгээр хуш мод зарим жил үр жимсээ харамгүй өгдөг. Энэ хуулиар 2020 он самар элбэг ургах төлөв ажиглагдсаныг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Үүнийг дагаад хулгайн самарчид ч ажилдаа хэдийн гарч, захаасаа асуудал тарьж эхэлжээ. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг, Санзайн зуслангийн ойд хулгайгаар самар түүж байсан иргэн модноос унаж нас барсан хэрэг гарсан байна. Тэрбээр мөчрийг нь сэгсэрч, боргоцой унагаах зорилгоор модны оройд гараад, ийн хохирсон гэнэ. Үүнээс улбаалаад тухайн бүсийг хариуцсан байгаль хамгаалагч тэр хавийн айлуудад сэрэмжлүүлэг, мэдээ түгээсэн талаар оршин суугчид нь хэлээд "Иргэд боргоцойг шуудай, шуудайгаар нь түүж байна” хэмээн "ховлов”. Санзайн зуслан орчмыг хариуцсан байгаль хамгаалагч Ч.Батболд "Манай энэ хавь бусад газартай харьцуулахад самар багатай. Гэхдээ ийм зөрчил байнга гардаг” гэсэн юм.

Нийслэлийн ойн сангийн 17 хувийг хуш мод эзэлдэг. Өөрөөр хэлбэл, 20 хүрэхгүй хувьд нь самар ургадаг гэсэн үг. Тэдгээр бүсийг хариуцдаг байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй холбогдоход аль аль нь ажил ихтэй байгаагаа учирлав. Дээндийн амыг хариуцдаг А.Ганболд "Түүхий самар түүж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирж эхэлсэн. Наймдугаар сарын сүүлчээр бүр ихсэх байх” хэмээсэн бол Ц.Цогцбаатар "Ийм зөрчил өнгөрсөн долоо хоногт хоёр бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгаад, самар түүхээр завдсан иргэдэд анхааруулга өгсөн. Хяналт, шалгалт тогтмол хийж байна” гэлээ.

Болц гүйцэх хугацаанаас хамаараад самар түүж, бэлтгэх хугацааг шинэчлэн тогтоох, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, орон нутгийн мэдээлэлд үндэслэн нөөц тодорхойлох, иргэд, аж ахуйн нэгжүүд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хаанаас, хэдий хэр хэмжээний хушны жимс түүх боломжтойг БОАЖ-ын сайдын тушаалаар шийддэг. Хамгийн сүүлд БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат өнгөрсөн оны наймдугаар сард 463 дугаар тушаал гаргаж, самар түүж, бэлтгэх хугацааг 15 хоногоор наашлуулж, есдүгээр сарын 1 болгосон. Өдгөө хүчин төгөлдөр буй эл тогтоол ёсоор бол иргэд ирэх сарын 1-нээс өмнө самар түүж, бэлтгэх хориотой. Энэ хугацааг шинэчлэх, эсэх асуудлыг БОАЖ-ын шинэ сайд болон ойн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хэлэлцэж, судалж буйг тус яамны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн дуулгалаа.

Нөөцийн хэмжээ болон ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүлгэх бүсчлэлийн талаар яамныхнаас тодруулахад "Самар түүж, бэлтгэхтэй холбоотой тушаалыг сайд энэ сарын 20-ноос өмнө гаргахаар ажиллаж байна. Нэгдсэн дүн, мэдээлэл хараахан гараагүй. Судалгаа шинжилгээ ид үргэлжилж буй” гэв. Уг нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор БОАЖЯ энэ жил арай өөр чиг шугамаар ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, эрсдэлээс сэргийлсэн ч, байгалиа бодсон ч тушаал, шийдвэрээ эртхэн гаргаж, "Төдөн аймаг, сумын нутгаас төчнөөн тонн самар бэлтгүүлнэ” гэж мэдээлээд өнгөрөх бус, дагалт баялаг ихтэй ойн бүсэд "овоо хараагаа тааруулах”, хяналт, шалгалтаа сайжруулах замаар ийм зөрчилтэй тэмцэх нь чухал юм.

Саяхан нэгэн иргэн боргоцойгоо дааж ядсан хуш модны зураг фэйсбүүкт оруулаад, "Энэ жил самар сайн гарчээ” хэмээн бичжээ. Эл мэдээллийн доор олон хүн тухайн газрын байршлыг сураглажээ. Төдий тооны хүн "Газрыг нь битгий зааж өгөөрэй” гэж гуйсан байв. Байгаль хамгаалагчид ч тухайн бүсэд нь самрын гарц хэр байгааг хэлэх "дургүй” нь ажиглагдав. Иймэрхүү мэдээлэл хууль бусаар самар түүгчдийг өдөөх, энэ төрлийн зөрчлийг гааруулах, цаашлаад халдварт өвчин дэгдээж, цар тахалд хүч нэмэх эрсдэлтэй учир иргэд ийн сэрэмжилж байгаа аж.

Болц нь гүйцээгүй самар давирхай ихтэй байдаг учир нян, вирус, бохирдол "хуримтлуулахдаа” гарамгай. Мөн шимэгч хорхой олноор агуулагддаг учир түүхий самрыг идэх нь байтугай, хүрэхэд ч эрсдэлтэй. Болсон самар ч тийм дурлахаар "эд” биш. Манайхан ийм бүтээгдэхүүнийг ихэвчлэн гудамжинд ил, задгай худалддаг учраас тоос, шорооноос эхлээд, нус, шүлс зэргээр "хачирлагдах” эрсдэл өндөр. Ахуйн болон хувийн ариун цэврээ сайн сахиж, олноороо цуглахгүй байхыг анхааруулж, дор бүрнээ хичээж буй энэ үед самрын худалдаа эрхлэх нь дэндүү аюултай гэдгийг нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав хэллээ. Тиймээс ойн дагалт баялгийг түүж, бэлтгэх үйл явцад энэ намар онцгой хяналт тавих ёстойг онцолсон.

Хууль ёсны дагуу самар түүж, бэлтгүүлэх чиглэл, шийдвэрийг хариуцсан яамнаас гаргаагүй ч нийслэлийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж, ийм зөрчилтэй тэмцэж байгаа аж. Хушин ой бүхий аймаг, сумдынхан ч энэ чиглэлээр арга хэмжээ авч буй гэнэ. Тухайлбал, Архангай аймагт байгаль орчны хяналтын болон ойн байцаагч нарыг эргүүлд гаргаж буй бол Сэлэнгэд мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлэг мэдээ түгээж, хууль бусаар самар түүж, бэлтгэхтэй тэмцэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?