|
Шинэ мэдээ

"Оюутнууд цахим сургалтыг шүүмжлэх бус өөрсдийнхөө төлөө багахан хичээх хэрэгтэй"

 

"Оюутнууд цахим сургалтыг шүүмжлэх бус өөрсдийнхөө төлөө багахан хичээх хэрэгтэй"

 


Дэлхий нийтийг цочроосон Covid-19 өвчний тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж, хоногт 2000 хүн нас барж байна. Энэ үед хүн бүхэн цахим орчныг ашиглаж,  алсын зайн үйлчилгээнүүдийг илүүд үзэх болсон. Боловсролын салбар ч үүнд онцгой анхаарч, эртнээс цахим сургалтыг зохион байгуулж эхлээд байгаа юм. Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын 28-наас их, дээд болон ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд их, дээд сургуулиудын цахим сургалт хэр үр дүнтэй байгаа талаар оюутнуудаас хэдэн  хоногийн өмнө манай сайт тодруулсан билээ.

Өөрсдийн санал бодлыг хэлсэн МУИС, ШУТИС, Дотоод хэргийн их сургууль, "Отгонтэнгэр”-ийн оюутнуудын дийлэнх нь цахим сургалтад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Оюутнуудын саналыг харгалзан зарим сургуулийн албаны хүмүүстэй уулзаж,  цахим сургалт, оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тодруулга авлаа.

Д. ГЭРЭЛТ-ОД: Оюутнуудад тулгамдаж буй асуудал, шүүмжийг  нээлттэй хүлээн авч,  ажил хэрэг болгомоор байна

ШУТИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга доктор, дэд профессор 

-ШУТИС цахим сургалтаа хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Манай сургууль цахим сургалтыг зөвхөн энэ жил хийж байгаа юм биш. Монгол Улсад цахимтай холбоотой бүх хөтөлбөр гарч ирснээс хойш ШУТИС тэргүүлэх байр суурьтай ажилласан. Цахим сургалтаар хичээлээ хэрхэн явуулах талаар 2000 оноос эхлээд сургалт явуулсан байдаг. Эхлээд ахисан түвшний магистерийн хичээлүүдийг 2007 оноос тусгай төсөл хөтөлбөр боловсруулж,  маш олон хичээлүүдийг зайн хэлбэрт оруулсан. ШУТИС-ийн хувьд зайн сургалтыг 2000-аад оноос өнөөдрийг хүртэл явуулж  ирсэн туршлагатай.

Тэр туршлагадаа үндэслээд бид дэлхий нийтэд тохиолдож байгаа цар тахлын үед хурдан хугацаанд  цахим сургалтын бүх программ хангамж, техник технологиудыг  багш, оюутанд бэлтгэж, нэгдүгээр  сарын 30-нд "цахим сургалт” гэсэн хуудсыг нээсэн. Үүнтэй холбоотой оюутнууд хичээлдээ хэрхэн оролцох, багш хичээлээ хэрхэн заах заавар зөвлөгөөг вэб сайтдаа байнга байршуулдаг. Захирлын, салбар тэнхимийн эрхлэгчдийн, дэд захирлуудын хурлуудыг хийх болгондоо ирц, явцын түвшинг дүгнэж,  тогтворжуулах талаар үе шаттайгаар ярилцлага, зөвлөгөө хийдэг. Манай сургуульд 10 мянга гаруй оюутан идэвхтэй суралцдаг. Салбар сургуулиудаас долоо хоног бүр цахим хичээлд хэчнээн оюутан хамрагдахгүй байгаа талаар статистик гаргаж, хуралд тайлагнадаг.

Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа малчин өрхийн хүүхэд, огт харилцаа холбоо байдаггүй оюутнуудад зориулж ямар хөтөлбөр явуулах вэ гэдгийг хурал болгоноор ярилцаж, шийдлийг нь олохоор ажиллаж байна. Мөн  багш нарын судалгаанаас харахад,  Улаанбаатарт амьдардаг, гар утас, компьютертой, хичээлд оролцох боломжтой мөртлөө цахим хичээлээ тоодоггүй оюутнууд ч байна.  

-Оюутнууд мэргэжлийн сурах бичиг хангалтгүйгээс болж даалгавраа хийж чадахгүй байгаа гэсэн.  Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-ШУТИС дижитал номын сан гэдэг хөтөлбөрийг мөн л 2000 оноос хөгжүүлсэн. Одоогоор үндсэн мэргэжлийн ном, сурах бичгүүдийг бүгдийг нь дижитал хэлбэрт оруулсан. Хэвлэсэн номнуудаа "E” хэлбэрээр зайнаас уншихаар оруулсан байдаг. 2017 оноос хойш үндсэн сурах бичгүүдийг сайжруулж хэвлээд, цахим болгосон. Тиймээс  үндсэн сурах бичгүүд дижитал номын санд хангалттай байгаа. Багш тэр номыг ашиглах болбол өөрийнхөө вэб сайтаар нэвтэрч,  оюутнууддаа түгээнэ. Оюутан бүрэн эхээр нь уншихыг хүсвэл өөрийнхөө вэб сайтаар нэвтэрч  үзэх боломжтой байгаа. Зөвхөн үндсэн сурах бичгээс гадна, нэмэлт материалууд, гарын авлага зэргийг боломжит хэлбэрээр нь цахимжуулсан байдаг. Мөн магистер, докторын диссертацийг хүртэл цахим номын санд оруулдаг. Оюутнуудыг дижитал номоо хэрхэн үзэх талаар зааврыг вебсайтад ч  байрлуулсан байдаг.

-Танай сургуулийн инженерийн гуравдугаар курсийн оюутан мэргэжлийн сурах бичиг ашиглаж чадахгүй байгаагаа хэлсэн. Энэ оюутанд хэрэгтэй бүх ном дижитал системд байгаа юу?

-Танайд ярилцлага өгсөн оюутан  инженерийн аль ангид сурдаг гэдэг нь тодорхойгүй юм байна. Инженерийн олон анги байдаг. Бүх л төрлийн инженерүүд байгаа.

-Тэгвэл инженер мэргэжлээр сурдаг оюутнуудад хэрэгтэй  бүх ном цахим номын санд байгаа юу?

-Инженерийн суурь хичээлүүд болох математик, физик, эдийн засаг, менежменттэй холбоотой бүх ном цахим номын санд шинэчлэгдээд орсон байгаа. Түүнээс гадна,  эрчим хүчний ангийн оюутан байлаа гэж бодоход, эрчим хүч, дулаан, цахилгаан, цахилгааны техник, дулаан техникийн номууд бүгд орсон.  Уул уурхай, барилгын инженер гэвэл үндэс хичээлийн суурь сурах бичиг мөн л орсон.  Харин энэ оюутны яриаг харахад,  өөрөө тэр заавар зөвлөмжийг үзээгүй байх магадлалтай. Багш руугаа чат бичээд,  хэрэгтэй номоо хаанаас, яаж олох заавар зөвлөмжөө аваагүй байх магадлал ч байна. Энэ асуудлыг мөн бодож үзмээр юм байна шүү.

-Зарим багш  фэйсбүүкт хэдхэн минутын лайв хийдэг.  Өөр тайлбар хийдэггүй мөртлөө явцын шалгалт авна гэсэн шаардлага тавьдаг гэсэн,  энэ үнэн үү?

-Цахим сургалтын хугацаанд явцын шалгалт авах, бие даалтын ажлуудыг танхимд байхад нь дүгнэдэг хугацаанууд календарьчилсан хугацаатай таарч байгаа. Манай сургууль үүнийг захирлын зөвлөлийн хурлаар ярилцаж, оюутнууд, багш нарын санал хүсэлтийг авч байгаад, хорио цээрийн хугацаа дуусаж,  танхимд орсон үед нь буюу яг нүүр тулсан үедээ л шалгалт, бие даалт болон бусад бүх даалгавруудыг ав гэдэг чиглэлийг хоёрдугаар сарын эхэнд өгсөн. Хэрвээ цахим сургалт үргэлжилсээр байвал ямар улирлын шалгалтыг хэрхэн авах талаар хувилбар гарган ажиллаж байгаа. 

ШУТИС-ийн оюутнуудын явцын шалгалтыг цахимаар авч,  дүнг нь тавихаас татгалзсан байгаа. Энэ оюутны хувьд багш нь  хичээлийг нь шахаж хийлгэх зорилгоор ингэж хэлсэн байж магадгүй. Хичээлийг нь  уншуулахын тулд зарим багш нар  шалгалт авна гэж сануулдаг шүү дээ. Үнэхээр богинохон "лайв” хийгээд,  лекцийн материал хангалтгүй байгаа бол яг ямар хичээл вэ. Хэн гэдэг багш вэ гэдгийг бодитой хэлвэл бид багшид зөвлөгөө өгч болно. Бид инженерийн үндсэн хичээлүүдийг багш нараар студид гэрэлт самбар ашиглуулж, 90 минутын лекцийн гол агуулгыг тайлбарлуулж, бичүүлж,  салбар тэнхимийн заах арга зүйн зөвлөлд хянуулаад, оюутанд хүргэж байгаа. 

-Цахим сургалтын орчинд оюутнууд ямар асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна вэ?

-Оюутнууд өөрсдөө хичээж, хичээл зааж байгаа багш нартайгаа харилцах албан ёсны постыг ашиглаж нээлттэй, чөлөөтэй байвал цахим сургалт бие дааж суралцахад нэг шинэ шат болно. Ярилцлага өгсөн оюутны хэлснээр оюутнууд бэлтгэлгүй байсан нь үнэн. Ялангуяа нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд. Хоёроос дээш курсынхны хувьд өөрсдөө яаж бие дааж хичээлээ үзвэл багшийн өгсөн мэдлэгийг өөрийн болгох вэ гэдэг арга барилд зохих хэмжээгээр суралцчихсан байдаг. Оюутнууд цахим сургалтаар дамжуулаад зөвхөн ШУТИС-д бие даан суралцах биш бусад орны их, дээд сургуульд суралцах эхний бэлтгэл шат байхыг ч үгүйсгэхгүй. 

Идэвхтэй байж, бусдаас асууж, багш нартайгаа холбогдож,  оюутны холбоо, зөвлөлүүдийн группээс хэрэгтэй мэдээллээ шүүрдэж  өөрсдийнхөө төлөө багахан хичээх хэрэгтэй шүү, оюутнууд аа.  Зөвхөн ном олдохгүй гэж хандаж болохгүй. Өөр олон нээлттэй сургалтын нөөц материал байгаа. Монгол хэлнээс гадна, Англи, Орос, Япон, Солонгос хэл дээр ч гэсэн материал олдоно шүү дээ.  Оюутнууд өөрсдөдөө тулгамдаж байгаа бодит асуудал,  шүүмж  байвал бид тэр  бүгдийг хүлээж авмаар байна. Оюутнуудаа нээлттэй сонсож, ажил хэрэг болгомоор байна. Түүнээс зөвхөн ШУТИС зайн сургалтыг хүчээр явуулаагүй шүү дээ. Үүнийг оюутнууд, эцэг, эхчүүд ойлгоосой гэж хүсэж байна. Энэ бол дэлхий нийтийн асуудал.

М.ИТГЭЛ: Оюутнуудын нөхцөл байдлыг харгалзан зохих шийдвэрүүдийг мөрдөн ажиллаж байна

МУИС-ийн Элсэлт,  бүртгэлийн хэлтсийн дарга,  доктор М.Итгэл 

-МУИС цахим сургалтаа хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Манайх хаврын улирлын хичээлийг хоёрдугаар сарын 3-наас эхэлж явуулсан. Онцгой байдалтай холбоотойгоор цахим сургалтын хэлбэрээр бүх сургалтаа явуулж байна. Энэ хугацаанд хэд хэдэн удаа тухайн нөхцөл байдалд тохирсон шийдвэрүүдийг гаргаж байсан. МУИС-ийн захиргаа болон Элсэлт,  бүртгэлийн хэлтсээс удирдамж, захирлын тушаал зэргийг гаргаж байгаа. Цахим сургалттай холбоотой олон янзын эерэг болон сөрөг асуудлууд яригдаж байна. Тухайлбал,  цахим сургалтын үйл ажиллагааны талаар багш, оюутнуудаас санал асуулга авсан. Судалгаанд үндэслэн үр дүнг боловсруулан. Мөн МУИС-ийн номын сан дөрөвдүгээр сарын 30 хүртэл ажиллах удирдамжаа гаргачихсан. 

Оюутнууд үүнийг огт мэдэхгүйгээр,  ганц нэг хүн онцгой байдалтайгаар мэдэгдэл хийж байгаад маш их харамсаж байна. Тухайлбал, манай сургуульд 23 мянган оюутан, суралцагч суралцаж, 1000 орчим багш ажилладаг. Энэ хүмүүсийн сургалтын үр дүнг хэдхэн  хүн өөрсдийн  зоргоор дүгнэнэ гэдэг тун харамсалтай хэрэг. Өнөөдөр элсэлт бүртгэлийн хэлтсээс удирдамж гаргалаа.  Бакалаврын судалгааны ажлын  урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтуудын хугацааг 1 болон 2 долоо хоногоор сунгасан байгаа. Мөн бакалаврын судалгааны ажил хийж  чадахгүй оюутныг өөрийнх болон тэнхимийн хүсэлтийг үндэслээд,  төлбөрийн алдангагүйгээр хичээлийг нь  намрын улирал руу шилжүүлэх боломжийг олгосон. Дөрөвдүгээр сарын 5 хүртэл ойролцоо агуулгатай хичээлээ сонгох боломжийг ч олгоод байна. 

Магистерын ажил хийх боломжгүй бол хугацааг сунгаж, намрын улиралд шилжүүлэх боломжийг мөн  нээсэн.  МУИС зөвхөн лекц, семинарын хичээлийг онлайнаар явуулж байна. Дунджаар 4000-4500 орчим хичээл 7 хоногт орж байгаа. Лабораторийн ажил тавдугаар сарын 1-ээс эхэлнэ. Үүнээс өмнө лабораторийн видео хичээлүүдийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор суралцагчиддаа илгээж, лабораторын лекцийг тавдугаар сард багтаан цахим сургалтаар дуусгахаар төлөвлөж байна. Мөн лекц, семинарын материалыг цахим сургалтын туршид тавигдаж байгаа платформ болон "Сиси" мэдээллийн системд нээлттэй байршуулахаар болсон. Гэрийн даалгаврыг 7 хоногийн хугацаатай  өгдөг.

Оюутнуудаас  даалгаврын хугацааг богинохон байна. Энэ хугацааг 2 долоо хоног болгож өгөх хүсэлтүүд ирсэн. Үүнтэй холбогдуулаад өмнөх даалгаврыг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө нөхөж олгох боломжоор хангах, одоогийн даалгаврыг 2 долоо хоногоос багагүй хугацаатай болгох гэсэн шийдлийг гаргасан.  Цахим орчины хүртээмж, сүлжээний хүчин чадлын улмаас хичээлээ судлах боломж хязгаарлагдмал байгаа сумын харьяалалтай оюутны хувьд хичээлээ шимтгэлгүйгээр цуцлах боломжтой. Оюутны хүсэлтүүдийг үндэслэн эдгээр шийдвэрийн дагуу ажиллаж байна.

-Оюутнууд мэргэжлийн ном ашиглалтаас үүдэлтэйгээр даалгавраа хийж чадахгүй байгаа тал байх шиг байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Номын сангийн шинэ удирдамж  гуравдугаар сарын 24-нд дахин шинээр гарсан. Шинэ журамд ном яаж авах, цахимаар яаж үйлчлүүлэх, цахим сан, ахисан түвний судалгаа, гэрээр ном хэрхэн олгох талаар тусгасан байгаа. Мэдээлэл авахаар бол номын сангийн нэг цэгийн үйлчилгээний утас болон мессенжерээр 09:00-16:00 цагийн хооронд хандах боломжтой. Оюутнууд энэ боломжоо ашиглах хэрэгтэй.  Телевизээр ярихаасаа өмнө эдгээр боломжуудыг судалж,  бүрэн мэдээлэл авах талаар анхаараач гэж хэлмээр байна.

-Зарим оюутнуудад багш нарын илгээдэг лекц агуулгын хувьд хангалтгүй санагддаг гэсэн. Сургуулийн зүгээс үүнд яаж анхаарч байна вэ?

-Хоёрдугаар сарын 28-наас эхлээд 7 хоногийн хугацаатай цахим санал асуулгыг багш, оюутнуудын дунд зохион байгуулсан. Энэ санал асуулгад 318 багш,  7837 оюутан хамрагдсан. Энэ судалгаанаас дурдахад,  ямар платформ ашиглаж  тухайн хичээлийг зохион байгуулж байна вэ гэсэн асуултад 70 орчим хувь нь "Сиси" мэдээллийн систем, 15 хувь нь "Microsoft thems”  системийн ашиглаж байна.  Үүнээс гадна,  багш нар өөрсдийн хичээлийн онцлогоос хамаарч цахим сургалтуудаа явуулж байгаа.  Багш нар өөрийн гэсэн вэб сайттай байдаг. Тэр сайтаараа дамжуулж оюутнуудтай харилцдаг.  Мэргэжлийн платформууд байна. Жишээлбэл, хуулийн сургууль” Zoom” гэдэг платформ ашиглаж байхад, эдийн засгийн тэнхим "Economics.mn”  гэдэг сайтад хичээлүүдээ байрлуулах жишээтэй. Эдгээрийг тухайн  хичээлийн онцлогоос хамаараад зохион байгуулж байна.

Дараа нь "Хичээлийн материалыг ямар хэлбэрээр хүргэж байна вэ" гэдэг асуултад багш, оюутнуудын 45 орчим хувь нь аудио тайлбартайгаа ирж байгаа гэж үзсэн байна. Бид эндээс бүх хичээлийн 50 орчим хувь аудио хэлбэрээр оюутнуудад хүрч байгаа гэж үзэж байна. "Хичээлийн материалын чанар ямар байна вэ"  гэдэг санал асуулгад 83 хувь нь эерэг хандлагатай байна. 7 хувь нь маш хангалтгүй гэж үзсэн байсан. Даалгавартай холбоотой асуултад оюутнуудын 70 хувь нь боломжийн, 30 хувь даалгаврын материал их,  хийхэд хүнд байна гэж хариулсан. Хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд датанд их мөнгө зарцуулж байна гэдэг саналыг хэлсэн байсан. Бид эдгээрийг үндэслээд,  багш нарт даалгаврын хугацааны  асуудлыг  дахин эргэж харахыг санал болгосон. Энэ бол багшийн академик эрх чөлөө учраас бид шууд оролцох боломжгүй. Харин” Жимобайл”-ын датагаар "Сиси" мэдээллийн системээр үнэ төлбөргүй орох боломжтой болсон.  Харин даалгавраа хэдэн хувь нь гүйцэтгэж байна вэ гэвэл 60 орчим хувь нь даалгавраа илгээж байгаа гэдэг судалгаа багш нараас ирсэн байна.

-Цахим сургалтын орчинд оюутнууд ямар асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна вэ?

-Covid-19 өвчинтэй холбоотойгоор ” ЮНЕСКО”  судалгаа гаргасан байсан. Дэлхийн хэмжээнд 890 сая хүүхэд болон оюутнууд хичээлээ хийж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна билээ.  Олон улсын хэмжээнд  цахим сургалтаар хичээллэж байгаа их,  дээд сургуулиуд олон байна. Эдгээр сургуулиудад олон хүндрэл гарч байгааг ч  мэдэгдэж байсан. Тэгэхээр МУИС-ийн хувьд сургалт хэвийн үргэлжилж байна. Багш нар оюутанд өгөх ёстой мэдлэг чадварын зорилтдоо хүрсэн мэдээллийг цахимаар олгож байгаа.  Харин оюутнууд буцаагаад гэрийн даалгавраа хийхгүй, ойлгохгүй гэх мэт шалтгаан тоочсон зүйлүүд тодорхой хэмжээнд байхыг үгүйсгэхгүй. Эдгээрийг даван туулж гарах нь асуудлыг шийдвэрлэх бас нэг арга юм гэдгийг оюутнууддаа дамжуулж  байна.

Т.Эрдэнэчимэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?